Компани

"Оюу толгой" ХХК мөнгө шилжүүлснээр татварын актуудыг хүлээн зөвшөөрч буй биш

Татварын ерөнхий газраас "Оюу толгой" ХХК-д 2018 онд 350 тэрбум төгрөгийн, 2020 онд 650 тэрбум төгрөгийн татварын акт тус, тус тавьсан байдаг. Үүнээс “Оюу толгой” ХХК 2018 онд 17.4 орчим тэрбум төгрөгийн актыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин үлдсэнийг нь "Оюу толгой" ХХК төлөхгүй гэж үзэж маргаан үүсгэж байгаа. Тиймээс үүнд засгийн газар байр сууриа хамгаалж арбитрийн маргаанд оролцож буй.

Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюу толгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн байна.

Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөвт шилжүүлсэн талаар Засгийн газар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Засгийн газрын мэдээнд “Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.“ хэмээсэн нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсэх нөхцөл бүрдүүлжээ. 

Оюу толгой ХХК нь уг Татварын ерөнхий газрын нэхэмжлэхийн дагуу төлбөрийг шилжүүлсэн нь Засгийн газраас тавьсан актыг хүлээн зөвшөөрч буйн илрэл биш аж. Учир нь Татварын ерөнхий хуулийн 47.4-т зааснаар “... шүүх татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг ханган эцэслэн шийдвэрлэсний үр дүнд энэ хуулийн 47.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.” гэжээ. Өөрөөр хэлбэл, арбитрийн шүүхэд засгийн газар “Оюу толгой” ХХК-д нөхөн ногдуулсан татварын актыг үндэслэлтэй болохыг нотолж чадахгүй бол сая төлөгдсөн мөнгийг буцаан олгох эсвэл ирэх жилүүдийн татварт юм уу тухайн жилийн бусад төрлийн татварт суутган тооцох боломжтой ажээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine