Ярилцлага

Уул уурхайн салбарын өмнө “Бэлэн байдал” хурцаар тавигдаж байна

2020  |  September - October  |  032

 

“Дисковер Монголиа-2020” чуулга уулзалт болох гэж буйтай холбогдуулан Уул уурхайн үндэсний ассоциацын Гүйцэтгэх захирал Д.Энхболдтой салбарын сүүлийн үеийн өөрчлөлт, чиг хандлагын талаар ярилцлаа.

-Энэ жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалтын онцлог юу байх вэ. Мэдээж хэрэг “Ковид-19” энэ жилийн сэдвүүдэд чухал байр суурь эзлэх байх?

-“Дисковер Монголиа” хурал 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил дэлхий даяараа онцлог жил боллоо. Тэгэхээр хурлын гол агуулга энэхүү өөрчлөгдөж байгаа “шинэ хэвийн байдал”-д Монголын эдийн засаг, уул уурхайн салбар хэрхэн дасан зохицох вэ гэдэгт чиглэнэ. Энэ оны хоёрдугаар сараас хойш Монгол Улс хилээ хааж, наймдугаар сарын 24-нийг хүртэл экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний экспорт тасалдсан. Одоо экспортын хэмжээ өмнөх шигээ сэргэлээ гэж байгаа боловч алдсан хугацааг нөхөх боломж бидэнд байхгүй.

Хэрэв хүйтний улиралд уул уурхай зогсвол Монголын хот суурин газрууд хөлдөх эрсдэл бий болж байна. 

Тэгэхээр салбарын өмнө “Бэлэн байдал” гэдэг асуудал томоор гарч ирж байна. Бид анх удаа л ингэж хилээ хааж байна. Иймд нөхцөл байдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. “Дисковер Монголиа”-гийн өмнөх семинаруудаар бид энэ асуудлыг ярилцсан. Улсын онцгой комисс, УУХҮЯ, МХЕГ зэрэг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн сууж байгаад эрсдэл бодитоор нүүрлээд хил хаах болоход ямар ч бэлтгэл байхгүй байсан гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаарт, цар тахлын голомт нь манай хөрш улс, гол худалдан авагч гэдэг утгаараа маш өвөрмөц нөхцөл байдалтай байгаа. Ийм нөхцөл байдал дахин давтагдвал салбарын хэмжээнд авах арга хэмжээний стратеги төлөвлөгөөг салбар хариуцсан яам боловсруулсан байх үүрэгтэй гэдгийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас хэлж байгаа юм. Үүнийг хурал дээр дахин хөндөнө. Хэдийгээр уурхай бүрд гамшгийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө байдаг ч дахин цар тахал дэгдвэл нийт экспортын 95 хувийг хийж байгаа уул уурхайн салбарт зогсох эрх байхгүй.

Хэрэв хүйтний улиралд уул уурхай зогсвол Монголын хот суурин газрууд хөлдөх эрсдэл бий болж байна. Тэгэхээр цар тахлын үед салбар яаж хамтран ажиллах вэ гэдгийг ярих шаардлагатай байгаа юм. УУХҮЯ салбарын тасралтгүй үйл ажиллагааг хэрхэн хангах вэ, Гадаад харилцааны яам экспортыг хэрхэн тасалдуулахгүй байх вэ, Зам тээврийн яам нь дотоодын нүүрс тээвэрлэлт дээр ямар асуудлуудыг анхаарч үзэх вэ гэх мэтчилэн асуудлууд бий.

Дэлхий нийтэд харагдаж буй бас нэг асуудал гэвэл ам.долларын мөнгөний зах зээл дээрх  хатуу валютын үүрэг суларч байгаа нь мэдрэгдэж байна. Тийм учраас алт бол төгрөгийн ганц баталгаа гэдэг асуудлыг авч хэлэлцэнэ. Алтны жигд бөгөөд хариуцлагатай олборлолтыг нэмэгдүүлэх, үүний тулд юу хэрэгтэй вэ гэдгийг ярилцана. Үүнээс гадна, Элчин сайдуудын цаг, нүүрсний тээвэр, дэд бүтцийн асуудлууд, шинэ Засгийн газрын бодлого, сонгуулийн үр дагавар зэрэг асуудлыг онцгойлон хэлэлцэнэ.

-Нүүрсний экспортын тухайд, тодотголоор баталсан 36 сая тоннын экспорт биелэх боломж харагдаж байна уу?

-Төсвийн тодотголоор баталсан 36 сая тонны төлөвлөгөө бол аргагүй байдлаас гаргасан тоо. Сүүлийн жилүүдийн дундаж болох 30-33 сая тоннд хүрэх боломж бага. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй. Үйл ажиллагааны цар хүрээ, байршлаасаа хамаараад компаниудад хүндрэл өөр өөр тусаж байна. Тавантолгойн нүүрс гарч байгаа гээд бид Гашуунсухайт боомтод хамаг анхаарлаа хандуулаад, бусад гурван боомтоо орхигдуулах тал ажиглагдаж байна. Үлдсэн гурван боомтдоо Гашуунсухайттай адил нөхцөлөөр экспортлох боломж бүрдүүлбэл компаниудад ижил тэнцүү боломжийг олгож чадна. Улсад ганц Тавантолгой чухал биш. Нүүрсний салбар бүхэлдээ чухал гэж хандмаар байна.

Цар тахлын үеэр компаниуд дор бүрнээ зохицуулалт хийгээд үйл ажиллагаагаа тасалдуулахгүйг хичээсэн. Хэцүү үеэ өнгөрөөсөн болохоор одоо экспорт тасалдахгүй бол дахин ямар нэг доголдол үүсэхгүй байх. Хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, геополитикийн асуудлаас болоод Австралийн нүүрсний импортыг зогсоочихлоо. Энэ нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, үлдсэн хугацаанд манай нийлүүлэх нүүрсний хэмжээ үнэхээр бага юм. Гуравдугаарт, коронагийн дэгдэлтийн үед Хятадын импорт бага байсан учраас энэ жилдээ импортын хэрэгцээ байгаа болов уу гэж харж байгаа.

-Нэг талаас цар тахлын нөлөөгөөр Өмнөд Америкийн нийлүүлэлт тасалдаж манай улсад боломж олголоо гэж харж болохоор байна?

-БНХАУ цар тахлын голомт болж байхад эрдсийн үнэ унаад, их хямд болж ирсэн. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал эсрэгээр худалдан авагч улсын маань эдийн засаг нээгдэж эрэлт сэргэж эхлэхэд нийлүүлэгч улсууд цар тахлын голомт болчхоод байгаатай холбоотой. Энэ бидэнд боломж олгож байгаа юу гэвэл тийм. Цар тахал намжихгүй удаан үргэлжилбэл үнэ ахиад ч өсөх байх. Гэвч, Хятад дангаараа удаан хугацаанд үнийн өсөлтийг дэмжээд явах боломжгүй. Бусад улсын үйлдвэрлэл хэрэглээ дагаж өсөхгүй л бол үнэ тодорхой түвшинд хүрээд буцаж унах нь ойлгомжтой. Тиймээс үнэ өндөр байгаа үеийг ашиглаж богино хугацааны тоглолт хийж болох ч урт хугацаандаа тогтвортой байдлыг хангах таатай нөхцөл биш юм.

-Одоо уул уурхайн бизнес эрхлэгчдэд ямар асуудал тулгамдаж байна вэ? Тэд юу хүсэж байна вэ?

-Эдийн засгийн хямрал бий болчихлоо. Гол бэрхшээл хөдөлмөрийн зах зээл дээр ажиглагдахаар байна. Цар тахлын үед сул зогссоноос болоод ажилчдаа олноор нь халах, цалин буурах гэх мэт асуудлууд гарч байгаа. Зөвхөн уул уурхайн бизнес эрхлэгчдэд бус, уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлж байгаа бүх компаниудад энэ зүйл ажиглагдаж байгаа. Аз болж ажилчид, ажил олгогч нар харилцан ойлголцоод хүнд үеийнхээ ард гарч байх шиг байна. Харин энэ зүйл ахин давтагдвал хэрхэн зохицуулах вэ гэдгийг бүр эрх зүйн орчинд оруулж тусгах ёстой болж байх шиг. Түүнээс биш, олборлолтын үйл ажиллагаанд сөрөг нөлөөг зөөлрүүлэх харьцангуй боломжтой юм байна. Компаниудын баримталдаг аюулгүй ажиллагааны дүрэмд халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зарим журам, мөрдлөгийг хэрэгжүүлэхэд олборлолт тасалдахгүй яваад байх боломж харагдаж байна.

Цар тахлын үед, төртэй ойлголцох гэхээсээ төрийн байгууллагууд өөр хоорондоо ойлголцоод аж ахуйн нэгжүүдтэй тодорхой, цэгцтэй мэдээлэл олгож байх нь чухал

-Манай компаниуд шинэ хэвийн байдалд шилжихэд бэлэн байна уу?

-Ний нуугүй хэлэхэд Монгол Улс шинэ хэвийн байдалд орох болоогүй байна. Яагаад гэвэл манайх халдварыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг болохоор дотоодын үйл ажиллагаан дахь нөлөөлөл харьцангуй бага байлаа. Гэхдээ дэгдэлтийн ид үеэр, хөл хорио тогтооход уурхайн талбар дээр ажиллахад их хүндрэлтэй болж ирсэн. Тухайн үеийн туршлагаас үзэхэд шууд шинэ хэвийн байдал руу орно гэхээсээ илүүтэй, ээлжийн зохион байгуулалт, эрүүл ахуйн тусгай процессуудыг мөрдлөг болгоод уламжлалт ажиллагаагаа хадгалах нь манай компаниудад илүү амар байдал харагдаж байна. Мэдээж захиргааны ажилчдын хувьд гэрээсээ ажиллах, цагийн менежмент хийх гэх зэргээр туршиж үзсэн. Огт болохгүй зүйл бас биш юм билээ. Гэхдээ дахин хэлэхэд дотоодод халдвар тархаагүй байгаа үед энэ бол урт хугацааны шилжилт байх болно.

-Цар тахлын үед экспортын хэвийн байдлыг хангахад төрийн оролцоо их чухал гэдэг нь харагдлаа. Нөхцөл байдал дахин давтагдвал төр бэлэн болов уу, тийм зүйлд бэлдэж байгаа зүйл ажиглагдаж байна уу?

-Үүнийг бүх тал оролцож, зөвшилцөлд хүрч байж төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Компаниуд болон Уул уурхайн үндэсний ассоциацын зүгээс ийм төлөвлөгөөг боловсруулахыг төрд санал болгож байгаа. Гэхдээ үүнийг хийхийн тулд бүх боломжит хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй юм билээ. Бүрэн зогсолт болбол, хагас зогсолт болбол, Монгол Улс дотроо бүсчилсэн хөл хорио тогтоовол гэх зэрэг үүсэж болзошгүй нөхцөл байдал бүрд тохирсон төлөвлөгөө хэрэгтэй.

Хамгийн чухал нь, аж ахуйн нэгжүүд гэхээсээ илүүтэй төрийн байгууллагууд хоорондын уялдаа. Тодорхой хэлбэл, хэрэв дотоодод халдвар дэгдвэл тодорхой хугацаанд бүрэн зогсолт болох нь гарцаагүй. Харин халдварын тархалтыг хяналтад оруулж чадсаны дараа сэргэлтийг яаж бий болгох вэ гэдэг нь гол төлөвлөгөө болох учиртай. Энэ жилийн “Дисковер Монголиа” хуралдааны үеэр олон талт санал, зөвлөмж гарч ирэх байх. Тиймдээ ч энэ жилийн хүлээлт нь энэ бэлэн байдлыг төлөвлөгөөг бүх талаасаа хамтраад хийе гэдэг юм.

-”Дисковер Монголиа” хурлын нэг салшгүй хэсэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын санал бодлыг сонсох, тэдний дуу хоолойг гаргаж ирэх байдаг. Энэ боломжийг яаж хангах вэ?

-Энэ жил бид Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын гадаадын хөрөнгө оруулагчдад хурлыг цахимаар үзэх боломжийг олгож байгаа. Хэдийгээр хосолмол хэлбэрээр зохион байгуулж байгаа боловч цахимаар оролцож байгаа хүмүүсийн хувьд танхимд ирсэн хүмүүсийг бодвол санал бодлоо илэрхийлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байж магадгүй. Гэхдээ өнөөгийн цахим хурлын платформууд маш их боломжийг олгож байгаа. Биеэрээ оролцож байна уу, цахимаар оролцож байна уу гэдгээс үл хамаараад асуулт асуух боломж бүгдэд тэгш.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбарт их хатуу бодлого баримталж ирсэн. Энэ нь салбарт ямар өөрчлөлт авчирсан бэ. Цаашид энэ хатуу байр суурь дээрээ зогссоор байх болов уу. Та хэрхэн харж дүгнэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн ч бодлого хэвээрээ гэж харж байгаа. Гэхдээ арай макро хэмжээнд харж, сэтгэж эхэлж байх шиг байна. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтод анхаарал хандуулж эхэллээ. Өмнөх огцом, ширүүн бодлого, үйлдлүүдийн тухайд үргэлжилнэ гэхээсээ илүү бодлогын зохицуулалт хийх хандлага руу орох болов уу. Ерөнхий сайд бүх асуудлыг бие даан шийдээд байх боломж ч байхгүй. Тэгэх газар ч бараг үлдсэнгүй.

Түүний өнгөрсөн шийдвэрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдал гэж хүлээж авсан. Нөгөө талаас асуудал тэгтлээ газар авчхаагүй. Гарсан шийдвэр бүрийг тухайн аж ахуйн нэгж нь хүлээж авах нь авсан бол хүлээж авахгүй байгаа нь шүүхэд хандаад явж байгаа. Товчхондоо, шүүхийн шийдвэрүүдээс үр дүн нь харагдана. 

-УИХ-ын сонгууль болж, Засгийн газрын бүтэц шинэчлэгдсэн. Төртэй ойлголцох, харилцахад ахиц дэвшил гарч байна уу?

-Ялангуяа цар тахлын үед, төртэй ойлголцох гэхээсээ төрийн байгууллагууд өөр хоорондоо ойлголцоод аж ахуйн нэгжүүдтэй тодорхой, цэгцтэй мэдээлэл олгож байх нь чухал юм билээ. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн байгууллагын эргэх холбоог сайжруулахаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ хэлж байсан. Энэ ажил нь жигдэрчих юм бол аж ахуйн нэгж, төрийн хооронд гардаг үл ойлголцол, хүнд суртлын асуудал хэд дахин багасах нь ойлгомжтой. Гэхдээ ганц нэг зүйл өөрчлөөд засагдах зүйл биш, тодорхой хугацаа шаардах процесс учраас аль аль талдаа туршлага хуримтлуулах хэрэгтэй юм билээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine