Эдийн засаг

АХБ Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлэв

Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” ээлжит тайлангаа өнөөдөр танилцууллаа. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг үүгээр зурагладаг. Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар төсөөлж байгаагаа тус банк зарлалаа. Жилийн өмнөх "Азийн хөгжлийн төлөв" тайландаа 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.6 хувиар төсөөлж байсан юм. Харин энэ удаагийн тайланд дээрх таамгаа ялимгүй нэмэгдүүлжээ.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч С.Болд алгуур өсөлтийн үр дүнд оны эцэст дээрх түвшинд хүрнэ гэж тайлбарласан юм. Судалгааны илтгэлд өгүүлснээр, уул уурхайн бус салбарт сэргэлт харилцан адилгүй байх бөгөөд бизнесийн итгэл эрс сайжрахгүйг дурдлаа. 

Тэрчлэн вакцинжуулалт хэдий эхэлсэн ч цар тахлын нөлөө бүрэн арилаагүй, нийтийн эрүүл мэндийн эрсдэл өндөр байгаа тул дотоод эрэлт огцом сэргэхгүй гэж үзсэн байна. Харин ирэх онд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 5.7 хувьд хүрэхээр байгааг мөн АХБ мэдэгдлээ. Эрсдэл гэвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц болон урсгал тэнцлийн алдагдал өсөх, түлш шатахууны үнэ, валютын ханш, бараа, үйлчилгээний импортын зардал нэмэгдэж болзошгүй байгааг урьдчилан санууллаа. 

Манай улсын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 5.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Төв банкны гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн. Хэдийгээр валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч төгрөгийн ханш сулрах эрсдэл, гадаад худалдааны алдагдал тэлэх дарамт хэвээр үргэлжлэх нь. Бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл, БНХАУ эдийн засгийн сэргэлт эрчимжиж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дагаад өсөхөөр байна. 

Монголын эдийн засаг энэ онд 4.8 хувиар өсөхөд өмнөд хөршийн эдийн засгаа дэмжих бодлогын үр дүн болон дотоодод хэрэгжүүлж буй 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгож буй дотоод зээлийн өсөлт, цар тахлын нөхцөл байдал голлон нөлөөлж байгааг АХБ цохон тэмдэглэлээ. Цар тахлын нөлөө илүү удаан хугацаанд үргэлжлэх, вакцинжуулалт төлөвлөснөөс илүү удаашрах, хөрөнгө оруулалтын орчин муудах, 10 их наяд хөтөлбөр санхүүжилтийн гацаанд орох зэрэг бодит эрсдэл байгааг дахин сануулсан юм. Манай улсын хувьд 2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine