Компани

“Айвенхоу Майнз”-ын “Камоа-Какула” уурхай зэсийн баяжмалаа гаргаж эхэллээ

Канадын “Айвенхоу Майнз”-ийн эзэмшдэг Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад байрлах “Камоа-Какула” уурхай өнгөрсөн тавдугаар сарын 25-нд анхан шатны зэсийн баяжмалаа гаргаж эхэлсэн байна.

“Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридланд “Камоа-Какула”-г  дэлхийн зэсийн хоёрдахь том уурхай болно хэмээн тодорхойлсон билээ. 

“Mining Intelligence” байгууллагын мэдээллээр "Камоа-Какула" орд нь 37.9 сая тонн зэсийн нөөцтэй. “Айвенхоу Майнз” компанийн тооцооллоор ордын нийт нөөц 43 сая тонн гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл уг төсөл нь дэлхийн дөрөв дэх том зэсийн орд болно гэж “Wood Mackenzie”-ийн судалгаанд тэмдэглэсэн байна. 

Дэлхийн зэсийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж буй “Камоа-Какула” уурхай нь ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаж, хүлэмжийн хийг хамгийн бага түвшинд ялгаруулахаараа онцлог юм. 

Энэ уурхайн 39.6 хувийг Канадын уул уурхайн “Айвенхоу Майнз” компани эзэмшиж буй бол мөн төдий хэмжээний буюу 39.6 хувь нь “Zijin Mining Group”, 0.8 хувь нь  “Crystal River Global Limited” компанийн мэдэлд байна. Харин компанийн 20 хувийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Засгийн газар эзэмшиж байгаа аж. 

Тус уурхай дөрөвдүгээр сард 409 мянган тонн хүдэр олборлож, 5.7 хувийн агуулгатай зэс гарган авсан нь онцлох үзүүлэлтэд тооцогдож байна.  Ялангуяа, уурхайн төв хэсгээс 8.4 хувийн зэсийн агуулгатай 121 мянган тонн хүдэр олборлосон байна. 

“Камоа-Какула” уурхайн зэсийн баяжмалыг Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэр боловсруулна. Талууд энэ чиглэлд хамтран ажиллах 10 жилийн хугацаатай гэрээг энэ сарын эхээр байгуулсан байна. “Камоа-Какула” уурхайн зэсийн анхны баяжмалыг зургадугаар сарын 1-нд үйлдвэрт хүргэснийг “Айвенхоу Майнз” компаниас мэдээлсэн. Эхний ээлжинд жилд 150 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөжээ.   

Зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрийн 60 хувийг Хятадын “China Nonferrous Metal Mining Group”, 40 хувийг “Yunnan Copper” компани тус тус эзэмшдэг. Зэс хайлуулах үйлдвэр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Колвези хотоос 40 км-ийн зайд байрладаг аж.

“Камоа-Какула” төслийн эхний шат болох жилд 3.8  сая тонн зэсийн баяжмал гаргах хүчин чадалтай үйлдвэр 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёрдахь шатны буюу жилд 7.6 сая тонны үйлдвэрийг 2022 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бол хүчин чадлыг нь жилийн 11.4 сая тоннд хүргэх гуравдахь шатны судалгааны ажил үргэлжилж байна.

Түүнчлэн тус уурхайг түшиглэн нэмэлтээр 162 МВт-ын усан цахилгаан станц байгуулахаар тохиролцсон. Энэхүү эрчим хүчний нэмэлт эх үүсвэр нь “Камоа-Какула”-г өргөтгөл болон хайлуулах үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээг хангах аж. 

Канадын уул уурхайн “Айвенхоу Майнз” компани Өмнөд Африкт хамтарсан гурван төсөл хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад гэхэд зэсийн “Камоа-Какула” төслөөс гадна цайр, зэс, мөнгөний Кипуши уурхай болон Өмнөд Африк дахь родий-платин-никель-зэс-алтны ордыг нээгээд байгаа юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine