Үйл явдал

Зутарсан, хямралд улам гүн шигдсэн 100 хоног баяртай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт өчигдрөөс эхлэн ажиллаж буй. Тодруулбал, Дархан, Сэлэнгийн бүс нутагт хоёр дахь өдрөө түүний томилолт үргэлжилж байна. Танхимаа бүрдүүлээд 100 хоногтой золгосон Засгийн газар амаргүй цаг үеийг туулж байгаа. Үүнийг зөвхөн Засгийн газар бус аж ахуйн нэгжүүд, ард иргэд ч амьдралаараа мэдэрч, гэтэлж явна. Өөрөөр хэлбэл, хамт зовж, шаналсан гэсэн үг. Монгол Улсын хувьд дээр доргүй зутарсан, хямарсан 100 хоног ард үлдлээ.

Орлогогүй, үйл ажиллагаа нь нам зогссон аж ахуйн нэгж, зарим иргэдийн хувьд цалингүй давсан 100 хоног болж, түүхэнд үлдэж байна. Нийслэлчүүд гэхэд 100 хоногийн бараг л талд нь хөл хорионд байв.

Өндөг, мах, нарийн ногоо гээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн, төгрөгийн худалдан авах чадвар тэр хэрээр уруудсан 100 хоногт Засгийн газар хамаг анхаарлаа вакцинжуулалт руу төвлөрүүлж, үр дүнд нь одоо л мэдрэгдэж эхлэх нь. Нийслэлийн нийт хүн амын 60 гаруй хувь нь хоёр дахь тунгаа хийлгэж амжжээ. Шинээр бүртгэгдэх коронавирусийн тохиолдол энэ долоо гарсан цагаас хойш эрс буурч байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт тасарсан, эндээс орж ирэх орлого тасалдсан 100 хоногт төсвийн алдагдал харин тэллээ. Бизнесүүд хумигдаж, Монгол Улсын гадаад болон дотоод өр төлбөрийн дарамт нэмэгдэв. Эдийн засаг, бизнесийн орчин зутарсан 100 хоногт  нийгмийн даатгалын шимтгэлд өртэй аж ахуйн нэгжийн тоо 21 мянгыг давж, нийт мөнгөн дүн нь 120.3 тэрбум төгрөгт хүрэв.

Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгож буй 3 хувийн хүүтэй зээл 100 хоногийн хамгийн эрэлттэй “бүтээгдэхүүн” байлаа. Банкны шалгуурт тэнцсэн нь баярлаж, унасан нь урвайж бухимдсан сэтгэгдэл цахим орчинд хөвөрсөөр. 

ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа тэргүүтэй эдийн засгийн нөлөө бүхий салбарууд хямралд илүү ихээр нэрвэгдэв. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байна. Тэд бүхэлдээ улсад нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй хоцорч, газрын төлбөр нь хуримтлагдсан, түрээсийн зардал нь талийж өгчээ. Эргэлтийн хөрөнгөгүй, үйл ажиллагаагаа тэлэхээр авсан банкны зээл нь хугацаа хоцорсон, чанаргүй ангилалд шилжсэн гээд 3 хувийн хүүтэй зээлийн босгыг давж чадахгүй нь тодорхой байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлд хамрагдах гэж 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 5,542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 648.7 тэрбум төгрөгийг 9,400 (1,443 ААН, 7,957 иргэн) зээлдэгчид олгож,  366.7 тэрбум төгрөгийн 2,850 хүсэлтэнд татгалзжээ.

3 хувийн зээлийн нийт багц нь хоёр их наяд. Үүнийг дахин нэг их наядаар “цэнэглэж”, 3 их наяд болгох талаар Сангийн сайд нэг бус удаа мэдэгдсэн. Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойшхи хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас эдийн засагт бий болсон.

Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртжээ. Албаны тооцооллоор, Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөг болж, өмнөх оноос ойролцоогоор хоёр дахин их өсжээ. Энэ нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.

Бизнесийн итгэлийн индекс экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, ажил олгогчдын үйл ажиллагаа нь хумигдсан тул 2015 оны хямралын жилийн индекстэй ойролцоо түвшин гарч, тун доогуур үнэлгээ авчээ. Монголбанкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгжийн тоо найман мянга хүрч, иргэн 300 мянга орчим болжээ. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөл хорио, бэлтгэлгүй байдал иргэн, аж ахуйн нэгжийг “хар жагсаалт” руу унахад давхар нөлөөлжээ.

Засгийн газар 100 хоногийн "бэлэг" болгож иргэн болгонд 300 мянган төгрөг тараасан нь он дамнан гэртээ хоригдсон хүмүүсийн хувьд хөргөгчөө нэг удаа дүүргээд авах сэхэл өгсөн. Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн орчин бүхэлдээ зутарсан, хямралд улам гүн шигдсэн 100 хоног баяртай. 

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine