Эдийн засаг

Тахлын дараах сэргэлтээс Монгол хоцрох нь

2021   |   April   |   036

Эдийн засгаа өнгөрсөн жил “вакцинжуулсан” орнууд энэ онд зөвхөн өсөлтийн тухай л ярьж байна. “Эдийн засаг нээгдэхээр хэт ачаалал үүсэж магадгүй” хэмээн АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл гуравдугаар сард мэдэгдсэнээс харахад Америкийг огцом сэргэлт хүлээж буй мэт. “Ковид-19”-ийн улмаас уугьсан утаан дунд үлдсэн дэлхийн эдийн засгаас хамгийн түрүүнд БНХАУ өндийж, араас нь АНУ, Япон, Европын холбоо шил даран босох нь. 

2020 оны турш санхүүгийн дархлаажуулалт хийсэн эдгээр улсад “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалт эхлэв үү, үгүй юү, эдийн засгийн гол үзүүлэлтүүд нь цойлж буй бол бүтэн жил бизнес, зах зээлээ хайхраагүй, “амин дэм”-ээр тэтгээгүй орнуудыг цар тахлын дараах хүндхэн он жилүүд хүлээж байна.  

Хэдийгээр “Ковид-19” вирус дэлхийн орнуудыг том жижиг, хүчтэй хүчгүйгээр нь ялгалгүй тархсан ч яг ижил сорилтын өмнө улс үндэстнүүд тэс өөр үйлдэл, үр дүн үзүүлж байгаа юм. Монгол Улсад коронавирусийн тохиолдол хэд зуугаараа илэрч, хөл хорихоос өөр сонголтгүй болсныг шийдвэр гаргагчид илэрхийлж байгаа ч ахиад хоривол амь тавихаас өөр аргагүй болсноо манай топ менежерүүд учирлаж, өвдөг сөгдөн гуйх нь холгүй байна. Тархаагүй тахлын хийрхсэн хорионд бүтэн жил тушигдсан дотоодын бизнес эрхлэгчид 2020 онд тамираа барьж, нөөцөө шавхжээ.

Вакцин бэлэн болчихвол дэлхийн цангасан эдийн засаг хүссэн хүсээгүй, хичээсэн хичээгээгүй эргээд сэргэх нь ойлгомжтой. Бас вакцин хэмээх шидэт шингэн хэзээ бэлэн болох нь хэдийнэ тодорхой болсон бөгөөд 2020 оны сүүлч гэхэд хэрэглэгчдэд хүрнэ гэдгийг эмийн компаниуд аль жилийн өмнөөс мэдэгдсэн. Иймд вакцин хүмүүсийн гарт хүрэх хүртэл иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй  эдийн засгаа мөлхүүлж, хувийн хэвшлээ сөхрүүлэлгүй 2020 оныг даван туулж, тэсэж үлдэх нь улс орнуудын тэргүүн зорилт болсон юм. Тиймээс улс орнууд аж ахуйн нэгжүүдээ өрсөн даалуу шиг ар араас нь нураахгүйн тулд “Ковид-19” тархаж эхлэх үетэй зэрэгцэн хувийн хэвшилдээ хүчээр санхүүжилт шахаж, айл өрхүүддээ мөнгө цацаж эхэлсэн. 

АНУ гэхэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгаа цар тахлаас хамгаалахын тулд 3-6 сарын зайтай гурван ч хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Хамгийн сүүлийнх буюу 2021 оны гуравдугаар сард баталсан 1.9 их наяд ам.долларын хөтөлбөрийг нэмж тооцвол нийт 4.5 их наяд ам.долларын ( ДНБ-ийнхээ 27 хувьтай тэнцүү) санхүүжилтээр эдийн засгийнхаа цусны эргэлтийг сайжруулж, хэвтэрт орохоос сэргийлж байна. 

АНУ-д коронавирусийн халдварын тоо 6000 давсан 2020 оны гуравдугаар сарын 20-нд тул улсын томоохон мужуудад анхны хөл хориог тогтоосон. Хөл хорьсноос нэг сарын дараа АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.3 дахин өсөж, 4.4 хувиас 14.8 хувь болтлоо хөөрсөн байдаг. Агуу Америкийг алга эргүүлэхийн дотор ажилгүйдэл нөмөрч, эдийн засагт нь түгшүүрийн дохио хангинаж эхэлсэн учир тус улсын бодлого тодорхойлогчид “Ковид-19”-ээс иргэдээ хамгаалах эхний шүхэр болох хоёр их наяд ам.долларын хөтөлбөрийг яаравчлан хэрэгжүүлжээ. Уг хөтөлбөрийн дараа ажилгүйдэл алгуур буурсныг Америкийн статистикаас харж болно. 

Энэ “амь тариа” зургаан сарын турш Америкийн ажилгүйдлийг бууруулсны эцэст 2020 оны аравдугаар сард эргэн өсөх хандлага ажиглагдсан тул дахин 0.9 их наяд ам.долларын багц баталж, ажлын байраа алдсан иргэд, аж ахуйн нэгжүүдээ тэтгэжээ.  

АНУ-тай ижил зарчмаар Япон улс цар тахалтай тэмцсэн. Тус улсын ажилгүйдэл өсөж эхэлсэн тавдугаар сараас эхлэн 1.1 болон 0.3 их наяд ам.долларын хөтөлбөрийг сарын зайтай хэрэгжүүлж, эдийн засгаа ар араас нь амин дэмээр “бөмбөгджээ”. Ер нь дийлэнх орон, ялангуяа, АНУ, Япон, Хятад улс өнгөрсөн оны нэг болон хоёрдугаар улиралд цар тахалд бут цохигдсон нь бодит үнэн ч ар араасаа залгуулсан “амь тариа”-ны хүчээр 2020 оны эцсийн улирлуудад эдийн засгаа тэнхрүүлж, ДНБ нь V хэлбэрийн буюу огцом унаад, цавчим өссөн байна.

 

Монголын төр аж ахуйн нэгжээ амьсгал хураахаас аварч чадаагүй 

Улс орнууд ийнхүү нэг иргэнээ ч ажлын байртай нь үлдээж, нэжгээд аж ахуйн нэгжээ амьсгал хураахаас нь аврахаар байдаг бүхнээ шавхаж байхад Монголын төр өнгөрсөн нэг жилд хэдэн компанийг дампуурлаас сэргийлж, хэчнээн хүнээ ажилтай, орлоготой цаашлаад амьдралтай нь үлдээсэн бэ. 

Өмнөх Засгийн газар одоогоос 10 сарын өмнө 5.1 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хөтөлбөр өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн эсэх, Монголын эдийн засагт үр дүнгээ өгсөн, эсэх  гээд тоймгүй асуулт тодорхойгүй хэвээр. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтүүд өнгөрсөн оны эцэст дээшлэх нь бүү хэл ёроолоосоо ч өндийгөөгүйгээс харахад 5.1 их наяд ам.долларын багц АНУ, Японы хөтөлбөрүүд шиг үр дүн үзүүлсэн гэж дүгнэхэд хэцүү. 

Уг нь Монголын эдийн засагт дэндүү том нөлөөтэй, манай худалдааны гол түнш Хятадын ДНБ өнгөрсөн оны эцсийн улиралд 6.5 хувиар өссөн. Нуранги дунд үлдсэн дэлхийн эдийн засаг ч дунджаар 2.9 хувиар буурсан. Гэтэл Монголын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшиж, дэлхийн дунджаас хоёр дахин гүн ёроолд живлээ. Ингээд бодохоор 5.1 их наядын хөтөлбөр хэр үр дүнтэй байсан нь тодорхой харагдана. 

Монголын төр хатуу хөл хорихоос өөр шийдэл танилцуулалгүй, аж ахуйн нэгжүүд нь амьсгал хурааж, ард түмэн нь ажилгүй болохыг харсаар 2020 оныг дуусгав. Монгол төрийн харгис хандлага, харалган бодлогын горыг иргэд өнгөрсөн оны сүүлчээс амсаж, хөдөлмөрийн зах зээл өм цөм гэмтлээ. 2019 оны эцэстэй харьцуулахад 2020 оны дөрөвдүгээр улиралд хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний тоо 77 мянгаар буурсан. МҮХАҮТ-ын мэдээлснээр үйл ажиллагаа эрхлээгүй аж ахуйн нэгжийн тоо 27 мянгаар нэмэгджээ. 2020 онд 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлснээс 98 мянга буюу 74.2 хувь нь Х тайлантай.  Харин 25.8 хувь буюу 34.6 мянга нь хуулийн дагуу тайлан ирүүлжээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад бараг хоёр дахин буурсан үзүүлэлт аж. Монголын төр иргэнээ ажилгүй болохоос, аж ахуйн нэгжээ амьсгал хураахаас аварч чадсангүй. Орлогогүй, эргэлтийн хөрөнгөгүй бүтэн жил туйлдсан бизнесүүд эцэстээ хатаж хорчийн, харангатаж байна. 

Ажлын байрыг хадгалах зорилготой гэх энэ хөтөлбөрийн хоёр их наяд төгрөгийг жижиг, дунд аж ахуйн нэгжид олгохоо зарласан ч өнөөдөр жинхэнэ ЖДҮ-чид энэ зээлийг авч чадахгүй байна.

Ийм хугацаа алдаж, хэвтэрт орсон макро эдийн засгийн нөхцөл байдал дээр шинэ Засгийн газрын танилцуулсан 10 их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжиж байна. Ажлын байрыг хадгалах зорилготой гэх энэ хөтөлбөрийн хоёр их наяд төгрөгийг жижиг, дунд аж ахуйн нэгжид олгохоо зарласан ч өнөөдөр жинхэнэ ЖДҮ-чид энэ зээлийг авч чадахгүй байна. Зээлийн хүсэлт гаргасан 10 жижиг, дунд бизнес эрхлэгч тутмын ердөө нэг нь хүссэн санхүүжилтээ авч байгаа. Зээлтэй холбоотой санал гомдол аж ахуйн нэгжүүдээс олон ирж байгааг МҮХАҮТ-аас мэдээллээ.

Танилцуулаад бараг 60 гаруй хонож байгаа ч 10 их наядын хөтөлбөрийн бодит хэрэгжилт сул, холбогдох журам энэ хэдэн хоногт хэдэнтээ өөрчлөгдлөө. Арилжааны банкуудын эх үүсвэрийг түшсэн энэ хөтөлбөр цаашид бодит эдийн засагт дэмжлэг болох эсэх нь эргэлзээтэй. “Аахилахыг би, араа дааж, ачааны хүндийг нь чи үүр” хэмээн  арилжааны хэдэн банкаа урагш түлхээд, өөрөө ажил хийсэн мэт харагдсан,  зальтай Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр үнэндээ аж ахуйн нэгжүүдэд хоосон хүлээлтээс өөр юу ч авчирсангүй, одоогоор.

Гэтэл хэрэгжилт нь эхлээгүй байгаа Америкийн 1.9 их наяд ам.долларын багц батлагдахаасаа өмнө хэрхэн зарцуулагдах, хэнд хүрэх нь хэдийнэ тодорхой болсон. Тэр бүү хэл эдгээр хөтөлбөрт хамраг­дах эрхгүй хэсгийг ч нарийн заасан байдаг. 

АНУ-ын шил шилээ дарсан эдийн засгаа хамгаалах хөтөлбөрүүд цар тахалд хамгийн хүчтэй өртөж ажилгүй болсон иргэдийг нэн тэргүүнд дэмжиж, тэтгэмжийг нь үе шаттай нэмэгдүүлж байна. Тодруулбал, 1.9 их наяд ам.долларын хөтөлбөрийн хүрээнд долоо хоног бүр олгодог 300 ам.долларын ажилгүйдлийн тэтгэмжийг нь энэ оны есдүгээр сар хүртэл сунгаж, ажлын байраа алдсан иргэдэд 10 мянган ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэх аж. Эрэлтийг дэмжихийн тулд жилийн 80 мянган ам.доллароос бага орлоготой америк иргэд, 160 мянган ам.доллароос багатай орлоготой хосуудад 1400 ам.доллар, 6-17 насны хүүхдэд 3000, зургаагаас доош насны багачуудад 3600 ам.доллар тус тус олгоно. Үүнээс гадна муж, хотуудад 350 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгох бол хүнс болон байр сууцаар хангахад 540 ам.долларын багц хуваарилсан гээд төсөв, төлөвлөгөөний уртаас урт жагсаалт хэдийнэ бэлэн болжээ. Гэтэл гурван жилийн хугацаатай хэрэгжих 10 их наядын хөтөлбөр хэрхэн, яаж, ямар хуваариар хэрэгжих, хэн үүнийг хүртэх нь яг таг, нарийн тодорхой болсон уу.  

Улс орнууд эдийн засгаа аврахын тулд хугацаа богино, үр дүн өндөр эрчимт эмчилгээнүүдийг ар араас нь залгуулж байхад Монгол Улс мянгуужингийн үлгэр болдог мөрийн хөтөлбөртэйгээ бараг ижил хугацаатай хөтөлбөрөөр хөмөрсөн эдийн засгаа сэргээх үү. Яг одоо, иргэд, аж ахуйн нэгжүүд нь үхэх сэхэхийн даваан дээр байгаа энэ эмзэг үед ямар бодлогын арга хэмжээ авч, эдийн засгаа ёроолоос татах гэж байна вэ. Доройтсон, туйлдсан Монголын эдийн засагт одоо л  эрчимт эмчилгээ хэрэгтэй байна. Улирлын мөчлөгөөр үйл ажиллагаа нь урагшилдаг Монголын эдийн засгийн хамгийн оргил үе болох хавар ирчихээд байхад иргэд, хувийн хэвшил ходоод хоосон, хатуу хөл хориотой хэд хоногийн дараа нүүр тулах сонголтгүй сонголтын ирмэг дээр зогсож байна. Намар, өвлийн эдийн засгийн өсөлтийн суурь болдог, дөрөв, тав, зургадугаар сарыг алдвал энэ улсын 2021 он, цаашлаад ирэх хэдэн жилийн ирээдүй тун бүрхэг болно. 

10 их наядыг нэмж тооцвол Монгол Улс ДНБ-ийнхээ 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр “Ковид-19”-ээс эдийн засгаа хамгаалах нь. ДНБ-тэй нь харьцуулаад үзвэл энэ мөнгө үнэндээ бага дүн биш. Энэ оны гуравдугаар сарын байдлаар АНУ болон Сингапур улс ДНБ-ийнхээ 27 хувь, Герман, Финлянд 20 гаруй хувьтай тэнцүү хэмжээний санхүүжилт гаргаж, эдийн засгаа хямралаас гаргаж байна.  Ингээд бодохоор төрийн дэмжлэг,  санхүүжилт их эсвэл багадаа бус харин хэр зарцуулах, яаж байгаа онох, зөв эзэнд хэн нь хүргэхээс бодлого оновчтой эсэх нь шалтгаалах нь. Эцэст нь,  нэгэнт үүдээ барьсан аж ахуйн нэгжийг эргэн сэргээх, хэдийнэ ажилгүй болсон иргэнээ буцаад ажилтай болгох амаргүй. Тиймээс амьсгал хураахаас нь өмнө, ажилгүй болохоос нь урьтаж сэргийлэх нь чухал байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine