Зах зээл

Австралийн нүүрсэнд тавьсан Хятадын хориг албажжээ

Австралийн Худалдааны сайд Саймон Бирмингем БНХАУ-ын засаг захиргаа тус улсын нүүрсний импортод албан ёсоор хориг тавьсныг хүлээн зөвшөөрлөө.

Энэ оны аравдугаар сараас эхлэн Австралийн нүүрс ачсан 50 гаруй хөлөг онгоц Хятадын боомтуудад гацаад байсан. Гэхдээ үүнд Хятадын талаас тайлбар өгөлгүй өдий хүрсэн юм. Харин өнгөрсөн бямба гарагт Хятадын хөгжил, шинэтгэлийн хороо тус улсын томоохон 10 эрчим хүчний компанийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Австралиас бусад орноос ямар нэг хязгаарлалтгүйгээр нүүрс худалдан авахыг зөвшөөрсөн гэж Хятадын Коммунист намын төв хэвлэл болох Global Times сонин мэдээлсэн байна.

Тус улсын хөгжлийн бодлогыг зангиддаг гол байгууллага болох Хөгжил, шинэтгэлийн хорооноос нүүрсний үнийг тонн тутамд 640 юаниас (97.8 ам.доллар) хэтрүүлэхгүй байлгахаар хязгаарлажээ.  Мөн Австралиас бусад нийлүүлэгчдийн тоонд Монгол, Индонез, ОХУ зэрэг орнууд багтаж байгааг Global Times сонин дурдсан байна. 

Австрали улс Хятад дахь нүүрсний зах зээлээ аажмаар алдаж буй бөгөөд энэ нь дотоодын болон бусад ханган нийлүүлэгчдэд боломж олгож буйг тус сонин онцолсон байна.  Хэдийгээр тээврийн зардал өндөр боловч Хятад улс АНУ болон Канадаас нүүрс авах талаар судалж эхэлжээ.

Сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагчид тооцогдож буй Хятад улс 2019 онд 299 сая тонн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадын Huawei Technologies компанийн 5G сүлжээнээс татгалзсан. Үүнээс хойш буюу 2018 оноос хоёр улсын харилцаа муудаж эхэлжээ. Хятад улс Австралийн дарс болон арвайн импортод татвар ногдуулсан бол Австралийн талаас БНХАУ-ын элсэн чихэр, мод, хавч зэрэг түүхий эд худалдан авахаа зогсоохыг уриалаад байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine