Түүхий эд

2020 онд хамгийн их алт олборлосон 10 уурхай

"Mining Intellegence" судалгааны байгууллагын тооцоолсноор 2020 онд алт олборлолтоор дэлхийд тэргүүлсэн 10 уурхайг танилцуулж байна.
 
 1.Olimpiada

ОХУ-ын алтны Olimpiada уурхай өнгөрсөн онд 1.2 сая унц буюу 37.5 тонн алт олборлож, уг түүхий эдийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлжээ. 1996 онд олборлолтоо эхлүүлсэн энэ уурхайг "Polyus" компани эзэмшдэг. Хэдийгээр Olimpiada уурхайн үйлдвэрлэл 2020 онд цар тахлын улмаас 14 хувиар буурсан ч тус уурхай олборлолтоор нэгдүгээрт бичигджээ
 
2.Pueblo Viejo

Тэгвэл 2020 онд хамгийн их алт олборлосон уурхайн жагсаалтын хоёрдугаарт Бүгд Найрамдах Доминикан Улсад орших Pueblo Viejo ил уурхай бичигдсэн байна. Дэлхийн алтны салбарын гигантуудын нэг болох "Barrick-Newmont" компанийн эзэмшилд байдаг энэ уурхай өнгөрсөн онд нийт 899 мянган унц буюу 28 тонн алт олборлосон байна.  Доминикан улсын нийслэл Санто Доминго хотоос 100 км-ийн зайд орших энэ уурхайн анхны олборлолт 2012 онд эхэлж байжээ. 
 

3.Grasberg 

Жагсаалтын гуравт Индонезийн Папуа бүс нутагт байрлах Grasberg уурхай 848 мянган унц буюу 26.5 тонн алт олборлосноор эрэмбэлэгджээ. Уг уурхайн үйл ажиллагааг "Freeport McMoRan" компани удирдаж байгаа юм. Уурхай орчмын бүс нутагт коронавирусийн халдвар тархсанаас үүдэн ажиллах хүчний тасалдал үүсэж, үйлдвэрлэлийн хэмжээ нь өнгөрсөн онд буурсан. Энэ уурхай оргил үе болох 2001 онд жилд 3.5 сая унц алт үйлдвэрлэж байжээ. 
 
4. Cadia Valley
 
Австралид байрлах Cadia Valley гүний уурхай өнгөрсөн онд 822 мянган унц буюу 25.6 тонн алт олборлосноор тус түүхий эдийн олборлолтоор тэргүүлэгч топ дөрвөн компанийн тоонд багтсан байна. Австрали улсын New South Wales-д байрлах тус уурхайг "Newcrest Mining" компани эзэмшдэг. Түүнчлэн 2020 оны аравдугаар сард тус уурхайг өргөтгөснөөр ашиглалтын хугацаа дахь үйлдвэрлэлийн хэмжээ нь 1.8 сая унцаар нэмэгдсэн байна. 
 
5. Kibali
 
2020 онд алтны гарцаар тэргүүлсэн уурхайн жагсаалтын тавд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад орших Kibali орд бичигдсэн байна. БНАКУ дахь алтны анхны гүний уурхай болох  Kibali нь 2020 онд 807 мянган унц буюу 25.2 тонн шар металл олборложээ. Түүнчлэн Kibali нь  дэлхийн хамгийн автоматчлагдсан уурхайн нэг юм. Энэхүү уурхайг Канадын "Barrick Gold" компани эзэмшдэг. 
 
6. Cortez 
 
Өнгөрсөн онд алт олборлолтоор тэргүүлсэн 10 топ уурхайн зургаад АНУ-ын өмнөд хэсгийн Невада мужид байрлах Cortez орд бичигдсэн байна. Тус уурхай 2020 онд 798 мянган унц буюу 24.9 тонн алт олборлосон байна. Сонирхолтой нь, уг уурхайн 61.5 хувийг мөн Канадын "Barrick Gold" компани эзэмшдэг бол 38.5 хувь нь "Newmont" компанийн мэдэлд байдаг аж. 
 
7. Lihir 
 
Папуа Шинэ Гвиней Улсад байрлах Lihir уурхай өнгөрсөн онд 772 мянган унц буюу 24.1 тонн алт олборлосон байна. Уг уурхайг 100 хувь Австралийн "Newcrest Mining" компани эзэмшдэг. Lihir уурхайд ойролцоогоор 4500 хүн ажилладгийн 90 хувь нь Папуа Шинэ Гвинейн иргэд аж. 
 
8. Loulo-Gounkoto
 
Баруун Африкийн Бүгд Найрамдах Мали Улсад орших Loulo-Gounkoto уурхай өнгөрсөн онд 680 мянган унц буюу 21.2 тонн алт олборлосон байна. Канадын “Barrick Gold” компанийн эзэмшилд байдаг энэ уурхайн цогцолбор төслийн гүний уурхайн эхний шатны олборлолт эхлэхэд бэлэн болсныг 2021 оны эхээр мэдэгдэж байсан юм. 
 
9. Boddington
 
Баруун Австралид байрлах Boddingto алт, зэсийн уурхай 2020 онд 670 мянган унц буюу 20.9 тонн алт олборлосноор шар металлын гарцаар тэргүүлэгч 10 уурхайд багтсан байна. 2010 онд дахин нээгдсэн энэ уурхай нь ил орд бөгөөд 17.5 жил ашиглах алтны нөөцтэй. Тус уурхайн 22.2 хувийг Австралийн "Newcrest Mining" компани эзэмшдэг бол 44.4 хувь нь Normandy Mining, 33.3 хувь Acacia Resources компанийн мэдэлд байдаг. 
 
10. Fosterville
 
Австралийн Виктория хотод байрлах Fosterville гүний уурхай нь 2020 онд хамгийн их алт олборлосон төслийн аравт бичигдсэн байна. Энэ уурхай 2020 онд 640 мянган унц буюу 20 тонн алт олборложээ. Уг уурхайг 100 хувь Канадын алт олборлогч "Kirkland Lake Gold" эзэмшдэг. 


Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine