Зах зээл

Хятадад энэ онд нүүрсний 4 удаагийн үнийн өсөлт тохиох магадлалтай

Монгол нүүрс ассоциациас санаачлан БНХАУ-ын “Today Think Thank” судалгааны байгууллагатай хамтран зохион байгуулдаг улирал тутмын ээлжит цахим уулзалт өнөөдөр боллоо. Цахим уулзалтад Монгол нүүрс ассоциацийн гишүүн байгууллагууд болон БНХАУ-ын нүүрс импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд оролцсон юм. 

Гашуунсухайт боомтын бүх жолооч хоёр тун дархлаажуулалтад хамрагдсан

Уулзалтын эхэнд Монгол талаас цар тахлын үеийн экспортын нөхцөл байдал болон экспортыг нэмэмгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулсан юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор экспортын тээвэр хийх зөвшөөрөлтэй бүх жолооч буюу 5242 жолооч хоёр тун дархлаажуулалтад хамрагдаад байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд экспортын тээвэр хийдэг 11 мянган жолоочийн 9 мянга нь хоёр тун вакцинд хамрагдсан гэлээ. 

Түүнчлэн тавдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс нийт 7.7 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд сүүлийн үед хилийн нэвтрүүлэлт нэмэгдэж байгааг салбарын яамны төлөөлөл мэдэгдлээ. Тухайлбал, сүүлийн гурван өдөр дарааллан 100-гаас дээш тооны машин нүүрс хилээр гарсан байна. 

Цагаан хаданд 7.7 сая тонн нүүрс экспортод гарахад бэлэн байгаа

Мөн худалдан авагч буюу Хятад талын оролцогчид Монголын нийлүүлэлтийн хэмжээ, үнийн талаар сонирхоход Цагаан хаданд 7.7 сая тонн нүүрс экспортод гарахад бэлэн байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогтбаяр мэдээллээ. Бүтээгдэхүүний үнийн тухайд “уурхайн ам дээрх тонн нүүрсний үнэ 74.65 ам.доллар байгаа бөгөөд Хятадын дотоодын зах зээл дээр эрэлт өсөж байгаатай холбоотойгоор цаашид үнэ өснө гэж харж байна” гэсэн юм. 

“Today Think Thank”-ийн судлаачдын үзэж байгаагаар Хятадын дотоодын зах зээлд энэ онд дөрвөн удаагийн үнийн өсөлт тохиох магадлалтай аж. Үүний гурав дахь нь дөрөвдүгээр сарын сүүлээр тохиогоод байна. Тухайлбал, дөрөвдүгээр сард үзүүлж сайн чанарын коксжих нүүрсний үнэ нэлээд өндөр өсөж 250 юань хүрсэн бол тавдугаар сар гарснаас хойш өсөлт эрчимжиж 330 юань хүрчээ. Гэхдээ үнийн өсөлтүүд оны эхний хагаст тохиож дуусах аж. Учир нь үйлдвэрлэлийн хязгаар тавигдсанаар тавдугаар сарын сүүлийн хагасаас үнэ буурах төлөвтэй байна. 

БНХАУ боомтуудад тавьдаг нүүрсний импортын квотыг цуцалсан

БНХАУ-ын хувьд энэ жил 72 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвлөгөөтэй байгаа ч тус байгууллагын судлаачдын үзэж байгаагаар 54-55 сая тонн коксжих нүүрс импортлох магадлал өндөр гэлээ. Гэсэнч тус улс Австрали улсаас энэ жил нүүрс, төмрийн хүдэр импортохгүй гэдэг нь тодорхой болсон, Монголд цар тахлын тархалт буурч байгаа зэрэг нь монгол нүүрсэнд маш гэгээлэг ирээдүй байгааг судлаачид онцоллоо. 

Цар тахал болон геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын нүүрсний импортын бодлогод том өөрчлөлт гарч боомтуудад тавьдаг квотыг цуцалсан байна. Ингэснээр Монголоос нүүрсний импортоо ихээхэн нэмэгдүүлэх боломжтой гэдгийг “Today Think Thank” цохон тэмдэглэсэн юм. 

БНХАУ-ын нүүрс импортлогчдын зүгээс ч монгол нүүрсийг ихэд сонирхож байгаагаа илэрхийлж экспортлогч компаниудтай шууд холбоо тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine