Үйл явдал

Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байна

Монгол Улсад газрын газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тус салбарынханд хандан баярын мэндчилгээ дэвшүүлжээ. 1940 онд Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааг хийж, анхны газрын тосыг илрүүлж байсан түүхтэй. Монгол Улсад газрын тосны хайгуулын ажил 1990-ээд оноос дахин идэвхжиж эхэлсэн. Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгасан. Үүнээс өнөөдрийн байдлаар 21 талбайд Засгийн газрын эрх олгосны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Үүнээс гурван талбайд нь газрын тосны ашиглалт, олборлолтын ажил өрнөж байна. 

Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнгээр 2010, 2012 онд Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан-Элсний орд газарт 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авчээ. 

Газрын тосны хайгуулын шатны туршилтын олборлолт эхэлсэн цагаас буюу 1996 оноос хойш дээрх орд газруудаас нийт 9.3 сая тонн газрын тос олборлон экспортолж, газрын тосны борлуулалтын орлогоос өссөн дүнгээр улсын төсөвт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд нийт 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын багагүй хувийг эзэлж байгааг салбарын сайд онцолжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монгол Улсын 2021оны Төсвийн тухай хуулиар улсын хэмжээнд 812 мянган тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 183.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь газрын тосны салбараас Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй томоохон байр суурь эзэлж байгаагийн тод илрэл гэдгийг дахин цохон тэмдэглэхэд таатай байна. Мөн манай улс 1923 оноос эхлэн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд өнгөрсөн 2020 онд 2.0 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэжээ. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа түлш, шатахууны хэрэгцээг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч үндэсний компаниуд хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт түгээж, ард иргэд, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай, тасралтгүй хангасаар байна" хэмээн баярын мэндчилгээндээ тодотгожээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine