Хөгжлийн түншүүд ирээдүйг угтахад бэлтгэж байна

Зангиа зүүж, хослол өмссөн ажил хэрэгч хүмүүсийн хөлд дарагддаг хотын төв эл хуль. Улаанбаатарын бизнесийн төв цэг гэж хэлж болох Сүхбаатарын талбай тойрсон шилэн цамхагуудаас энэ хэдэн өдөр анир чимээ үл дуулдаж, хүний урсгал ч үл харагдах. Шилэн шүүгээнд тавьдаг болор үзмэрүүдийг аварга болгоод, хотын төвд суурилуулчихсан гэлтэй. Хэдхэн өдрийн өмнө энд ажил буцалж, бизнес уулзалтууд өрнөж, түргэн хэмнэлтэй алхаа сонсдон, кофены тааламжит үнэр үе үе хамар цоргиж байв. Харин одоо энэ бүхэн цар тахлын тархалтаас дайжин алга болж, хотын чимээ шуугиан, түгжрэл бөөгнөрөл ч сарнин үгүй болжээ. 

“Ковид-19” тахал дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулсан ч хөгжлийн зарим өөрчлөлтийг түргэсгэж, цахимаар худалдан авалт хийх, гэрээс ажиллаж, зайнаас суралцах зэргийг нүд ирмэхийн зуур хүн төрөлхтөнд хэвшүүлэв.  Үнэнийг хэлэхэд, “Ковид-19”-ээс өмнө хүн төрөлхтөнд гэрээсээ ажиллах боломж бүрдээд байсан уу гэвэл тийм. Гэхдээ цар тахалтай нүүр тулж, хөл хорионд орох хүртлээ бид энэ боломжийг одоогийнх шиг ингэж ашиглаж байсангүй. 

Дэлхийн эдийн засгийн форумын тооцоогоор 2020 оны эхний хагас жилд олон улсад нийт гурван тэрбум гаруй хүн хөл хорионд оржээ. Үүний үр дүнд хүмүүс гэрээс ажиллаж, зайнаас суралцаж, цахимаар уулзаж сурлаа, бас ийм горимоор амьдарч болдгийг ч ойлголоо. 

Харин цаашид, цар тахлын дараа энэ хэв маягаа хэвшил болгон үргэлжлүүлэх болов уу. Дэлхийн зарим компани, ялангуяа Facebook, Google зэрэг технологийн томчууд цар тахал дууссан  ч ажлын шинэ горимоо эцэслэхгүй хэмээн мэдэгдэв. АНУ-ын онлайн худалдааны Target компани 3500 ажилчинд зориулан гэр, оффис хосолсон ажлын холимог загвар боловсруулжээ. Үүнээс үзэхэд, ажил олгогчид гэрээс ажиллахыг дэмжиж байна. 

Харин ажилтнууд үүнд хэрхэн хандаж байгаа бол. Санхүүгийн үйлчилгээний PwC компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын 1200 ажилтнаас судалгаа авахад оролцогчдын 71 хувь нь зайнаас ажиллахад амжилттай байсан гэж хариулжээ.  

Мэдээж, ажлын байрны энэ шилжилт цар тахлын үеийнх шиг нүд ирмэхийн зуур өрнөхгүй нь ойлгомжтой. McKinsey –ийн судалгаагаар богино хугацаанд өндөр хөгжилтэй орнуудын ажиллах хүчний 20-25 хувь нь долоо хоногийн 3-5 өдөрт гэрээс буюу зайнаас ажиллах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. 

Тэгвэл дэлхий дахинд эрчээ авч буй энэ шилжилт Монгол Улсад цар тахлын дараа үргэлжлэх үү. 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг оруулж тооцвол Монгол Улс одоогоор дөрвөн удаагийн нийт 48 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байна. Улсын онцгой комиссын мэдээлснээр хатуу хөл хорионы үед төрийн албан хаагчдын 70, аж ахуйн нэгж, иргэдийн 95 хувь нь хөл хорионы дэглэмийг гэртээ сахиж байна.

Хэдийгээр яг хэдэн хүн гэрээс ажилласныг нарийн хэлэх боломжгүй ч Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.8 сая хүний дийлэнх нь ажлын уламжлалт горимоо сольжээ. Мөн шинэ хэв маяг сар хагасын турш үргэлжилсэн гэж тооцвол бид алсаас ажиллах багагүй туршлага хуримтлуулаад байна. Харин цар тахлын ард гарч, хөл хорио тавигдлаа гэхэд үүнийг үргэлжлүүлэх боломжтой юу. 

Энэ асуултад Монголын бизнесийн салбарын топ манлайлагчид үүнд дараах хариултыг өгсөн юм. 

 

Компанийн захирал удирдлагууд ийн үзэж байгаа бол нөгөө талд сар гаруйн хугацаанд гэрээс ажилласан ажилтнууд хуваагдмал байр суурьтай байна.

“Херүга” ХХК-д хэвлэлийн эх бэлтгэгч Б.Дорждэрэм “Хэдийгээр миний ажил зайнаас ажиллах боломжтой ч оффистоо очих нь илүү үр дүнтэй санагдсан. Хүүхдүүдийн чимээ шуугиан, орчны бусад хүчин зүйл ажилдаа төвлөрөхөд саад болж байна. Гэрээс ажиллахын тулд бэлэн байдлаа хангах шаардлагатай. Болж өгвөл тусдаа өрөө гаргах, техник технологийн бэлэн байдал, интернэт сүлжээний найдвартай хангамж зэргээ зэхэх хэрэгтэй” хэмээн ярилаа.  

Тэгвэл хувийн аудитын компанид үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг Б.Батбаярын хувьд зайнаас ажиллах нь хүндрэлтэй байгааг нуусангүй. “Хүмүүс гэрээс ажиллах туршлага бага байсан нь зарим хүндрэл үүсгэж байна. Тухайлбал, зайнаас ажиллахад технологийн мэдлэг дутуу, техник хэрэгслээ бүрэн бэлдээгүй нь нийтлэг анзаарагдсан. Цаашид энэ чиглэлээр ажилтнуудаа сургах нь зүйтэй. Харин давуу тал нь шийдвэр гаргалтууд түргэн шуурхай болсон” хэмээн дүгнэсэн юм.  

Уул уурхайн компанид маркетингийн менежер хийдэг Б.Золзаяагийн хувьд гэрээс ажиллах нь эмэгтэйчүүдэд илүү ачаалал нэмжээ. Хүүхдийн хичээл сургалт, гэр орны болон албан ажлаа амжлуулах гээд нэлээд стресс үүсгэсэн тухай бидэнд учирлалаа. Ажилтнуудын ярианаас харахад гэрээс ажиллаж болох ч ажлын орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлсэн тохиолдолд энэ арга үр дүнтэй байх нь. Эс бөгөөс хэн хүнгүй тохилог оффис руугаа зүглэхийг илүүд үзэх хандлагатай нь анзаарагдлаа.

Ер нь ажилтнууд ч, захирлууд ч бүрмөсөн зайнаас ажиллахыг дэмжихгүй байна. Харин тодорхой чиглэлийн алба хаагчдыг тооцсон хугацаанд ажиллуулах боломжтой хэмээн дүгнэж буй. Тэгвэл үүнд ямар мэргэжлүүд багтаж байна вэ. Хүний нөөцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Adecco групп 2021 онд гэрээс ажиллаж болох ажлын байруудыг танилцуулсны дотор технологийн шинжээч, график дизайнер, хэрэглэгчийн үйлчилгээний оператор, төслийн менежер, цахим сургагч багш зэрэг багтсан байна. 

Цар тахал ажлын уян хатан байдлын бодит төрхийг ажил олгогч, ажилтнуудад таниулаад зогсохгүй шийдвэр гаргагчдад ч түлхэц үзүүлжээ. Энэ оны эхээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд зайнаас ажиллах буюу телевөрк зохицуулалтыг албажуулж, гэрээс ажиллахдаа оффис дээр байхтай адил үүрэг хүлээж, ижил үнэлэгдэнэ хэмээн заасан байна.

Гэхдээ цар тахал төгсөв үү, үгүй юү, шууд гэрээс ажиллуулаад эхэлнэ гэдэг эргэлзээтэй. Энэ асуултыг СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхмийн ахлах багш, эдийн засгийн ухааны доктор Б.Амарсанаад тавихад тэрбээр ийн хариулж байна.

Орон зай үл хамааран ажиллах энэхүү шинэ хэмнэлийг монголчууд цар тахлын маргааш нь биш юм аа гэхэд ойрын 5-10 жилд хэвшүүлэх нь. Хэдийгээр ажил олгогчид ч, ажилтнууд ч тэр техник болон зохицуулалтын шинжтэй зарим хүндрэлтэй  нүүр тулж байгаа ч аль аль тал нь гэрээс ажиллах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нэгдсэн ойлголцол нь “Ковид-19” цар тахлын дараах шинэ эхлэл, бизнесийн хэвшлийн суурь болох төлөвтэй. 

Сонирхолтой нь энэ эхлэл бизнесийн үйл явцыг өөрчлөөд зогсохгүй ирэх жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ гээд цөөнгүй салбарт эргэлт авчрах нь. Зарим ажилтан нь гэрээс ажилласнаар оффисын талбайн хэрэгцээ багасаж, энэ хэрээр компаниудын зардлыг бууруулах талтай. Мөн хурал уулзалтууд ч дэлгэцийн цаанаас өрнөх нь ихсэх тул албан тасалгааны эрэлт хэрэгцээ багасгах төлөвтэй.

McKinsey-гийн шинжээчид өнгөрсөн онд АНУ-ын 278 гүйцэтгэх захирлаас судалгаа авахад тэдний дийлэнх нь оффисын талбайгаа дунджаар 30 хувиар багасгахаар төлөвлөжээ. 

Үүнээс гадна хүмүүс өглөө бүр ажилдаа явах шаардлагагүй болсноор оффистойгоо эсвэл хотын төвд ойр амьдрах гэж зүтгэхээ болино. Дээрээс нь нийтийн орон сууцууд аливаа халдварт өвчин, гэнэтийн нөхцөл байдалд ямар эрсдэлтэйг цар тахал хангалттай ойлгуулсан. Иймд иргэд хотын төвийг бараадахаа болж, төвлөрлөөс гадагш чиглэсэн хүн амын урсгал нэмэгдэх, нийслэлийн хязгаар хэсэг, захын хороодод оршин суух иргэдийн тоо нэмэгдэх боломжтой аж.

Ингээд үзвэл цар тахлын дараах шинэ амьдрал монголчуудад, ялангуяа нийслэлчүүдэд зарим талаар эергээр нөлөөлж, Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, замын түгжрэл, орчны бохирдол, оршин суугчдын стресс бухимдлыг бууруулахад түлхэц үзүүлэх боломжтой нь харагдаж буй. 

Энэхүү шинэ нөхцөл байдлыг дагаад хотын төвлөрлийг сааруулах, дэд төвүүдийг байгуулж хөгжүүлэх бодлого ч эрчимтэй урагшлах боломжтой болох юм. Хэрэв Засгийн газар, нийслэлийн удирдлагууд энэ нөхцөл байдлыг мэдэж, ашиглахыг хүсвэл шүү дээ. Нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн зарим бодлого шийдвэр гарч байсан, хөгжлийн түншүүд ч анхаарлаа ихээхэн хандуулж, дэмжиж ажиллаж байгаа. Улаанбаатар хотын хэсэгчилсэн дэд төвүүдийг хөгжүүлэх хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк сүүлийн 10 гаруй жил тууштай хэрэгжүүлж буй.

АХБ-ны санхүүжилттэй "Баянхошуу" дэд төвийн зарим бүтээн байгуулалт (эх сурвалж: ub-subcenter)

Одоогоор Улаанбаатар хотын зүүн болон баруун хэсгийн хоёр дэд төвд дахин төлөвлөлт хийж, хотын захын хороодод сургууль, цэцэрлэг барьж, төрийн үйлчилгээ, төвлөрсөн дулааны шугамаар холбохоор зорьж байгаа. Ингэснээр иргэд заавал нийгмийн үйлчилгээ авахаар хотын төвийг зорихоо болж, нийслэлийн захын бүсэд ч ая тухтай амьдрах бас ажиллах боломж нээгдэж байгаа юм. 

Үүнийг ч Cонгинохайрхан дүүргийн иргэд хүлээн зөвшөөрч байв. Тус дүүргийн долдугаар хорооны иргэн Д.Хоролсүрэн “Хашаа байшингаа зараад хотын төвд орон сууц худалдаж авахаар төлөвлөж байсан ч "Баянхошуу" орчим маань өдрөөс өдөрт хөгжиж,  хүүхдийн цэцэрлэг, сургууль, Бизнес инкубатор сургалтын төв хүртэл байгуулагдаад байна. Оршин суухад улам таатай болж байгаа учраас эндээ үлдээхээр шийдсэн” гэв. 

Иргэдийг гэрээс нь ажиллуулсан хатуу хөл хорионы үед хотын автозамын хөдөлгөөнийг 85 хүртэлх хувиар хязгаарлан бууруулсан гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна. Ингээд үзэхээр гэрээс ажиллах шинэ хэмнэл нийслэлийн ачаалал, түгжрэлийг багасгахад урт хугацаанд эергээр нөлөөлөх нь. 

Харин энэхүү шинэ хэмнэл биеллээ олоход, бүр тодорхой өгүүлбэл, иргэд хотын төвөөс зах руу чиглэсэн шилжилт хийхэд Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр түлхэц үзүүлж, бодитоор хэрэгжих суурь хөрс болох нь.  Өөрөөр хэлбэл, цар тахлын дараах шинэ хэмнэл ч, Засгийн газрын бодлого ч, хөгжлийн түнш болох Азийн хөгжлийн банкны алсын хараа ч тэр хотын төвөөс захыг чиглэсэн нэг урсгал дээр давхцаж байна. Тэд нэг зүгийг чиглэж байна. Ирээдүйг угтсан, шинэ эхлэлийг дэмжсэн бодлогыг хөгжлийн төлөөх төр, олон улсын түншүүд хэрэгжүүлж байна. 

Эцэст нь, хүн төрөлхтнийг дарийн утаан дунд үлдээсэн дайн дажин, хямрал сүйрэл, байгалийн гамшгууд дэлхийг улам хүчирхэг, илүү тэсвэртэй болгож, хөгжлийг хурдасгахад түлхэц үзүүлсэн. Тэгвэл биднийг бүтэн жил гаруй чичрүүлж буй  “Ковид-19” вирус ч хүн төрөлхтнийг амьдрах, ажиллах илүү дээр хэв загвар, дэг горим руу хөтлөх нь. Цар тахлын дараах шинэ эхлэл нь өнөөдрөөс илүү маргаашийг бий болгох үндэс суурь нь байх нь. 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine