Эдийн засаг

Австралийн уул уурхайн салбарын төсвийн орлого огцом өсжээ

Австралийн эрдэс баялгийн зөвлөлөөс мэдээлснээр, тус улсын эрдэс баялгийн салбарын төсөвт оруулсан татвар, төлбөрийн дүн 2019-2020 оны санхүүгийн жилд (2019.07.01-2020.06.30-ны хооронд) 39.3 тэрбум австрали долларт хүрсэн байна. 

Мөн “Deloitte Access Economics”-ийн энэ сард гаргасан шинэ тайланд татварын талаар зарим тооцоог багтаасан нь дээрх тоог мөн бататгаж байна. 

Австралийн эрдэс баялгийн салбар 24.1 тэрбум австрали долларын татвар төлсөн нь тус улсын Батлан хамгаалах салбарын жилийн төсвийн бараг тэн хагастай нь тэнцүү юм. Түүнчлэн салбарын аж ахуйн нэгжүүд 15.2 тэрбумын роялти болон төлбөр төлжээ. 

Хойд Австралийн Байгалийн баялаг, усны сайд Кэйт Питт дээрх тоо баримтууд нь эрдэс баялгийн салбар Австрали улсын эдийн засагт хэчнээн чухал болохыг дахин нотолж байна гээд “2011-2020 онд эрдэс баялгийн салбар 238.8 тэрбум долларын татвар, төлбөрийг мужийн болон холбооны засгийн газарт төлсөн. Энэ нь манай улсын эдийн засгийг ковид цар тахлын үед тогтвортой байхад  нөлөөлсөн бол одоо эдийн засгийн сэргэлтэд хөтөлж байна” хэмээжээ. 

Төсөвт оруулсан орлогын энэхүү өсөлт нь салбарыг “Ковид-19”-ийг тэсвэрлэх чадвартай болохыг харуулж байна гэж Австралийн эрдэс баялгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Таниа Констебл үзэж байна. 

“Австралийн эрдэс баялгийн салбар нь үндэстний аж ахуйн нэгжийн татварын нийт орлогын 30 хувийг бүрдүүлдэг боловч төмрийн хүдрийн салбарт Хятадын эрэлт нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн бусад олборлогчдын нийлүүлэлт удаан хугацаанд сул байсан нь Австралийн эрдэс баялгийн экспортын орлогыг өсгөж, аж ахуйн нэгжийн татварын орлого өсөхөд нөлөөлсөн” гэж тэрээр ярьсан байна. 

Тухайлбал, Баруун Австралийн төмрийн хүдрийн роялти өнгөрсөн онд бараг хоёр тэрбум австрали доллароор өсөж, 8.44 тэрбум хүрсэн төдийгүй энэ онд ч үргэлжлэн өсөх хүлээлттэй байгаа аж. 

Харин нүүрсний салбарын роялти болон татварын орлого ковидын улмаас бага зэрэг буурчээ. Гэхдээ дэлхийн эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор ирэх жилүүдэд эрэлт өсөх урьдчилсан төлөв гарч байгаа тухай мэдээллийг Кэйт Питт хуваалцсан байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine