Зах зээл

Чили улс хилээ хааснаас зэсийн ханш өслөө

“Ковид-19” вирусийн тархалтын улмаас Чили улс хүмүүсийн тус улс руу нэвтрэх болон гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоож, хил гаалийн хяналтаа улам чангатгаж эхэлжээ. Уул уурхайн гол экспортлогчдын нэг болох тус улс дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хилийн хяналтаа чангатгасан нь зэсийн ханшийг өсгөлөө. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн Comex биржийн арилжаагаар зэсийн ханш дөрвөн хувиар өсөж, фунт нь 4.1390 ам.доллартай тэнцсэн. Харин Лондоны Металлын биржид лхагва гарагийн байдлаар тонн зэсийн ханш 2.4 хувиар дээшилж, 8984 ам.долларт хүрсэн байна. 

Тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 7800-г давсан. Харин "Ковид-19" вирусийн нийт тохиолдол нэг саяд хүрээд байгаа юм. Ингэснээр тус улс нийт халдварын тоо нь нэг саяыг давсан дэлхийн 22 улсын нэг болоод байна.  

2021 оны хоёрдугаар сард Чили улс нийт 430 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан дүн болжээ. 

Хэдийгээр халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа ч тус улс вакцинжуулалтын түвшнээр Өмнөд Америкийн орнууд дунд дээгүүрт бичигдэж байгаа аж.  

Тус улсын ачаа тээврийн урсгалд тавиад буй зарим зохицуулалтаас дурдвал, ачааны автомашины жолооч нараас тус улсад нэвтрэхээс өмнө 72 цагийн хугацаанд хүчинтэй PCR шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байна.  

Хилийн хяналт шалгалт чангарснаас үүдэн тоног төхөөрөмжийн захиалга, татан авалт удааширч, уул уурхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine