Бодлого

Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг ЗГ, Ханги-Мандалыг хувийн хэвшил хариуцах боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр хөндөгдсөн гол байр сууриудыг тоймлон хүргэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь явуулах ёстой” гэж мэдэгдлээ. Иймд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтой гэж үзэж байна. 

Цаашлаад “Ерөнхийлөгч бол төсөл хэрэгжүүлдэг хүн биш. Зүүнбаянгийн төмөр зам хөдлөх нь зөв байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн институт хэрэгжилтэд нь хэт оролцсон нь буруу байсан. Ерөнхийлөгчийн институт бол Засгийн газар шиг баг, бүтэцтэй байгууллага биш. 13, 14-хөн зөвлөхтэй, нэг хүний институт шүү дээ. Цаашид энэ тал дээр анхаарах хэрэгтэй санагдсан” хэмээн уулзалтын үеэр Ерөнхий сайд мэдэгдсэн юм.  

Ерөнхий сайдаас гадна бусад сайд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:  

  • Биржийн асуудал ид яригдаж байна. Энэ талаар олон удаагийн хэлэлцүүлэг өрнөөсэй гэж хүсэж байгаа. Бирж бол шинэ зүйл биш. Уул уурхай хөгжсөн орнуудад байдаг. Гэхдээ үүнийг яаравчлан шийдэх гээд түүхийгээр нь батлуулчихаж болохгүй. Маш олон удаагийн хэлэлцүүлэг хийж, сайн ярилцах ёстой. Олон талаас ч харах хэрэгтэй. Эхний ээлжинд төрийн өмчит компаниуд биржийн арилжаанд оролцоно. Дараа нь хувийн хэвшил өөрсдөө хүсээд оролцох боломжтой байдлаар зохицуулах ёстой гэж үзэж байгаа.
  • Шивээхүрэн боомтод ложистикийн төв барих ажлыг төрөөс дэмжиж байгаа. Ханги Мандалд ч терминал барина. Хувийн хэвшил хөрөнгөө гарган барьж болно.
  • Уул уурхайн дараагийн супер цикл эхэлсэн. Өмнөх супер циклээр улс юу ч хийгээгүй, бид бэлэн биш байсан. Иймд одооноос боловсруулах үйлдвэрээ хурдавчлах хэрэгтэй. Энэ зурвас үеийг ашиглах ёстой. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бидэнд давуу тал олгоно. Байршлын хувьд "Эрдэнэт үйлдвэр", Бор-Өндөр гэсэн хувилбарууд бий. Үүнээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн ойролцоо барих нь хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан. “Оюу толгой”-н үйлдвэр тусдаа байх нь зөв. Сайншандад байж болох юм. Тэгэхээр хоёр үйлдвэрийн байршлыг ярина. Хөрөнгө оруулагчид байршлаа өөрсдөө сонгоно.                 

Сангийн сайд Б.Жавхлан: 

  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг ойрын хугацаанд олгоно. 
  • Эдийн засгаа сэргээх биш яаж тогтоох вэ гэдэг нь бидний хувьд асуудал байлаа. Эдийн засгаа ч сэргээе. Эрүүл мэндээ ч хамгаалах ёстой. Иймээс 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд 56 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэлээд эрэлттэй зээлийн гурван суваг байна. 8 долоо хоногийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн зээл гарсан байдаг. Энэ нь бидний тооцоолж байснаас хурдан гарсан. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 

  • Ерөнхий сайдтай хамт орон нутагт ажиллаж ирээд “Тавантолгой төмөр зам” компанийнхантай уулзаж, цаашид төмөр замын ажлыг урагшуулах хувилбаруудыг ярилцсан. Мөн ийм байдлаар цаашид Гашуунсухайт өртөө ажиллана гэж тохирсон. Энэ долоо хоногт багтаан УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын төмөрзам”, “Тавантолгой төмөр зам” компанийн төлөөлөлтэй Зам, тээврийн хөгжлийн яамнаас уулзаж, гаргалгаа гаргахаар ярилцахаар төлөвлөж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

  • Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх.
  • Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя.  Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжие.

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: 

  • Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон.  Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж  зээлийн шугам нээх  шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой.

 “Монголын Алт” МАК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт: 

  • Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ийг түшиглэж зэс баяжуулах үйлдвэр байгуулах болсон. Хамгийн боломжтой байршил нь Бор-Өндөр. Дэд бүтэц, усан хангамж сайтай учир шийдвэрээ эргэж харна уу. МСҮТ төгсөөд үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой. Гааль, татвартай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилддөг нь ажилд хүндрэл учруулж байгаад анхаарах хэрэгтэй.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine