MIBG компанийн ТУЗ-ийн даргаар Ө.Ганзориг ажиллахаар болов

Эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Ө.Ганзориг хөрөнгө оруулалтын банкны бизнес рүү орохоор болсноо мэдэгдлээ. Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөө бүхий шинэ оролцогч орж ирж байна. Тодруулбал, МIBG компанийн гол хөрөнгө оруулагч Ө.Ганзориг болж, тус группын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар өнөөдрөөс эхлэн ажиллахаар болов.

MIBG нь 2008 онд байгуулагдсан бөгөөд тасралтгүй 13 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй.

А.Билгүүн захирлын хувьд MIBG компанийн ТУЗ-ийн гишүүнээр цаашид үргэлжлүүлэн ажиллах аж. Тэрбээр “Монголын хөрөнгийн зах зээлд томоохон тоглогч болох олон алхмыг бид хийсэн. Зах зээлийн тэргүүлэх тоглогч байх нь бидний зорилго. Хөрөнгийн зах зээлд өрсөлдөөн улам ширүүн болж байна. Өрсөлдөөн ширүүсэх хэрээр энэ зах зээлд орж ирж байгаа компаниуд нөөцөө нэмэгдүүлэх, ур чадвараа сайжруулах, засаглалын хувьд ч ил тод байх хэрэгтэй байгаа. Энэхүү шаардлагын хүрээнд Ө.Ганзориг захиралтай хэлцэл хийж, MIBG компанийн  ТУЗ-ийн дарга болон гол хөрөнгө оруулагчаар ажиллахаар боллоо. Цаашдаа компани үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхээс гадна бидэнтэй хамт байсан харилцагч нартаа баярлалаа. Энэхүү компанийн цаашдын алсын харааны талаар бид ярилцсан. Байрь суурь, итгэл үнэмшил нэгдэж байгаа” гэв. 

МIBG компанийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг “Миний хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар сүүлийн 20 орчим жил тодорхой ажлууд хийж ирсэн. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Үнэт цаасны тухай хуулийг сайжруулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлуулах зэрэг олон ажилд гар бие оролцсон. Монголын хөрөнгийн захыг олон улсын хөрөнгийн захтай холбох, монголчууд хөрөнгийн захад оролцож, хувьцаа, бондод хөрөнгө оруулах энэ үүд хаалгыг илүү нээх, Монголын компаниуд зөв зохистой IPO хийж, олон нийтэд хувьцаагаа санал болгох үйл ажиллагаанд туслах, зөвлөх, компаниуд нэгдэх болон хөрөнгө босгох зэрэг олон талтай ажлыг бид зохион байгуулна” хэмээн онцоллоо. 

 

 


 



Сэтгэгдэлүүд
  • хэхэхэ
  • [66.181.185.152]
  • 2021-03-17 11:49

Ганзо багын л инээдтэй гар шүү

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine