Бодлого - Ковид-19

Вакцинжуулалт бүхнийг шийднэ

2021   |   April   |   036

Экспортын орлого хумигдаж, төсвийн нөөц боломж улам хязгаарлагдах нь. “Ковид-19” цар тахлын халдвар нийслэлээс хальж, ихэнх аймагт шинэ тохиолдол нэмж илэрлээ. Эдгээр нь уул уурхайн экспортыг бүрдүүлэх нөлөө бүхий бүс нутагт бүртгэгдэж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрэв. Өдөр ирэх тусам халдварын тархалт нийслэлд нэмэгдэж, цар хүрээ нь тэлсээр байгаа учир УОК, Засгийн газрын түвшинд хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал дахин хүчтэй яригдаж байна. Монголын эдийн засгийн баталгаа, төсвийн орлогын эх үүсвэр болж буй уул уурхайн салбар цар тахлын аюулд нэрвэгдэж эхэллээ. 

Нүүрсний экспортын Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа гуравдугаар сарын 30-наас эхлэн бүрэн зогссон.

“Оюутолгой”-н уурхайд хоёр ч тохиолдол гарсан бол “Эрдэнэт үйлдвэр”-т мөн адил корона­виру­сийн хэд хэдэн тохиолдол илрэв. Стратегийн амин чухал, зогсох эрхгүй уурхайн бүсүүдэд хөл хорио тогтоож, шинжилгээ авах, тандалт судалгаа хийх даруй шаардлагатай болов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Өмнөговь аймагт ажиллаж, Тавантолгойн уурхайд вакцинд хамрагдаж, эхний тунгаа хийлгэсэн бөгөөд уурхайчдаа вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Уурхайчдын хувьд амаргүй өдрүүд үргэлжилж буй. Тэдний ээлж солих хугацаа хойшилж, өдөр ирэх тусам халдвар хамгааллын дэглэмээ нарийн чанд баримтлах хэрэгтэй болж байна. Нэг хүний үйлдлээс нийт уурхайчдын ажил, амьдрал шалтгаалах нь. 

Нүүрсний экспортын голлох гарцууд хаагдаж, вакцинжуулалт үргэлжилсээр. Төмрийн хүдрийн гол экспортыг хийж буй Замын-Үүд боомтыг үе шаттай нээхээр Гадаад харилцааны яам төлөвлөж байна. Хятадын тал Монголд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хилээ түр хугацаагаар хааж, хяналт шалгалтаа чангаруулав. Нүүрсний экспортын Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа гуравдугаар сарын 30-наас эхлэн бүрэн зогссон. Вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 39,454 ажилчны судалгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбарын Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй ажилчдын вакцинжуулалтыг нэгдсэн журмаар зохион байгуулахаар болов. Үүний хүрээнд вакцинжуулалтын цэгээр үйлчлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд өмнө тавьсан. Тэгвэл уурхайнууд дээр ажиллаж буй ажилчдыг вакцинд хамруулж байгаатай холбогдуулан 151 аж ахуйн нэгж, тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, гэрээт аж ахуйн нэгжүүдийг Улаанбаатар хот дахь оффисд ажилладаг 7,407 ажилтан, Улаанбаатар хотоос дараагийн ээлжинд гарах 13,814 ажилтан гээд нийт 21,221 ажилчны судалгааг гаргажээ. Эдгээр хүмүүсийн вакцин хийх цэгээр үйлчлүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус хүргүүлснээр ажилтнууд өөрийн амьдарч буй харьяа дүүргийн хуваарьт вакцинжуулалтын цэгт вакцин хийлгэхээр боллоо. Вакцинжуулалт хурдацтай өрнөж байна. Энэ оны 4 дүгээр сарын 6-ны байдлаар уул уурхайн салбарын 23,511 ажилтан дархлаажуулалтад хамрагдаад байна. Тодруулбал, экспортын тээврийн нийт 7,307 жолоочийг эхний ээлжинд вакцинд хамруулсан бөгөөд хоёр дахь тунгаа энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Уул уурхайн экспортын голлох нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уурхайнуудын 38.8 мянга гаруй ажилчны дархлаажуулалтын вакцинжуулалтыг таван чиглэлээр төлөвлөж, эхний хоёр чиглэл буюу Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайнуудын ажилчдыг вакцинд хамруулах ажлыг эхлүүлж, 84 аж ахуйн нэгжийн 9068 ажилчдыг эхний тунд хамруулжээ. 

Дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан хоёр их наяд төгрөгийн бонд гаргаж буй “Эрдэнэс Тавантолгой” үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн 1,376 ажилтныг вакцинд хамруулаад байна. Компанийн зүгээс үйл ажиллагаагаа ердийн үеийнхээс хумьж, өдөрт 200 автомашин л уурхайн бүсээс нүүрс тээвэрлэж байгаа аж. Цагаан хадны хэсэгт их хэмжээний овоолго үүсгэхгүй байх үүднээс өдөрт гарах автомашины тоог ийнхүү огцом бууруулжээ. Гашуунсухайтын боомтоор нүүрс тээврийн машин өдөрт 50 хүрэхгүй шахам гарч байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” өөрсдийн зорчих хөдөлгөөнийг дор бүрнээ хязгаарласан байна. “Оюутолгой”-н уурхайд илэрсэн сэжигтэй тохиолдол батлагдсан цагаас хойш Гашуунсухайт-Ганцмодны боомтын хяналт, шалгалт нэмэгдсэн билээ.  “Эрдэнэс Тавантолгой” 

 

 “Оюу толгой” 

“Оюу толгой” компанийн ил уурхайгаас экспорт хийгдэхгүй хагас сар боллоо. Тус компанид илэрсэн тохиолдол баталгаажсан тул уурхай доторх хөдөлгөөнийг түр зогсоож, гүний уурхайн 3,500 гаруй ажилтныг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж дуусчээ. Баяжмал тээвэрлэгч 200 гаруй тээврийн жолооч нарыг вакцинжуулалтад хамруулж, эрсдэлээ бүрэн хумьсан байна. Үүнээс гадна уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28 болгон өөрчилж, Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг таван газарт PCR шинжилгээний төвийг байгуулав.

“Оюу толгой”-н зэсийн баяжмалын экспортыг аль болох богино хугацаанд сэргээхээр БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай салбарын сайд холбогдож, уг асуудлаар ярилцжээ. “Оюутолгой”-н уурхайн талбар дээр ажиллаж буй ажилчдын шинжилгээнд бүрэн хамруулсан. “Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн гуравдугаар сарын дунд үеэс эхлэн зэсийн экспорт буурсан дүнтэй байна. Тодруулбал, Монгол Улс гуравдугаар сарын 21-28-ны хооронд 12.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь 21 хоногийн өмнөхөөс гурав дахин буурсан үзүүлэлт юм. 

 

 “Эрдэнэт үйлдвэр”

80 гаруй мянган хүн амтай Орхон аймагт цар тахлын батлагдсан тохиолдол дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар 114 болж нэмэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үндсэн болон гэрээт 6,844 ажилтанд гуравдугаар сарын 24, 25-нд түргэвчилсэн шинжилгээ хийхэд шинэ төрлийн коронавирусийн таван тохиолдол гарсан бөгөөд үүний нэг нь үйлдвэрийн Ерөнхий захиргааны ажилтнаас илэрчээ. Тиймээс захиргааны ажилчид зайнаас болон ээлжээр ажиллах болжээ. Үйлдвэрийн үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт мөн хийсэн юм. 

“Эрдэнэт үйлдвэр” гуравдугаар сарын 26-наас үйлдвэрийн ажилчдаа вакцинжуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд Орхон аймгийн Онцгой комисс “тэг зогсолт” хийхгүй гэж мэдэгдсэн. Дотоодод коронавирусийн тархалт эрчимжиж, “эрүүл бүс” болгон тусгаарлаад байсан уул уурхайн томоохон ордууд болон түүний ойр орчимд халдвар бүртгэгдэж эхэлснээр БНХАУ-ын тал хилээ хязгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байгааг эхэнд дурдсан. 2021 онд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нийт аж ахуйн нэгж, ард иргэдийн цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, хог хаягдал гээд долоон сарын төлбөрийг хариуцахаар болсон. Энэ нь 650 тэрбум төгрөг бөгөөд оны эхний хоёр сарын байдлаар 206.4 тэрбум төгрөг Сангийн яамны тусгай дансанд байршуулжээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 12,000 тун вакцины татан авалтыг хийснээр, 4 дүгээр сарын 6-ны байдлаар 4,000 гаруй ажилтнаа вакцинд хамруулаад байна. 

 

 Бусад...

Говь-Алтай, Дорноговь, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй уурхайн ажилчдыг дархлаажуулалтын вакцинд хамруулах талаар яамны түвшинд идэвхтэй ярьж, тодорхой шийдэлд хүрэхээр зорьж байна. Тодруулбал, Баруун, Зүүн бүсийн дархлаажуулалтын багийг Эрүүл мэндийн яамтай хамтран гаргахаар төлөвлөж байгааг дуулгая. Компаниуд энэхүү ажилд өөрсдийн зүгээс хөрөнгө санхүү болон техник, хүний нөөцөөр туслах боломжтой байгаагаа илэрхийлжээ. Вакцин хийх эрхтэй эмнэлгийн ажилтан хүрэлцэхгүй байгаа тул тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газар болон холбогдох түвшинд хандах санал яамны зүгээс гаргажээ. Үүнд шаардлагатай санхүүжилтийг шийдсэн тохиолдолд яамнаас өөрийн нэрээр хуваарилсан байгаа вакцинуудыг хүн тунгаар нийлүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, уурхайн удирдлагууд  нэгдсэн зохион байгуулалтад орж, тунгийн захиалга, хийгдэх байршил, орон зайг хамтран тодорхой шийдэх хэрэгтэй байгаа аж. 

Sino pharm вакцинд уурхайчдыг хамруулах зорилгоор тодорхой тоогоор захиалж авах хүсэлтээ салбар хариуцсан яамны зүгээс гаргасан. Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны явуулын дархлаажуулалтын багтай хэрхэн уурхайчдыг уурхайн талбарт байхад нь хамруулах боломж байгааг харилцан зөвшилцөж  байгаа боловч тодорхой шийдэлд  хүрээгүй байна. 

Мөн Дархан, Сэлэнгэ, Шарын голын бүс нутаг руу нийт уурхайчдыг хамруулсан вакцинжуулалт эхэллээ. Эрүүл мэндийн яамтай хамтран Төвийн бүсийн томоохон долоон аж ахуйн нэгжийн 17294 вакцины тунгийн хангалтыг тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ. Ингэснээр Шивээ-Овоо, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Шарын гол компанийн ажилчдыг 100 хувь эхний тунгийн вакцинжуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт үргэлжилсээр. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine