Түүхий эд

В.Путин нүүрсний экспортод $10 тэрбумын "мөрий тавилаа"

Европын орнууд хатуу түлшнээс татгалзаж, АНУ нүүрсний цахилгаан станцуудаа зогсоож, Азийн орнуудад энэ чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татахад улам хүндрэлтэй болж байхад ОХУ нүүрсний экспортын дэд бүтцээ сайжруулахад их хэмжээний санхүүжилт хийгээд байна. 

Орос улс түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх Алс Дорнодын боомтууд руу чиглэсэн төмөр замуудыг шинэчилж, өргөтгөхөд зориулж 10 орчим тэрбум ам.доллар зарцуулж байна. Ингэснээр нүүрснээс гадна бусад төрлийн бараа бүтээгдэхүүний тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. 

720 тэрбум рубль буюу 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар  Оросын хамгийн урт төмөр замууд болох Транс-Сибирийн төмөр зам болон ОХУ-ын баруун бүс нутаг, Номхон далайг холбодог Зөвлөлт Байгал-Амурын төмөр замыг шинэчлэн өргөтгөж байна.  

Эдгээр шинэчлэлийн хүрээнд нүүрс тээвэрлэх хүчин чадал нь 2024 он гэхэд 182 сая тоннд хүрэх төлөвтэй. 2013 оноос эхэлсэн, 520 тэрбум рублийн өртөг бүхий дэд бүтцийн шинэчлэлийн үр дүнд дээрх төмөр замын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж 144 сая тонн болоод байгаа аж. 

Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нүүрс олборлогчидтой уулзалт хийж, нүүрсний экспортод ахиц гаргахыг уриалсан байна. Орос нүүрсний нөөцөө богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа нь  тус улсын ДНБ-нд бодитой дэмжлэг үзүүлнэ гэж Лондоны TS Lombard-ийн бүс нутгаар мэргэшсэн шинжээч Мадина Хрусталева үзсэн байна. 

ОХУ, БНХАУ-ын харилцаа өндөр түвшинд хүрсэн энэ үед Ерөнхийлөгч Путин хуурай замаараа дамжуулан Хятадын зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхээр зорьж байна гэж тоймчид үзэж байна. Түүнчлэн  коронавирусийн гарал үүслийн тухай дипломат маргаан өрнөж эхэлсэн энэ үед нүүрсний экспортоор тэргүүлэгч Австрали улс Хятадын импортын хоригтой нүүр тулаад буй нь ОХУ-ын зорилгод эерэгээр нөлөөлж байгаа аж. 

Гэхдээ энэ төлөвлөгөө нь хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн санаачилгатай зөрчилдөж байгаа юм. 

Түүнчлэн Азийн нүүрсний эрэлт өссөөр байгаа бөгөөд Хятадад хэрэглээ энэ онд түүхэн дээд цэгтээ хүрэх төлөвтэй. Тус улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн барьж байгаа ч 2026 оноос эхлэн хэрэглээгээ хумихаар төлөвлөсөн.  ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн онд баталсан нүүрсний стратеги нь зөвхөн Хятад төдийгүй эрэлт нь өсөн нэмэгдэж буй Энэтхэг, Япон, БНСУ, Вьетнам улсыг чиглэж байгаа аж. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine