Бодлого

Нэр дэвшигчид уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засаг, уул уурхайн бодлогыг танилцуулж байна.

Ирэх зургаан жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний хувиар гадаад ертөнц, олон улсад эх орноо төлөөлөх, төр засгийн бодлогыг тодорхойлон чиглүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллах, хууль санаачлан УИХ-д өргөн барих эрх мэдлийн төлөө дээрх гурван эрхэм өрсөлдөж байна.

Тэд уул уурхайгаас олж буй орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах тогтолцоог бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, олборлолтоос боловсруулалт руу шилжих, нүүрсний салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар дурдсан байна.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-“Оюутолгой"-н гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана.

-“Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана. 

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана. 

-Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана. 

-Уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа  боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ. 

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ:

-Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, ашигтай байдал, ашигтай байдалд дүн шинжилгээ хийж, байгалийн баялаг олборлох үйл ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг хатуу баримтлах бодлогыг санаачлан боловсруулна.

-Уул уурхайн салбар дахь авлигыг таслан зогсоох, уул уурхайн баялгаас хүн амын хэт цөөнх илт ашиг хүртэж байгааг зогсоох зорилгоор ашигт малтмал /Тухайлбал, нүүрс/-д бүтээгдэхүүн хуваах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судлан хуулийн төсөл боловсруулна. 

-Эрчим хүчний эх үүсвэрийн бие даасан сүлжээ нь тогтворгүй хөгжлийн суурь гэж үзэн, цаашлаад эрчим хүч экспортлогч улс болоход бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана. 

“Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат:

-Гадаад өрийн асуудлыг богино хугацаанд шийдэх талаар гадаад улсууд, олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Уул уурхайн салбарын бодлогыг эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг шийдэх гол салбарын бодлогын түвшинд авч үзнэ. 

-Баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх  зорилгоор баялгийн сан, эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, нийгмийн халамжийн оновчтой шударга тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн бодлогыг дэмжиж ажиллана. Үндэсний баялгийн шударга хуваарилалтын бодлогын зөвлөл байгуулна. 

-Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах бодлогыг дэмжиж ажиллана.

 

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine