Эдийн засаг - Үзэл бодол

Бага орлого, бага зарлага, шинэ хэвшмэл

2021   |   April   |   036

Эдийн засгийн хямрал гүнзгийрч, бизнесүүд хаалгаа барьж, ажлын байр хумигдсан энэ үед шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг тэтгэх 10 их наядын хөтөлбөрөө зарлахад бүгд “алга ташин” дэмжсэн. Чихэндээ итгэмгүй ч эл хөтөлбөр нийгмийн сонсохыг хүсэн хүлээж байсан тэр л зүйлийг амласнаараа зах зээлд эерэг хүлээлт бий болгосон. Нэг талаас энэ нь сайн зүйл. Хэрэв, амлалтаа биелүүлж чадвал... 

Хөдөө аж ауйн нийт ажлын байр 13 хувиар агшсан байхад уул уурхайн салбарынх бараг 18 хувиар агшсан байх юм.

Бодлогын алдааны золиос болж буруу хүлээлт үүссэний горыг бид яг одоо хүртэж, 44 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоогоод байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр тусгалаа хэрхэн харуулж байгааг нягталж үзье. 

Өмнөх онтой харьцуулбал 2020 онд уул уурхайн салбарын ажлын байрны тоо 9.5 мянгаар буурсан нь хамгийн удаан хөл хорионд байсан “Зочид буудал, байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх” салбарын дараа буюу дөрөвдүгээрт орох том бууралт болжээ. Хамгийн их бууралт нь хамгийн олон ажлын байр багтаамжтай Хөдөө аж ахуйн салбарт гарчээ. Гэтэл хөдөө аж ауйн нийт ажлын байр 13 хувиар агшсан байхад уул уурхайн салбарынх бараг 18 хувиар агшсан байх юм. Магадгүй бидний хүлээгээгүй талбарт хамгийн хүнд дарамт очсоныг энэ тоо хэлэх мэт. Өнгөрсөн оны эхний гурван улиралд ажлын байранд гарсан өөрчлөлтийг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл “мэргэжилтэн” болон “Суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч”-ийн тоо өндөр бууралттайд багтаж байна. Эдгээр нь уул уурхайд гол төлөв ашиглагддаг мэргэжлүүд. Эдгээр мэргэжилтнүүдийг бэлдэх гэж төрөөс, аж ахуйн нэгжүүдээс мэргэжлийн сургалтын төвүүдийг ихээхэн дэмжиж ирсэн ч ингээд нэг жилийн хямралаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж орхилоо.

2020 оны дөрөвдүгээр улиралд аж ахуйн нэгжүүд хамгийн хүнд цохилтыг амссан. Нийт 51 мянган ажлын байр ганцхан улирлын дотор зах зээлээс хасагдсан байна. Түүний дотор: 

» Барилгын салбар 22.5 мянга, 
» Хөдөө аж ахуйн салбар 20 мянга, 
» Уул уурхайн салбар 9.4 мянга, 
» Боловсруулах үйлдвэрлэлийн салбар 4.4 мянга, 
» Бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар 2.8 мянгаар ажлын байраа танасан нь томоохон бууралт болж бичигджээ. 

10 их наядын хөтөлбөрийн нэгдүгээр зорилт ажлын байрыг сэргээх гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд мэдэгдсэн. Үүний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоход зориулж 2 их наяд төгрөг, залуучуудыг сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөгийг төлөвлөөд байгаа. Хөтөлбөрийг ямар тооцоо судалгаанд үндэслэсэн, яаж хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулга байхгүй ч аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүндрэлээ даван туулахын тулд ур чадвар дутмаг ажилчдаа цөөлсөн гэж үзэж буйгаас ийм шийдэлд хүрсэн болов уу.  Шинэ ажлын байр бий болгохгүй, байгаа нь зах зээлээс арчигдаж байхад сургалтын хөтөлбөр ач холбогдолтой гэж бодвол эндүүрэл. 

Хөдөлмөрийн зах зээл дээрээс “алга болсон” ажлын байруудыг үзвэл гол төлөв нарийн ур чадвар, тусгай мэдлэг шаардах ажлын байрууд өндөр бууралттай байна. Эсрэгээрээ энгийн ажил мэргэжлүүд өссөн тал харагдаж байна. Тодорхой хэлбэл, мэргэжилтнүүд гэж үзэж байгаа хэсэг маань өнгөрсөн оны эхний гурван улиралд 42 мянгуулаа ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын тайлангаас харагдаж байна. Харин эсрэгээрээ энгийн ажил мэргэжлийн орон тоо 33 мянгаар нэмэгджээ. 2020 оны эхний гурван улиралд нийт ажлын байрны тоо 9 мянга гаруйгаар буурсан гэхээр ажилгүйдлийг хэн бүрдүүлж байгаа нь тодорхой. 

Боловсролын түвшнээр авч үзсэн ч ажил хайж байгаа иргэдийн дотор Бүрэн дундаас доош боловсролтой иргэдийн эзлэх хувь буурсан байхад дипломын болон бакалаврын дээд боловсролтой иргэдийн эзлэх хувь өссөн байх юм. Үүнээс нэг асуулт урган гарч байгаа нь ажилгүй болсон нарийн ур чадвартай хүмүүн капиталаа ур чадвар шаардахгүй ажилд зуучлахын тулд сургалтад хамруулах гэж буй хэрэг үү?

Нөхцөл байдлыг үнэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд нарийн ур чадвар шаардсан ажлын байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнд, сургалтын хөтөлбөрөөр хүрэх боломжгүй нь ч тодорхой. 2 их наядын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн гол зорилт нь харин ийш онилох ёстой. Ямар ч хүнд хэцүү шалгуур, босго байлаа ч одоогоор үүдээ барьчихаагүй аж ахуйн нэгжүүдэд бага ч гэсэн боломж, итгэл найдварыг энэ зээлийн хөтөлбөр гаргаж өгч байгаа. Боломжоос хоцорсон аж ахуйн нэгжүүд харин гэрэлгүй хонгилдоо үлдэх нь. 

Эдгээр “алга болсон” аж ахуйн нэгжүүд болон “алга болсон” ажлын байруудын хооронд тодорхой уялдаа байгааг ойлгох шаардлагатай. Мэдээж хэрэг үйл ажиллагаагаа зогсоосон, зах зээл дэх орон зайгаа алдсан бизнест зээл олгоно гэдэг яав ч сайн шийдвэр болохгүй. Харин хасагдсан ажлын байруудыг өөртөө “нэмж” байгаа, харанхуй хонгилд нэг ч гэсэн гэрэл асаах гэж зориглон хичээж буйд чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлж болно. 

Хямрал дуусаагүй байгаа ч өсөлт гаргаж буй салбар нэг биш байна. Тухайлбал, 12 мянган шинэ ажлын байр бий болгосноороо боловсролын салбар өсөлтийн парадыг өнгөлж байна. Араас нь эрүүл мэндийн салбар есөн мянга гаруй, санхүүгийн салбар 6500 гаруй, худалдааны салбар 4400 гаруй, харилцаа холбооны салбар 3700 гаруй шинэ ажлын байраар жагсаалаа өргөтгөжээ. 

Эдгээр өсөлт нь ирээдүйд ихээхэн өрсөлдөх чадвартай байх салбаруудыг тодорхойлж байж болох юм. Учир нь монголчуудын хувьд хааяа нэг ухаантай зүйл ярих хэрэгтэй болоход хөнддөг байсан дижитал шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу “Ковид-19” биднийг шууд татан орууллаа. Вакцинжуулалт амжилт олж, цар тахлыг хүн төрөлхтөн ялсны дараа ч өнөөгийн зарим чиг хандлага хэвшмэл байдал болон үлдэх болно. Үүнийг “нью нормаль” буюу шинэ хэвшмэл гэж нэрлэж буй. 

Олон мянган шинэ ажлын байр бий болгосон нь дээрх салбарууд шинэ хэвшмэлд хурдан дасан зохицож, дараагийн шатанд дэвшиж чадсантай холбоотой гэж хэлж болохоор. Үүнийг дагаад төрийн хийх ажлууд ундарч байгаа. Тухайлбал, гэрээр олж авах болон цахим боловсролыг албажуулж, баталгаажуулах, энэ төрлийн сургалтын тааламжтай орчныг бүрдүүлэх, цахим худалдааг дэмжсэн дэд бүтцийг бий болгох, худалдааг хялбаршуулах, эрүүл мэндийн даатгалыг салбарын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах гэх мэт. 

Хэрэв дэмжлэг үзүүлэхгүй юм бол тэдний бий болгосон шинэ ажлын байрууд хэсэг хугацаа өнгөрөхөд л буцаад ширгэх л болно. Эдийн засгийн өсөлтийг нь харвал 2020 онд ажлын байр нэмэгдсэн салбарынх тийм ч өндөр өсөөгүй. Жишээлбэл, боловсролын салбарын ажлын байр 13 хувиар нэмэгдсэн ч ДНБ-ий өсөлт нь дөнгөж 2.3 хувь байна. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ий өсөлт 6.2 хувьд хүрсэн ч нийт ажлын байр нь 13 хувиар агшжээ. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиглагдаж буй шилжилт болон салбарын бүтээмжийн өсөлт хоёрын зөрүүтэй байдал нь зах зээл өөрийгөө шинэ хэвшмэлд тааруулан бэлдэж байгаа үйл явц юм. Энэ хувьслыг хайхраагүй төрийн бодлого зүгээр л төсвийн том зардал болж хоцорно. 

Одоогоор бидэнд төрсөн ойлгол­тоор 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд өндөр цалинтай ажлаа алдсан ур чадвартай ажилчдыг бага цалинтай ур чадвар шаардахгүй ажлын байранд голохгүй ажиллах сургалтад хамруулна. Тус сургалт нь “Мэргэжил, мэргэшил олгоно гэхээс илүүтэй хандлагыг нь өөрчилж, хувь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлд ороход бэлтгэх зорилготой” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдсэн билээ. Нөгөө талд нарийн ур чадвар шаардахгүй энгийн ажлын байрыг дэмждэг уламжлалт бизнесүүд хямралыг тэсэж гарснаараа хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж илүү өндөр байна. Эцэст нь, цар тахлын дараах шинэ хэвшмэлд олон жил сурсан, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа ашиглах боломжгүй талбарт, боловсролдоо оруулсан хөрөнгөтэйгээ харьцуулахад бага орлоготой ажиллах сонголтыг Засгийн газар тулгаж байна. 

Шинэ хэвшмэлийг хайхраагүй төрийн бодлого зүгээр л төсвийн том зардал болж хоцорно.

Ерөнхийдөө сургалтын хөтөлбөр нь өнөөгийн нөхцөл байдалд тийм ч чухал шаардлагатай гэж харагдахгүй байна. Учир нь нэг талаас ажилтны өрсөлдөх чадварыг сайжруулахгүй, нөгөө талаас эрэлт бага байхад нийлүүлэлтийг дэмжих бодлого нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулах нөлөөтэй. 2020 оны арванхоёрдугаар сард 6.2 мянган ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин буурсан дүн юм. Энэ үед эрэлтийг дэмжих ёстой зээлийн бодлого нь үнэлэмж багатай ажлын байрыг нэмэх илүү магадлалтайг харгалзан үзвэл Монголын шинэ хэвшмэлийг “бага орлого - бага зарлага” гэж томъёолж болох юм.

Хэрэв Сангийн яам, Засгийн газар энэ бүгдийг урьдчилж харсан бол 10 их наядын хөтөлбөр төгрөгийн ханшинд дарамт болохгүй гэсэн нь тэдний зөв. Учир нь өрхийн зарлага хумигдаж байгаа үед импортын эрэлт буурдаг. Импорт буурснаар гадаад валютын эрэлт ч буурна. Үүн дээр ам.долларын ханш сул байгаа нь хавсарч нөлөөлнө гэдгийг ч тэд тооцоо биз. 

Тэгэвч эдийн засгийн өсөлт гэдэг ямар ч засгийн газрын хийх ёстой ажил, даалгавар. ДНБ-ий өсөлт хэр өндөр түвшинд хүрэх нь зарим талаар шинэ хэвшмэлийг хэр анхаарч, бодлогодоо тусгаж байгаагаас зайлшгүй хамаарна. Тиймд, хямралын үед 30 гаруй мянган ажлын байр бий болгосон боловсрол, эрүүл мэнд, жижиглэн худалдааныханд бизнесийн зээл авах босгыг намсгаад өгч яагаад болохгүй гэж.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine