Ярилцлага

Засгийн газар хариуцлагатай уул уурхайг дэмжих болно

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын бирж IPO хийх бэлтгэл ажил ямар явцтай байна вэ. Засгийн газраар дахиж хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх асуудал байгаа юу?

Тавантолгойн орд дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаний хувьцааны тодорхой хэсгийг олон улсын хөрөнгийн биржид арилжаалах замаар Тавантолгойн ордыг иж бүрэн бөгөөд өндөр ашигтайгаар ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтуудыг хэсэгчлэн шийдвэрлэх концепци хэвээр байгаа. Энэ чиглэлээр өнгөрсөн жил гарсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн ажилласаар байна. Долдугаар сард Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, уг ажлыг эхний ээлжинд Цанхийн Зүүн хэсэг дээр төвлөрүүлэн гүйцэтгэхээр нарийвчлан зааж өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дор “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. 

УИХ-ын тогтоол гарсан цагаас бэлтгэл ажлууд хийгдээд эхэлсэн тул зарим ажлуудын явц нэлээд ахицтай байгаа. Гагцхүү Засгийн газрын шийдвэртэй уялдуулан эдгээр хийгдээд явж буй ажлуудыг тодотгох ажил техникийн зөвлөхүүд дээр хийгдэж байгаа.

Техникийн зөвлөхөөс бусад хүлээгдэж байсан зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани эхлүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд УИХ 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалахтай холбоотой ажлыг зохион байгуулж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллахад тулгарч байсан хүндрэлүүдийг шийдвэрлэсэн тул эдгээр зөвлөхүүдийг сонгон, үйлчилгээг нь авч эхлэх ажил шуурхай явагдана.

Коксжих нүүрсний үнэ болон эрэлт өндөр байгааг харгалзан валютын болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, мөн IPO-ийн үнэлгээг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн оноос эхлэн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл өгснийг “Эрдэнэс Тавантолгой” компани амжилттай биелүүлэн ажиллаж байна.

IPO -той холбоотой бэлтгэл ажлуудыг явцыг Засгийн газар, УИХ-д шаардлагатай тохиолдол бүрт танилцуулж, хэрэгцээтэй шийдвэрүүдийг гаргуулж байгаа. Тийм ч учраас Засгийн Газар богино хугацаанд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани байгуулахтай холбоотой, мөн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замуудын ажлыг эхлүүлэхтэй холбоотой зэрэг олон шийдвэрийг шуурхай гаргаж байгааг та бүхэн харж байгаа байх. Цаашид ч ийм байдлаар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана. 

Зөвхөн зүүн цанхийн орд дээр түшиглэн охин компанийн IPO амжилттай болж, хүссэн хөрөнгө оруулалтаа татах боломжтой юу гэдэгт эргэлзээ бий. Та үүний эерэг, сөрөг нөлөөг юу гэж харж байна вэ?

Тавантолгойн бүлэг орд дээр судалгаа хийж, нөөцийг нарийвчлан тогтоох ажил олон жилийн турш хийгдэж ирсэн, цаашид ч олон жил үргэлжилнэ. Цаг хугацааг өнөөдрөөр таслан авч үзвэл IPO хийх хэмжээнд бэлтгэгдсэн орд бол Зүүн Цанхийн хэсэг байгаа юм. Зүүн Цанхи уурхайг Тавантолгой төсөлд үнэ цэн нэмэх дэд бүтцийн болон үйлдвэрийн төслүүдтэй багцлан IPO хийх хувилбар дээр бид нэгэнт төвлөрсөн. Энэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид ямар арга хэмжээнүүд авч, яаж ажиллах вэ гэдэг яриа байхаас биш энэ хувилбарыг бусад хувилбартай харьцуулах, эргэлзэх, эргэж буцах зүйл байхгүй. IPO-г үе шаттайгаар хийх боломжтой байдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс эхний үе шатанд Зүүн Цанхийн нөөцөд суурилсан IPO хийх энэ хувилбар хөрөнгө оруулагчдын нүдэнд цаашдын өсөлтийн маш их боломжтой, сонирхол татах хувилбар. Харин Монгол Улсын хувьд Тавантолгойн бүлэг ордоо бүгдийг нь нэг дор хөрөнгийн бирж дээр гаргах биш, долоон лицензээ толгой компани болох “Эрдэнэс Тавантолгой” компани дээр барьж үлдээд, цаашдын стратегийг нь тухай бүрт нь тодорхойлоод явах боломжийг олгож буй давуу талтай. Бүлэг ордын нэг хэсэг дээр IPO хийхтэй холбоотой эргэлзээ, тээнэгэлзээ, техникийн зарим нэг хүндрэл гарна гэж эмээж байгаа бол чухам үүнийг шийдвэрлэ гэж “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани дээр чадварлаг мэргэжилтнүүд, менежерүүдийг томилж, олон улсын хамгийн шилдэг зөвлөхүүдийг сонгон ажиллуулж байна. Эдгээр хүмүүс та бидэнд хамгийн сайн үр дүнг авч ирэх үүрэгтэй.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт тодорхой бэрхшээлтэй тулгарч болзошгүй талаар төслийн менежментийг хариуцаж байгаа компани мэдээлсэн

-Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт тодорхой бэрхшээлтэй тулгарч болзошгүй талаар төслийн менежментийг хариуцаж байгаа компани мэдээлсэн. Зардал өсөж, хугацаа хойшилж магадгүй байна. Салбарын сайд хувьд та ямар байр суурьтай байгаа вэ. Төслийн менежмент, хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцсан уу?

Төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлогдсон тухайд бол уул, техникийн нөхцөл байдлаас үүдсэн бөгөөд ямар нэгэн улс төрийн нөлөө байхгүйг энд цохон хэлэх нь зүйтэй. Салбарын сайдын хувь компанийн удирдлагуудтай уулзалт хийж, үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцсон.

Оюутолгой төсөлд өнөөгийн байдлаар 5000 гаруй хүн ажиллаж байна. Мөн 12000 туслан гүйцэтгэгч бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг олноор нь цуцалж байгаа нь уул уурхайн салбарынханд тодорхойгүй байдал үүсгэж байна. Ямар үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийг цуцалж байна вэ. Ялангуяа Гурвантэс суманд байрлах нүүрсний ордуудын тусгай зөвшөөрлүүдийг ямар үндэслэлээр цуцалсан бэ?

-Юуны түрүүнд уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийн хамгийн чухал, гол тулгуур гэдгийг онцолж хэлмээр байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг, экспортын бүтээгдэхүүний 87 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг тус тус бүрдүүлж эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж байна.

Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл 2005 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувийг хамарсан байсан. Үүнийг үе үеийн Засгийн газар үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2009 онд 25.2 хувь, 2011 онд 16.1 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 5.4 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны хагас жилийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 8.4 сая га талбайг хамарсан ашигт малтмалын 2946 тусгай зөвшөөрөл, үүнээс 1.65 сая га талбай бүхий 1662 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 6.73 сая га талбай бүхий 1261 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Дээрх тоон үзүүлэлтээс үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2005 онтой харьцуулахад 87.8 хувиар буурсан байна.

Гэсэн хэдий ч зарим хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгаа тухай гомдол, саналыг иргэд, төрийн бус байгууллагуудаас уламжилж байгааг харгалзан үзэж, хуульд заасан үндэслэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан дүгнэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн дагуу 23 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна.

Хамгийн чухал салбар болохоор хамгийн их анхаарал хандуулж, хариуцлагатай ажиллагааг компаниудаас шаардах нь зүй ёсных. Энэ салбарт бугшсан олон асуудлын нэг нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал байдаг. Мөн байгаль орчныг хамгаалах, хууль дүрмийн дагуу ажилладаггүй цөөнгүй компани байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Байгаль орчныг доройтуулан сүйрүүлж байгаа, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Түүнээс биш хууль, дүрмийн дагуу ажиллаж байгаа бизнес эрхлэгчдээ, компаниудаа хааж, боож хавчиж байгаа бодлого огтоос биш шүү гэдгийг ялгаж салгаж ойлгоорой. Манай Засгийн газар, УУХҮЯ хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар ажиллаж байгаа компаниудаа дэмжих болно.

-Засгийн газраас таван сайдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө гарсан болов уу?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дээрх ажлын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийн олголтыг шалгах дэд ажлын хэсгийн тушаалын төсөл, ажлын төлөвлөгөөг боловсруулаад байна. Удахгүй шалгалтын тайлан гарах болно.

-Уул уурхайн салбарыг хөгжүүлье, үр ашгийг нь хүртье, нийгмийн лицензийг авья гэвэл зайлшгүй уул уурхайн салбар хариуцлагатай болох шаардлагатай. Засгийн газар, УУХҮЯ энэ чиглэлд ямар ажил төлөвлөж, хийж байна вэ?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Улмаар шинээр уул уурхайн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, уул уурхайн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн, боловсруулалтын төвшинг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж үр ашгийг нь нэмэгдүүлэх замаар хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт хаалтын журам, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм зэрэг бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулж, батлуулахаар холбогдох ажлыг хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэж байна.

Мөн Монгол Улсын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг хөхиүлэн дэмжих, нэвтрүүлэх, даган мөрдөж бодитоор төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах зорилгоор Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Багануур” ХК зэрэг томоохон найман аж ахуйн нэгжтэй “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулаад байна. Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексын хүрээнд нэгдсэн эдгээр компанийн сайн жишгийг бусад уул уурхайн компаниуд идэвхитэй дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ид хэлэлцэж байна. Байгалийн баялагтай холбоотой 6.2 болон орон нутгийн засаг захиргаатай холбоотой 56.2 дахь заалт хэрхэн өөрчлөгдөх бол, уул уурхайн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ. Сайдын хувьд Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Салбарын сайдын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ихээхэн ач холбогдол өгч хуульд орох өөрчлөлтийн асуудлаар салбарын мэргэжлийн холбоод ахмад уурхайчид, эрдэмтэн мэргэдийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уул уурхайн салбар бол манай улсын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбар үүнийг дараах үзүүлэлтүүд бүрэн илтгэнэ. Тийм болохоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ихээхэн анхааралтай, судалгаа тооцоотой хандах ёстой. УУХҮЯ-наас салбарын мэргэжилтнүүдийг хамруулан Ажлын хэсэг байгуулж, саналт дүгнэлтээ гарган ажиллаж байгаа.

-Сайдаар томилогдоод Та өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хууль эрх зүйн орчинг бий болгоно гэж байсан. Энэ ажил юу болсон бэ. Шийдэх, тулгамдаж байгаа гол асуудал нь юу юм бэ?

Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 8.4 сая га талбайг хамарсан ашигт малтмалын 2946 тусгай зөвшөөрөл, үүнээс 1.65 сая га талбай бүхий 1662 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 6.73 сая га талбай бүхий 1261 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгааг дээр хэлсэн.

Дээрх тоон үзүүлэлтээс дүгнэлт хийхэд хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын тусгай зөвшөөрлөөс бага байгаа нь тогтолцоо буруу байгааг илтгэж байна. Иймээс газрын хэвлий дэх нөөц баялгийн хэмжээг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг зайлшгүй өргөдлөөр олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага, үндэслэл байна. Харамсалтай нь энэхүү эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан боловч дэмжигдээгүй байгаа. Дахин танилцуулах болно.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine