Компани - Үйл явдал

“Эрдэнэс Монгол”-ын ирээдүй - Баялгийн сан

Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын хөгжлийн стратегиа танилцуулав. Ажилтай, орлоготой монгол иргэнийг дэмжих замаар нийгмийн дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх хэтийн зорилго тавьсан тус компани байгалийн баялгаас олсон орлогыг тусгай санд төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Тус компани олон улсын жишгийн дагуу Баялгийн сан болохоор зорьж буй аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Уг хуулийн төсөл батлагдвал “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны бүтэц өөрчлөгдөж, энэ хэрээр цар хүрээ нь өргөжих юм байна. Мөн Монгол Улсын уул уурхай ашигт малтмалын орлогын бүтэц төрөлжиж, түүнийг дагасан дэд бүтцийн хөгжил сайжирч, үр ашиг, бүтээмж нэмэгдэж улмаар эдийн засгийн өсөлт дунд болон урт хугацаанд тогтвортой өсөх шууд нөлөө үзүүлнэ гэв. Үүнээс гадна стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах, түүнийг дагасан дэд бүтцийн төсөл, мега болон нийгмийн хөгжлийг дэмжих төсөлд хөрөнгө оруулалт хийснээр улсын төсөвт ирэх ачааллыг бууруулна хэмээн тооцжээ.

Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Хуулийн төсөл боловсруулалтын шатандаа байгаа учраас нээлттэй мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн төсөлд орлогыг хоёр төрлөөр төвлөрүүлэхээр тусгасан. Стратегийн ордын ногдол ашгаас сандаа төвлөрүүлнэ. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Баялгийн санд төвлөрүүлнэ гэж үзэж байгаа. Хамгийн гол нь, томоохон ордуудаа ашиглалтад оруулах нь чухал.

Харин баялгийн сангийн төвлөрсөн орлогыг гурван чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, баялгийн сангийн орлогын 10 гаруй хувийг гадагшаа тогтмол орлоготой, тодорхой шаардлага хангасан үнэт цаасанд хөрөнгө оруулахаар тусгасан. Мөн орлогын тодорхой хувийг хоёр замаар дотооддоо зарцуулна гэж тооцож байгаа. Тодруулбал, мега төслүүд буюу улсын ДНБ-ий 10 хувь, түүнээс дээш хувийн хөрөнгө оруулалт шаарддаг том төслүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжилт хийнэ. Хоёр дахь нь гурав, дөрөв дэх Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зарцуулахаар тооцож байгаа. Ийм гурван хувилбараар баялгийн сангийн орлогыг зарцуулна. Ингэхдээ зарцуулалт бүрт тодорхой шалгуур тавьж байгаа. Тиймээс улс төр, төрийн оролцоо хумигдах юм” хэмээв.

Он гарснаас хойш тус компанид ашиглалтын хэд хэдэн тусгай зөвшөөрөл шилжиж ирсэн. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улмаар байгалийн баялгаас олсон үр өгөөжийг иргэн бүрт хүртээх боломж бүрдэж байгаа гэдгийг Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлов. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй тус компани өнөөдрийг хүртэл Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг л эзэмшиж байжээ. Харин стратегийн орд газруудыг төрд авах Засгийн газрын бодлогын хүрээнд Асгатын мөнгө, полиметаллын ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан юм. Мөн Салхитын мөнгөний ордын ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх Засгийн газрын тэмдэглэл гарсан.

Эдийн засгийг төрөлжүүлэхэд “Эрдэнэс Монгол” компани өөрсдийгөө гол үүрэгтэй оролцоно гэж харж байгаа тул эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч, хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сүүлд Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эхлүүлсэн байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Метан” Австралийн “Жэйд Метан” компанитай Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард үзэглэсэн бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж. Энэ төсөл нь, томоохон хотуудын дулааны шинэ эх үүсвэр болохоор найдвар төрүүлж буй бөгөөд импорт орлох том үйлдвэрлэл болно.

Баялгийн сангийн хуулийн төсөл батлагдвал “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны бүтэц өөрчлөгдөж, энэ хэрээр цар хүрээ нь өргөжнө

Мөн Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг санаачилжээ. Уг төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг цогцолбор жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэх аж. Уг цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан төлөвлөж байна. Хөрөнгө оруулагч нь ч үндсэндээ тодорчихсон, БНХАУ-ын SINOSTEEL компанитай “Эрдэнэс Стийл” компани хамтран хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн урд хөршид хийсэн айлчлалын үеэр дээрх хоёр компанийн хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг баталгаажуулсан юм.

Үүнээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг уулзалтын үеэр тодотгов. Хэрэв техникийн шинэчлэл хийж чадвал Улаанбаатар хотыг эрчим хүч, дулаанаар найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэхийн зэрэгцээ уурхайнууд үр ашигтай ажиллах аж.

Цаашид “Эрдэнэс Монгол” компани нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний томоохон хөрөнгө оруулалтын компани болох зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгыг хангах ажлын хүрээнд дунд хугацааны бизнесийн стратегийг батлан хэрэгжүүлж байгаа ба дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “Темасек Холдинг”, “Самрук Казына”, “Рио Тинто” зэрэг уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүлэгч компаниудтай жишихүйц, олон улсад өрсөлдөхүйц томоохон компани, сан хэлбэрээр үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулахаар зорьж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine