Үйл явдал

“Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагааны зардлыг “Рио Тинто Монгол” санхүүжүүлнэ

"Бизнесийн ёс зүйн төв" үйл ажиллагаагаа эхлүүллээ. Уг төв нь "Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдлаа. 

Төслийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хэрэгжүүлэх аж.

Бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэхэд төслийн зорилго оршиж байна.

Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв байх аж. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үетэй зэрэгцэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг "Транспэрэнси Интернэшнл", "Рио Тинто Монгол" компанитай хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна” гэв. 

"Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх" төслийг хамтран хэрэгжүүлж буй "Рио Тинто"-гийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “XXI зуунд бизнесээ амжилттай явуулах хамгийн эхний суурь зарчим нь бизнесийн ёс зүй болоод байна. 148 жилийн түүхтэй Рио Тинто групп 35 улсад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсний нууц нь бизнесийн ёс зүй, ил тод байдал. Аливаа бизнесийн хөгжих шат, үндсэн шалгуур болж байдаг бизнесийн ёс зүйн дүрэм, журам, түүнийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа Рио Тинто Монголын бизнес эрхлэгчидтэй хуваалцах гэж буйдаа таатай байна” гэж онцоллоо.

“Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл буюу эхний жилийн үйл ажиллагааны зардлыг “Рио Тинто Монгол” ХХК санхүүжүүлэх аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine