Ярилцлага

Х.Уянга: Уул уурхайн ухаалаг машинуудын эрин болж байна

2021 | January | 035

Монголын анхны механик электроникийн эмэгтэй инженерүүдийн нэг Х.Уянга Катерпиллар тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны борлуулагч Барловорлд компанид 13 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр эрчүүд давамгайлсан хүнд үйлдвэрийн салбарт тэгш оролцоог бий болгоход автоматжуулалт чухал болохыг онцолж байна.

-Цар тахал танай бизнес болон танай харилцагчдад ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Манай харилцагчдын дийлэнх хувь нь уул уурхайн салбарынхан. Засгийн газраас төмөр зам, уул уурхайн төслүүдийг эдийн засгийн ач холбогдлыг нь үнэлж тогтвортой үргэлжлүүлэхэд онцгойлон анхаарч байгаа учир манай үйл ажиллагаанд нөлөөлөл харьцангуй сул мэдрэгдэж байна. Харилцагчид маань зогсох эрхгүй ажиллаж, тэдний ажлыг зогсолтгүй явуулахын төлөө бид бүхэн идэвхтэй байгаа. 

Өнөөдөр цахим шилжилтийг бодитой хийхийг цаг үе шаардаж байна. Энэ ажлыг эмэгтэйчүүд, илүү бүтээмжтэй хийх боломжийг технологийн компанитай хамтраад манай харилцагчид хийж байгаа. Ялангуяа цар тахлаас өмнө цахим шилжилтийг эхлүүлсэн компаниуд хүндрэл багатай даван туулж, технологид хөрөнгө оруулалт хийснийхээ үр ашгийг энэ цаг үед мэдэрч байна. Сонирхож, судалж байсан ААН-үүдийн хувьд ач холбогдлыг нь илүү ойлгож авч байх шиг байна. 

Энэ удаад хүн төрөлхтөн цаашид ямар ч аюултай цар тахал гарч, хүн төрөлхтнийг сөхрүүлж болзошгүй тул бэлтгэлтэй байх ёстой гэдгийг маш сайн ойлгож авлаа. “Ковид-19” хэр удаан үргэлжлэхийг ч хэлж мэдэхгүй, нөгөө талаас эрүүл мэнд, аюулгүй байдал гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгож байгаа байх. Тиймээс цар тахлын дараа ч зайнаас ажиллах, цахим орчинд ажлыг нугалдаг байдал шинэ хэвийн байдал болж үлдэхээр байна. 

Бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжүүд ухаалаг болсноор залуу, эмэгтэй хүмүүсийн ажлын байрыг олноор бий болгож байна.

-Танай нийлүүлж буй автоматжуулалтын систем харилцагчдын тань ямар асуудлыг шийдэж өгч байна вэ?

-Монголын уул уурхайн салбарын нэг том асуудал нь хүний нөөц байдаг. Олон сая ам.долларын үнэтэй, нүсэр тоног төхөөрөмжийг аюул, осолгүй ажиллуулах үүднээс туршлагатай, ур чадвартай хүнд л жолоог атгуулах шаардлагатай. Тийм учраас компаниуд 20-30 жилийн туршлагатай хүн хайдаг. Тийм шаардлага хангах хүн ховор учраас Монголд гаднын олон мэргэжилтэн ажилладаг. Бодит байдалд туршлага харгалзахгүй ажлын байрны эрэлт өндөр байгаа. 

Харин сүүлийн үед эмэгтэй операторууд олширч байгаа. Манай компани ч энэ салбарт жендерийн тэгш байдал бий болгохыг дэмждэг. Ийм боломж бүрдүүлж байгаа гол хүчин зүйл нь автоматжуулалт юм. Автоматжуулалтын систем маань уурхайн тоног төхөөрөмжийг яг л хувийн суудлын тэргээ жолооддог шиг ажиллуулах боломжийг олгож байгаа юм. Тэсэлгээ, ухалт, ачилтыг автоматжуулах системийг Монголд анх 2012 онд манай компани оруулж ирсэн. Анхны үйлчлүүлэгч нь “Оюу толгой” ХХК байсан. Үүнээс хойш есөн жил тасралтгүй ажиллаж байна. “Оюу толгой”, “Энержи ресурс” компанийн эмэгтэй операторуудын тоо жил ирэх тусам өсөж байгаа нь нэг талаас бидний ажилтай холбоотой гэж хэлж болно. 

Харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглаад уул уурхайн хүнд хүчир ажлыг хэн ч хийх боломжтой бөгөөд бүгдэд тэгш боломж, тэгш оролцоог хангаж байна. Энэ нь зөвхөн АНУ, Австрали эсвэл Канадад байдаг, ажилладаг юм биш. Харин ч Монголд есөн жилийн өмнөөс нэвтрээд, нутагшаад явж байна. Монгол залуучууд, эмэгтэйчүүд энэ дэвшлийн давуу талыг хэдийнэ мэдрээд, ашиглаж байна. 

-Катерпилларын автоматжуулалтын систем өрсөлдөгчдийнхөөсөө юугаараа давуу талтай вэ?

-Зөвхөн гар утас ухаалаг болсон юм биш, бүх зүйл ухаалаг болсон. Харин ухаалаг ашиглах л хэрэгтэй. Катерпилларыг ухаалаг автомашины хөгжүүлэлтийг 30 гаруй жил хийж байгаа, тэргүүлэгч компани гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бүрэн автомат суудлын тэрэгнүүд саяхнаас туршилтад орж эхэлсэн бол Катерпилларын машинуудыг 2012 оноос уул уурхайд ашиглаж эхэлсэн. Одоогоор гурван тивийн найман улсад ажиллаж байгаа 282 жолоочгүй ачааны машин нийт 72.4 сая км замыг аваар осолгүй туулаад байна. Тэд 24 цаг тасралтгүй ажиллаж, өдөрт дэлхийг бүслүүрээр нь хоёр бүтэн тойрсонтой тэнцэх урт зам туулдаг. 

Ганцхан Катерпиллар гэлтгүй өөр ямар ч үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч автомажуулж болно. Одоогоор Монголд хагас автомат буюу операторын ажлыг хөнгөвчилсөн технологиуд нэвтрээд байна. Автоматжуулсан машинтай харьцуулахад жолоочтой машинаар ажил хийх хурд удаан, нэг үйлдлийг олон давтаж байж зорьсон үр дүнд хүрдэг. Жишээлбэл, тэгшилгээ хийхэд оператороос гадна, 1-2 хүн чиглүүлж, хэмжилт хийдэг. Тэгвэл GPS-ээр тоноглогдосон машин нэг удаагийн гүйцэтгэлээр хүссэн үр дүнд хүрнэ. Бидний ашигладаг ухаалаг гар утас 20 ам метрийн нарийвчлалтай бол манай компанийн нийлүүлж буй ухаалаг машинууд см, мм нарийвчлалтай ажилладаг. Ийм давуу талтай учраас онгоцны хөөрөх зурвас, төмөр зам зэрэг том бүтээн байгуулалтыг хурдтай, чанартай хийж чадаж байна.

Бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжүүд ухаалаг болсноор залуу, эмэгтэй хүмүүсийн ажлын байрыг олноор бий болгож байна. Уул уурхайд бол сүүлийн үед гэрээсээ олборлолт хийх боломжтой болсон. Хэрэв манайх Улаанбаатар хотод алсын удирдлагын төв байгуулах юм бол уурхайчдын маань амьдралын хэв маяг оффисын ажилчидтай адилхан болно. Ялангуяа цар тахлын хөл хорионы үеэр энэ чиглэлд Хятад, Америкт томоохон дэвшлүүд гарлаа. Гэтэлд Монголд хөл хорионы улмаас уурхайчид маань 28-56 хоног гэртээ харьж чадалгүй ажиллаж байна. Энэ нь өөрөө эргээд ажилчдыг ядрах, сэтгэл санааны хямралд оруулах, осол аваар гарах суурь нөхцөл болдог. 

Ганцхан Катерпиллар гэлтгүй өөр ямар ч үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч автомажуулж болно. 

-Машиныг автоматжуулснаар бүтээмжид яаж нөлөөлдөг вэ?

-Өмнө нь бүхээгт суугаа оператор хөрс машин хооронд яаж харьцаж байгааг мэдэж чаддаггүй байсан үед гадас зоож, утас татаж олон хүний хамжлага нийлж ажилладаг байсан. Өнөөдөр тийм зүйл мэр сэр л харагддагаас биш ихэнх компани автоматжуулсан технологи ашиглаж байна. Ингэснээр хаягдал багасах, цаг хугацаа хэмнэх, хүн хүчний зардал буурах гээд олон давуу тал бий болдог. Жолооч өөрөө хөрс хутга хоёрын хооронд ямар зай байна, зургийн даалгаврын дагуу явж байна уу гэдгийг хянах самбар дээрээсээ харж байдаг. Үүнийг манайхан “тоглоом тоглох” гэж ярьдаг. Учир нь яг л гар утсан дээрээ тоглоом тоглож байгаа юм шиг энэ шугамыг дагаж яваад ажил дуусна, шугамд хүрэхгүй байвал өнгө нь улаан байна, шугамны дагуу бол ногоон өнгөтэй байна, хэтэрвэл шар болно гэдэг ч юм уу үр дүнгээ тэр даруй хянаад явдаг болохоор тэр. 

Уул уурхайн тэсэлгээний технологи хүртэл баялгийг судлынх нь дагуу нарийн тэсэлгээ хийдэг болж хөгжсөн. Өөрөөр хэлбэл газар доорх эрдэсүүдийг хооронд нь холихгүй. Зарим тохиолдолд өрмийн цооног буруу явснаас ч юм уу тэсрэхгүй байх нь бий. Энэ тохиолдолд инженер өөрөө очиж шалгах шаардлагатай болдог нь амь насанд эрсдэлтэй. Энэ чиглэлээр гарсан том дэвшил бол өрмийг алсын зайнаас удирддаг болсон явдал. Өмнө нь нэг өрмийг гурван хүн ажиллуулдаг байсан бол өнөөдөр нэг хүн гурван өрөм удирддаг болсон. Ингэснээр эрсдэлтэй талбарт ажиллаж байгаа хүний тоог багасгаж байна. 

Манай автоматжуулсан техникүүд 2012 оноос хойш Хөшигийн хөндийн болон Ханбумбат нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг барилцсан, Оюутолгойн ил уурхайн их чадлын бүх машин манай хагас автоматжуулалтын системээр тоноглогдсон. Өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалт дээр манай хагас автоматжуулсан тоног төхөөрөмжүүдийг тэгшилгээнд ашиглаж байна. Автозам гэхэд л 700 гаруй километрийг манай хагас автоматжуулсан тоног төхөөрөмжийн оролцоотой барьжээ. 

-Монголын компаниуд автоматжуулалтыг хэр өргөн ашиглаж байна вэ. Ямар технологиуд нэвтрээд байгаа вэ? 

-2020 онд Багануурын уурхай жолоочийн аюулгүй байдлын систем авсан. Уурхайн ажилчид өдрийн 12 цагаар, маш ачаалалтай ажилладаг. Жишээлбэл, жолоочийн бүхээгт нүүрний хувирал, нүдний хөдөлгөөнөөр ядралыг нь хэмжих болсноор осол аваараас амжилттай урьдчилан сэргийлж чадаж байна. Хэрэв жолооч 1.5 секунд зүүрмэглэхэд дохио өгч, сандал чичрэх зэргээр жолоочийг сэргээнэ. 1.5 секунд гэдэг бага мэт боловч уул уурхайн том техникүүдийн хувьд авч үзвэл 2 метр гаруй өндөр дугуй нь энэ хугацаанд 9 метр зам туулдаг. Мөн анхаарал сарнихаас сэргийлсэн шийдэл бий. Олон цагаар ажиллаад ирэхэд хүмүүс анхаарал сарнидаг, гар утсаа их оролддог юм билээ. 

Мөн дроноор зураг авч, газрын гадаргын өөрчлөлтөд хэмжилт хийж бүтээмжийг тооцдог програм бий. Тухайлбал, өнөөдөр тэр хэсгээс тэдэн куб метр шороо гаргасан байна гэдгийг агаараас авсан зураг ашиглан тооцно гэсэн үг. Ерөнхийдөө манайх төмөр зам, барилга, авто зам, бүхий л төрлийн бүтээн байгуулалтыг суурь судалгаанаас дуусах хүртэл бүх шатанд хамт байх дата анализ, програм хангамж, технологийн бүтээгдэхүүн санал болгож байгаа. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine