Компани

Цар тахал Оюутолгойн ханган нийлүүлэгчдэд бага нөлөөлжээ

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны баг “Ковид-19 цар тахлын үед Оюутолгойн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө” сэдэвт судалгааны тайлангийн талаар өнөөдөр танилцууллаа. 

“Монгол Улсын Засгийн газрын нийгэм рүү чиглэсэн хөтөлбөрүүдийг тогтвортой санхүүжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлэхэд “Оюу толгой” шиг том татвар төлөгчдийн үзүүлэх нөлөө харьцангуй их байна.” гэж судалгааны баг үзэж байна.

Судлаачдын танилцуулгад дурдагдсан зарим сонирхолтой баримтуудыг дурдахад “Урт хугацаанд “Оюу Толгой” ХХК-ийн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дунджаар 0.81 хувиар нэмэгдэж байна” хэмээн судлаач Б.Энх-Амгалан танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын экспорт нь Оюутолгойн экспортоос өндөр хамааралтай байгааг судалгаа харуулав. Тухайлбал, 2016 оноос хойшхи экспортын мэдээллээс үзэхэд Оюутолгойн экспорт нэг нэгж хувиар өөрчлөгдөхөд, Монгол Улсын экспорт дунджаар 0.47 нэгж хувиар өөрчлөгдсөн байна. 

Эдгээр хамаарлын улмаас Оюутолгойн экспорт нь “Ковид-19” цар тахлын үед буурсан нь төлбөр хураамжийн хэмжээ бага байх, цаашлаад төсвийн орлого буурахад хүргэсэн гэсэн дүгнэлт гарсан байна. 

2020 онд ОТ нь 770 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилласан. “Ковид-19” цар тахлын үед “Оюу толгой” компани ба ханган нийлүүлэгчдийн хамтын үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөллийг илрүүлэх онлайн түүвэр судалгаанд 154 байгууллага оролцсон аж. Судалгаанд оролцогчдын “81 хувь нь ямар нэгэн сөрөг байдал үүсээгүй” хэмээн хариулсан байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн дунд явуулсан түүвэр судалгаатай харьцуулахад бараг хоёр дахин өндөр байгаа юм. 

Түүнчлэн ханган нийлүүлэгчидтай байгуулсан нийт гэрээний 84.4 хувьд нь цар тахлын үед өөрчлөлт ороогүй хэмээн хариулсан бол 5.2 хувь нь хугацааны хувьд өөрчлөлт орсон, 2.6 хувь нь гэрээнд заасан ажил үйлчилгээний хэмжээ буурсан, 2.6 хувь нь гэрээ цуцлагдсан хэмээн хариулжээ. 

Үүнээс гадна “Ковид-19” цар тахлын үед “Оюу толгой”-н Монгол Улсын нийт эдийн засагт оруулж буй үржүүлэгчийн нөлөө нь 2019 онд 1.43 байсан бол 2020 онд 1.39 болж буурсан байна. Судалгаанд мөн ажил эрхлэлт болон орон нутгийн хөгжилд үзүүлсэн нөлөөллийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Судалгааг бүрэн эхээр нь эндээс хүлээн авах боломжтой.

Судалгааны ажлын эцэст “Оюу Толгой Монголын эдийн засагт “Ковид-19” цар тахлын үед ихээхэн чухал үүргийг гүйцэтгэж, экспорт, эдийн засгийн өсөлт, татвар бүрдүүлэлтэд томоохон хувь нэмэр оруулан, орон нутгийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойгоос гадна ирээдүй рүү чиглэсэн боловсон хүчний бэлтгэл, хүний нөөцийг сайжруулахад үр дүнгээ өгч байна. Цаашид дэлхий даяар зэсийн эрэлт өсөх хандлагатай энэ үед Оюу Толгой болон Монголын бусад зэсийн төслүүд манай улсын эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмрийг оруулах боломж бүрдэж байна.” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Танилцуулгын төгсгөлд МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаа "Цаашид энэхүү судалгааг бүх мега төслүүд дээр хийх сонирхолтой байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ мэдээллээ хуваалцвал хамтран ажиллах боломжтой" гэдгээ илэрхийлсэн юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine