Зах зээл

Их өсөлтийн босгон дээр зэсийн салбарынхан чуулав

Олон улсын зэсийн салбарынхан энэ долоо хоногт тун завгүй байна. Дэлхийн зэсийн 19 дэх удаагийн чуулган шар металлын үйлдвэрлэлийн томоохон төвүүдийн нэг болох Чилийн нийслэл Сантьяго хотоос цахимаар боллоо. Цар тахлын улмаас уулзаж хэлэлцэн, санал бодлоо солилцох нь ховордсон уул уурхай тэр дундаа зэсийн салбарынхан сүүлийн үед сонин хачин, цаг үеийн мэдээ мэдээлэл, шинэ чиг хандлагыг сонсохоор шимтэн сонирхож байв. 
 
Энэ сарын 12, 13-нд болсон Дэлхийн зэсийн чуулган олон талаар онцлог байсныг хэлэх нь зүйтэй. Цар тахлын тархалтын улмаас энэхүү чуулган анх удаа виртуаль буюу цахим хэлбэрээр болсон нь зохион байгуулалтын шинжтэй онцлог байлаа. 
Харин агуулгын хувьд авч үзвэл туйлын сонирхолтой цаг үед болсноороо зэсийн салбарынхан төдийгүй уул уурхайн бусад түүхий эд олборлогчид болон үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн сонирхлыг татсан. Учир нь дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрийн шинэ хувьсгалын суурь металлаар шинжээчид зэсийг нэрлэж буй.
 
Тиймээс ч өдгөө шинжээчдийн дунд маргаан дагуулаад буй түүхий эдийн суперциклийг үйлдвэрлэлийн металлууд тэр тусмаа зэсийн ханшийн өсөлт өнгөлж байна. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй барилга, бүтээн байгуулалт гээд зэсийн эрэлтийг үлэмж дэмжих шинэ эрин айсуй. Тэгвэл энэ алтан үеийн босгон дээр Дэлхийн зэсийн чуулган болсон нь зөвхөн салбарынхан төдийгүй олон улсын анхааралд байв. 
 
Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ удаагийн чуулганд зэсийн салбарын 500 гаруй удирдах түвшний албан тушаалтан оролцжээ. Дашрамд дурдахад уг чуулганд Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэгтэй “Оюутолгой” талаар хэлэлцээ эхлүүлээд буй “Рио Тинто” группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд оролцож, компанийн туршлагаасаа хуваалцжээ. 
Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар зэсийн зах зээлд жинтэй нөлөөлдөг БНХАУ-ын 14 дэх таван жилийн төлөвлөгөө болон олон улсын цахилгаан автомашины зах зээлийн төлөв, тус түүхий эдийг дахин боловсруулах технологи зэрэг гол сэдвүүдийг хөндсөн. 
 
Тухайлбал, банк санхүүгийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг “Голдман Сакс” группийн металлын шинжээч Николас Сноудон мягмар гарагт болсон виртуаль чуулганд оролцож, зах зээлийн төлөвийг танилцуулсан. Тэрбээр ногоон аж үйлдвэрийн хувсгал буюу улс орнуудын байгаль орчны талаар баримтлах бодлого нь ирэх арван жилийн хугацаанд 1970, 2000-аад онтой ижил хэмжээний томоохон өсөлтийг бий болгоно. Ногоон эрчим хүчний шилжилтийн гол цөм нь зэс байх болно хэмээн тодорхойлов.
 
Тус группийн шинжээчдийн тооцсноор нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтыг хангахын тулд ногоон төвлөрсөн дэд бүтцэд 16 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтай шаардлагатай байгаа аж. Гэтэл нөгөө талд цар тахал зэс гэлтгүй уул уурхайн салбарын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд сөргөөр нөлөөлж буй нь богино хугацаанд зэсийн үнийг өсгөнө гэж шинжээчид таамаглаж байна 
 
Зэсийн зах зээлийн гол хэрэглэгч болох Хятадын эрэлт энэ онд өндөр хэвээр байх бөгөөд дунджаар дөрвөн хувиар өсөх төлөвтэй байна. Үүнд дэд бүтэц болон үл хөдлөх хөрөнгийн салбарын сэргэлт нөлөөлөх аж. Харин гол олборлогчдын нэг Чили улс зэсийн зах зээлийн сэргэлтийг угтан гарцаа тасралтгүй тэлэхээр төлөвлөж байна. 2021 онд Чилийн зэсийн үйлдвэрлэл 3.7 хувиар өсөж, 5.9 сая тоннд хүрэх төлөвтэй. Улмаар 2024 онд 6.7 сая тонн болох аж.
 
Товчхондоо БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт, улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн ногоон бодлого болон сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл нь зэсийн эрэлтийг ойрын жилүүдэд дэмжих гэдэгт шинжээчид санал нэгдэж байна. 


Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine