Түүхий эд - Зэс

Чилийн зэсийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байна

Чилид гарч буй эсэргүүцлийн жагсаалд Коделкогийн ажилчид нэгдсэнээр ихэнх уурхайн үйл ажиллагаа доголдоод байна.

Чилийн “Коделко”-гийн эвлэлдсэн ажилчид лхагва гарагт үндэсний эсэргүүцлийн жагсаалд хэдэн мянгаараа нэгдсэнээр эмх замбараагүй байдал үүсэж одоогоор 15 хүний амь үрэгдэж 1600 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл зургаан том хотын яаралтай тусламжийн төвүүдээс иржээ. 

Тухайн өдрийн үдэш Коделкогийн удирдлагууд тус компанийн ихэнх уурхай ямар нэг нөлөөнд автаагүй гэж мэдэгдсэн юм. 

Зэсийн баяжмалын экспортод ногдуулдаг роялти төлбөрийг нэмэх шаардлага тавьжээ

Зэсийн салбарын ажилчдын холбоо нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ 3.5 доллар байх, сарын орлого нь 11000 ам.доллараас дээш хүмүүсийн татварыг нэмэх, суурь тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бөгөөд Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пинера дээрх асуудлаар хийх хэлэлцээр хойшлуулж буйг тухай мягмар гарагт мэдэгдсэнээр тэд 48 цагийн ажил хаялт зарлаад байгаа юм.

Боомтууд хэдийнэ эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байгаа нь дэлхийн №1 зэс үйлдвэрлэгчийн нийлүүлэлт тасалдах эрсдэлийг бий болгож байна. Чилийн экспортын 60 хувийг зэс бүрдүүлдэг юм. 

Гэхдээ үүнээс илүү том асуудал нь үйлдвэрчний эвлэлүүд зэсийн баяжмалын экспортод ногдуулдаг роялти төлбөрийг нэмж төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. “2004 оноос хойш Чилийн зэсийн үйлдвэрлэлийн салбар үндсэндээ зогсонги байдалтай болчихоод байгаа энэ үед ийм шийдвэр гарвал явцдаа Чилийн уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтад хаалт болно” гэж “BMO Metals”-ийн шинжээч Колин Хамилтон анхааруулжээ. 

19000 орчим ажилтантай Чилийн дөрвөн том уурхайн нэг Antofagasta компанийн лхагва гарагт мэдээлснээр нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлж, гарц 5000 орчим тонноор танагдахаар байна гэжээ. Чили нь дэлхийн нийт зэсийн үйдвэрлэлийн 30 орчим хувийг дангаараа хангадаг улс. Тус улсын нийгмийн байдал үймээнтэй байгаа эдгээр өдрүүдэд Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн ханш 5800 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Олон улсын худалдааны нөхцөл байдалтай холбоотойгоор ханш нь тун мэдрэг байгаа зэсийн үнэ аравдугаар сарыг тонн тутам нь 5600 ам.доллар орчимд эхлүүлсэн юм. 

Тус улсын уурхайчид сүүлийн улирлын гүйцэтгэлээс харахад энэ жил 750-790 мянган тонн зэс олборлох төлөвлөгөө биелэх боломжтой харагдаж байна. Гэхдээ 2020 онд Сентинела уурхайн хүдрийн агууламж буурч байгаатай холбоотойгоор олборлолтын хэмжээ 725-755,000 тонн байх аж. 

Мягмар гарагт дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Эскондидагийн ажилчид мөн түр хугацаанд ажлаа зогсоосон байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine