Зах зээл

“Ногоон хувьсгал” супер циклийг $40 их наядаар хөөргөнө

2021   |   January   |  035

Сүүлийн 120 жилд дөрвөн ч супер циклийг давсан түүхий эдийн зах зээл дахин нэг ханшийн халууралтай нүүр тулах уу. Уул уурхайн алтан үе эхэлсэн, эхлээгүй, бүр эхлэхгүй тухай маргаан шинжээчдийн дунд ид өрнөж байгаа ч супер циклийн шинж хэдийнэ бүрэлдсэнтэй хэн ч маргахгүй байна. 

Түүхий эдийн эрэлт богино хугацаанд биш гэхэд дунд болон урт хугацаанд өснө

Өмнөх дөрвөн супер цикл барагцаалвал 1910, 1950, 1970, 2010 онд тохиож, энэ үеүүдэд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүчний 40 төрлийн түүхий эдийн дундаж ханш түүхэн дээд цэгтээ тулж байсныг эдийн засгийн түүхч Дэвид Жэйкс судалжээ. Түүхээс харахад өмнөх дөрвөн супер цикл дэлхийн эдийн засгийг доргиосон хувьсгал, өөрчлөлтийн түрлэгээр бий болсон байдаг. Сүүлийнх нь дэлхийн үйлдвэрлэлийн цэг өрнөөс дорно руу эргэж, 1990 оны дунд үеэс эхэлсэн Хятад төвтэй үйлдвэрлэл, хотжилтын нөлөөнд бий болжээ. Энэ алтан үе 1996 оноос эхэлж, 2008-2010 онд оргилд хүрээд, газрын тосны үнэ сөрөг утгатай болсон 2020 онд ёроолдсон гэж зарим шинжээч үзэж байна. Харин үүнээс өмнөх буюу өнгөрсөн зууны оргил үеүүд аж үйлдвэрийн хувьсгал, дэлхийн II дайны дараах сэргээн босголтоор өргөгдөн дээш хөөрсөн байх жишээтэй. 

Тэгвэл энэ удаагийн супер циклийн суурь шалтгаан нь юу вэ? Цар тахлын дараах цангасан эдийн засаг уу, эсвэл БНХАУ-ын эдийн засгийн V хэлбэрийн сэргэлт үү? “Голдман Сакс”-ийн тайлбарласнаар дэлхийг орвонгоор нь эргүүлэх шилжилт хэдийнэ эхэлжээ. Энэ бол ногоон аж үйлдвэрийн хувьсгал. 

Хүрэн нүүрсний хамгийн том хэрэглэгч, хүлэмжийн хийн топ үйлдвэрлэгч Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй орон болохоо өнгөрсөн есдүгээр сард амлалаа. АНУ ч ногоон эдийн засаг руу хөрвөхөө аль хэдийнэ мэдэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт өнгөрсөн нэгдүгээр сард эргэн нэгдэв. Европын орнуудад ногоон хувьсгал ар араасаа ялалт байгуулж буй бол Орос улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд үлэмж хэмжээгээр бууруулах зорилт дэвшүүлээд байна.

Их гүрнүүд түүчээлж буй энэ үйл явцыг том зургаар нь харвал ирээдүйн төлөөх санаачилгаас гадна одоо тулгараад буй цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх боломж нь ногоон хувьсгал болж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Улс орнууд ногоон аж үйлдвэрийн хувьсгал хийх замаар эдийн засгийн цусны эргэлт, бодисын солилцоогоо дэмжиж, шинэ ажлын байр бий болгож, нийгмийн асуудлаа шийдэх нь. 

Үүнээс гадна 2020 онд их гүрнүүдээс цор ганцаараа өсөлт үзүүлсэн Хятадын эдийн засгийн эрэлт, ам.долларыг суллах Америкийн бодлого, дэлхий даяар өндийж буй инфляцын түвшин гээд түүхий эдийн ханшийг хөөргөх хүчин зүйл цөөнгүй байна. Шинжээчид ч тус тусын таамгаа нотлох баримтыг ээлж дараалан гаргаж тавьсаар байна.

 

Хэрэв супер цикл эхэлсэн гэж үзвэл энэ халуурал хэзээ дуусах вэ, хэр удаан үргэлжлэх вэ гэдэг асуулт зайлшгүй дагалдаж таарна. “Супер циклийн ирээдүйг Хятад шийднэ. Цар тахалд хамгийн түрүүнд талхлагдсан БНХАУ цаг алдалгүй бүтээн байгуулалтын төслүүдээ бодлогоор эрчимжүүлсний үр дүнд 2020 оныг өсөлттэй давсан. Харин энэ бодлогоо 2021 онд үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс үнэ дээш хөөрөх эсэх нь шалтгаална” гэж Австралийн Хамтын нөхөрлөлийн банкны уул уурхай, эрчим хүчний эдийн засагч Вивек Дхар онцолсон байна.

БНХАУ энэ оноос эхлэх 14 дэх таван жилийн төлөвлөгөөгөө гуравдугаар сард танилцуулна. Ирэх таван жилийн Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийг зураглах энэхүү бодлогын баримт бичигт ногоон хувьсгалыг өрнүүлэх төлөвлөгөө багтсан. Үүнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгасан хэмээн Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.

Нөгөө талд Хятадын эдийн засгийн өсөлт гэхээсээ Америк, Европын сэргэлт супер циклийн үргэлжлэх хугацаанд чухал нөлөөтэй гэсэн өнцөг ч хүчтэй байна. “Хятадын металлуудын эрэлт урьдын адил өндөр хэвээр байна. Иймд шинэ супер цикл эхлэх эсэх нь АНУ-ын бодлогоос шууд хамаарна” хэмээн уул уурхайн гигантуудын нэг “Гленкор” компанийн Гүйцэтгэх захирал Иван Гласенберг үзэж байна. Түүхий эдийн эрэлт өмнөх мөчлөгийнх шиг хүчтэй байх уу гэдэг л асуултын тэмдэг хэмээн тэрбээр хэлжээ. 

 Товчхондоо, дэлхийн № 1 болон 2 дахь эдийн засаг ногоон аж үйлдвэрийн хувьсгалыг хэрэгжүүлэх эсэх нь түүхий эдийн оргил үеийг тодорхойлох нь. “Маккензи” группийн тооцоогоор ногоон аж үйлдвэрийн хувьсгалын нийт өртөг ирэх 20 жилд 40 их наяд ам.доллартой тэнцэнэ. Энэ хэрээр эрдсийн эрэлт, эдийн засгийн идэвхижлийг дэмжинэ гэсэн үг. 

Тэгвэл дэлхийн нийт эдийн засгийн тэн хагастай нь тэнцэх ногоон аж үйлдвэрийн хувьсгал гэж юу вэ. Нар, салхины эрчим хүч үү, эсвэл цахилгаан автомашин уу? Энэ нь эдийн засгийн бүх салбарыг ирээдүйд чиглэсэн нөөцийн зохистой хэрэглээ, байгальд ээлтэй, бүтээмж өндөр болгох загварчлал бөгөөд уг хувьсгал барилга бүтээн байгуулалт, тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, инновац технологи гээд бүх салбарыг хамарна.

Чухам энэ өөрчлөлтийн үр дүнд түүхий эдийн аварга эрэлт бий болсноор супер цикл үүснэ гэж “Голдман Сакс” зэрэг олон улсын байгууллагын шинжээчид үзэж буй юм. Яг хэдий хэмжээний эрэлт бий болох нь тодорхойгүй. Гэхдээ нэн тэргүүнд цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн эд анги, цахилгаан автомашин, батарейн түүхий эдүүд болох зэс, хөнгөн цагаан, лити, кобальт, гангийн эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй. 

Тухайлбал, зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэл өдгөө дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн 1.5 хувийг хэрэглэж байгаа бол ногоон хувьсгалын үр дүнд энэ хэмжээ хоёр дахин өсөхөөр байгааг CRU группийн шинжээчид танилцуулжээ. Батарейн үйлдвэрлэлд хэрэглэх зэсийн эрэлт ирэх 10 жилд төмрийн хүдэр болон зэсийн эрэлтийг тус бүр ес дахин, никель болон хөнгөн цагааны эрэлтийг 13-14 дахин өсгөхөөр байгааг Блумбергийн “Шинэ эрчим хүчний санхүү” тайланд дурдсан байна. 

Тиймээс уул уурхайн салбарынхан супер цикл ирсэн гэдэгт тун итгэлтэй, туйлын баяртай байна. Энэ салбарын гигантууд аль хэдийнэ айсуй алтан үеийнхээ баярыг тэмдэглээд эхэлжээ. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани “Би Эйч Пи” урьд өмнө нь байгаагүй их хэмжээний ногдол ашиг тараахаа мэдэгдсэн бол “Гленкор” ногдол ашгаа нэмэгдүүлснээр хувьцааны ханшаа хоёр жил орчмын дээд цэгт хүргээд байна. 

Зэсийн ханш л гэхэд гурван жилийн ёроолоос наймхан сарын дотор 9000 ам.долларыг давж, есөн жилийн оргилд хүрээд буй бол газрын тосны ханш хасах утгыг заасан, 21 жилийн доод цэгээс есөн сарын дээд хязгаарт хүртлээ нислээ. Зургаан салбарын 23 түүхий эдийг багтаадаг Bloomberg Commodity Index одоогоор 2013 оноос хойших дээд цэгт хүрч, 2020 оны гуравдугаар сараас хойш даруй 67 хувиар өссөн байна.

Пуужин шиг хөөрч буй, түүхий эдийн зах зээлийн өсөлтийг зэс хөнгөн цагаан, төмрийн хүдэр зэрэг суурь металл манлайлж, араас нь эрдэнэ шиш, цагаан будаа зэрэг хөдөө аж ахуйн, газрын тос болон байгалийн хий зэрэг эрчим хүчний таваарууд өсөлт өөд тэмүүлсээр байгаа.

“Ковид-19” вирус түүхий эдийн зах зээлийг хүчтэй савлахад хүргэсэн 2020 оныг эс тооцвол уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн ханш 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны нэгдүгээр сарын хоорондох завсар үед шил шилээ даран доод цэгтээ тулцгаасан байдаг. Тэгвэл энэ ёроолын цэгээс өнөөг хүртэлх түүхий эдийн хөдөлгөөнийг харвал зэсийн ханш гэхэд сүүлийн дөрвөн жилд 120 орчим хувиар чангарсан бол төмрийн хүдрийн үнэ бүр 320 хувиар цойлчихоод буй. Газрын тос болон цайрын ханш газардсан цэгээсээ даруй хоёр нугалсан өсөлт үзүүлсэн бол нүүрс болон алтны ханш дунджаар 60 хувиар нэмэгдээд байгаа юм. 

Ерөнхий хандлагыг харвал Хятад, АНУ, Европын холбоо зэрэг нөлөө бүхий хэрэглэгчид, “Би Эйч Пи”, “Гленкор” зэрэг томоохон нийлүүлэгчид болон санхүүгийн гол байгууллагууд гээд тэргүүлэх оролцогчид нэг зүг рүү харж байна. Тэд түүхий эдийн эрэлт богино хугацаанд биш гэхэд дунд болон урт хугацаанд өснө гэдэгт итгэлтэй байна. Харин богино хугацаанд “Ковид-19”, геополитикийн нөхцөл байдал гээд байж магадгүй эрсдэлүүдээс хамааран багагүй савлагаатай байж болзошгүй байгаа юм.

 Өдгөө нүүр тулаад буй цар тахлын дараах нөхцөл байдал, ирээдүйд бий болох сорилтуудаас сэргээхийн тулд их гүрнүүд хүссэн, хүсээгүй ногоон хувьсгалыг эхлүүлэх нь. Гагцхүү олон жилийн турш Европыг эс тооцвол тунхаг төдий байсаар ирсэн ногоон хувьсгалыг хэрхэн өрнүүлэх, хэзээ хэрэгжүүлэх үү гэдэг нь XXI зууны хоёр дахь супер циклийн гол гогцоо байх нь. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine