Бодлого

Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг 912 сая доллараар барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа долоон жилийн дотор нөхнө.

Тогтоолд Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх аж. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа долоон жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.  

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine