Үйл явдал

Супер цикл хямд бонд босгох боломж олгов

Засгийн газар Century төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжилт хийж, ирэх хоёр жилийн өр төлбөрийг үндсэндээ шийдчихлээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан, ДНБ 2020 онд 5.3 хувиар агшсан, бизнесийн орчин тамирдсан цаг үед олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг Монгол Улс дахин хүлээв. 

Дэлхий нийтээр коронавирусний тархалтаас улбаатай эдийн засгийн хямралд улс орнууд гүн гүнзгий ниргүүлсэн энэ цаг үед хямд мөнгө ховордсон. Хөрөнгө мөнгө босгох ч туйлын ярвигтай асуудал болж хувирсан. Тэгвэл Сангийн яам зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийнг хүүтэй 500 сая ам.доллар буюу нийт нэг тэрбум ам.доллар олон улсын санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлж, эдийн засагт энэ хэмжээний хэмнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, нэг тэрбум ам.долларын гадагшлах урсгалыг хааж, үүнийг даган бий болох валютын ханшийн дарамтаас улсаа чөлөөлөв. Эдийн засагт үүсэх тогтворгүй байдлаас мөн адил урьдчилан сэргийлж амжлаа. Ингэснээр төгрөгийн ханш богино болон дунд хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдлээ.

Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдаас ирсэн санал нь тухайн үнэт цаасны дүнгээс 2.5-3 дахин их ирсэн тохиолдолд үүнийг амжилттай боллоо гэж үздэг. Тэгвэл Монголын Засгийн газраар овоглосон “Century” төслийн хүрээнд нийт 6.4 тэрбум ам.доллар буюу санал болгосон хэмжээнээс 6.4 дахин илүү саналыг Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас ирүүлжээ. Ийм хэмжээний санал хүлээж авна гэдэг өөрөө сайн мэдээ юм. Монголыг харах, Монголд итгэх хөрөнгө оруулагчдын “уур амьсгал” өөрчлөгдсөн байна.

Монголын уул уурхайн баялаг, түүний үнийн өсөлтийг харгалзан үзэж эцсийн мөчид тэд өөрсдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр шийджээ. Үүнд дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн супер цикл, цар тахлын дараах эдийн засгийн өсөлт аль аль нь нөлөөлсөн биз ээ. 

Бид олон улсад шинэ тоглогч биш. Өмнө нь Чингис бондоор анх мөрөө гаргаж, хожим нь хэд хэдэн бонд танилцуулж, эчнээ танил болсон. Энэ болгоны хүүгийн зардал дээрхтэй харьцуулахад хамаагүй өндөр байлаа. Эдийн засагт, улсын төсөвт ирэх дарамт нь ч тэр хэрээр амаргүй ачаа үүрүүлж байгаа. Эдгээрээс ялгарах онцлог нь гэвэл “Century” төслийн хүрээнд босгосон нэг тэрбум ам.долларын хүүгийн өртөг зардал бага байгаад л ач холбогдол оршиж байгаа юм. Мөн эдийн засаг өсөлттэй бус уналттай үед нэг тэрбум ам.долларын хэлцэл хийж чадсан нь өөрөө олзуурхах жишээ билээ.

Эргэн сануулахад, Монгол Улс 2001-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнээс хоёр зэрэглэл дээгүүр, гадаадын шууд хөрөнгө оруулалт оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын Чингис бонд гаргаж байсан бөгөөд энэхүү бондын эргэн төлөлт нь ирэх жил хийгдэх байсан юм. Тэр үед Ардчилсан нам засаг тэргүүлж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байв. 

Манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улсууд шинээр бонд гаргахад дунджаар 7-8 хувийн хүү төлж байхад манай улс В үнэлгээтэй улсуудаас хамгийн бага буюу 3.5-4.45 хувийн хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлсэн нь Сангийн яам, Б.Жавхлан сайдын баг ажлаа сайн хийсэн гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олно гэдэг амаргүй. Тэр тусмаа эдийн засаг нь 2020 онд хасахтай гарсан, цар тахалд хамгийн их тэвдэж буй улсын хувьд 3.5-4.45 хувийн хүүтэй ам.доллар гэдэг гарз биш олз юм. 

“Century” төслийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Засгийн газар J.P.Morgan, Morgan Stanley, HSBC болон Nomura гэсэн дөрвөн хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтран ажиллажээ. Ядарсан эдийн засагт дэм болох мөнгийг олон тивээр олуулаа төсөв мөнгө үрэгдүүлэн явж биш цахимаар л хөрөнгө оруулагчидтай уулзаад шийдсэн нь анхаарал татлаа. 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Засгийн газар хугацаа тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханшийн тогтвортой байдалд маш чухал үйл явдал боллоо” хэмээн тодотгосон бол Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг цохон тэмдэглээд олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг энэ удаагийн арга хэмжээ батлан харууллаа гэв. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine