Бодлого - Стратегийн орд

“Оюутолгой” ирэх Засгийн газрын асуудал

Asia Mining Magazine 2019 | August | 021

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон “Рио Тинто”, Засгийн газар хоорондын маргаан 10 дахь жилдээ үргэлжилсээр. УИХ-аас томилогдсон “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Дубайн гэрээ”-ний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын тогтоол батлах талаар яригдаж байна. Ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээс хамааран хойшилж болзошгүй. Хэрэв ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй бол Оюутолгойн асуудал дараагийн УИХ, Засгийн газарт шилжиж магадгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадвал УИХ тарж, арваннэгдүгээр сард сонгууль явуулахаар яригдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд хэдийнэ сонгуулийн сурталчилгаандаа анхаарлаа хандуулаад эхэлсэн гэдгийг эрх баригч намын нэр бүхий УИХ-ын гишүүд ярьж байгаа юм.

Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санал нэгтэйгээр баталсны дараагаар яригдах бөгөөд урьд нь УИХ хугацаанаасаа өмнө тарж байсан тохиолдол байхгүй юм. Хэрэв сонгууль хугацаанаасаа өмнө болбол Оюутолгой төсөл түүний хамгийн том “хохирогч” ч болохыг үгүйсгэхгүй. Учир нь Засгийн газар уул уурхайн салбар руу урьд байгаагүйгээр дайрч байна. Энэ нь хариуцлагагүй, хууль бус уул уурхайд хамаатай хэмээн Ерөнхий сайд, холбогдох сайд нар тайлбарлаж байгаа ч уул уурхайн салбарт дургүй олон нийтийн дэмжлэгийг авахын тулд ямар мэдэгдэл, үйлдэл хийхийг таах боломжгүй юм.

УИХ-ын тогтоолд юу агуулагдах вэ?

  • Монголын талын хувьцааны өр, хүүгийн хамт 1.5 тэрбум ам.доллар.
  • Хөрөнгө оруулалтын болон “Дубайн гэрээ”-г цуцлахгүй.

УИХ-аас томилогдсон “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, УИХ-ын тогтоол батлахаар болсон. УИХ-аас ямар тогтоол батлах бол гэдэг хамгийн их сонирхол татаж байна. УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй хэмээн тусгасанг УИХ-ын гишүүд хэлсэн.

Хэрэв сонгууль хугацаанаасаа өмнө болбол Оюутолгой төсөл түүний хамгийн том “хохирогч” ч болохыг үгүйсгэхгүй

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-аас Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г цуцлах, эсвэл “Дубайн гэрээ”-г цуцлах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй. Харин Засгийн газрыг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, хууль зөрчсөн гэрээний зарим заалтыг засаж өөрчлөх чиглэл өгөхөөр яригдаж байгаа аж. Мэдээж хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суувал Монголын талаас тавих асуудал олон бий. “Рио Тинто”-гийн баталгааны шимтгэлийг бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, борлуулалтын гэрээнүүдийг ил болгох, зээлийн хүүг бууруулах, Дубайн гэрээг сайжруулах... гэх мэт.

УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд зайлшгүй анхаарал хандуулах ёстой хэд хэдэн дүгнэлт байгаагаас хоёрыг нь онцолж болно. “Төслийн хэрэгжилтийн явц, 2015 оны ТЭЗҮ, ДУББСТ болон төслийн хөрөнгө оруулалт, зардлын хэт их өсөлтөөс үзэхэд төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэдэн хувь ч хүргэж нэмэгдүүлэх нь ач холбогдолгүй болсон байна”. “Нөөцөд суурилсан тооцооллоор Монголын талын 34 хувийн хувьцааны өр, хүүгийн хамт 1.5 тэрбум ам.доллар бөгөөд ирээдүйд ногдол ашгаа суутгаснаар 2039 онд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй байна”.

УИХ-ын Ажлын хэсгийн дээрх дүгнэлтээс төсвийн зардал, санхүүжилтийн өртгийг зайлшгүй бууруулах чиглэлд Засгийн газар хэлэлцээр хийхээс өөр гарцгүй харагдаж байна. Энэ бол зүгээр нэг улс төрчийн популист мэдэгдэл биш төрийн байгууллагуудын оролцож гаргасан дүгнэлт гэдгийг анхаарах ёстой юм.

Тиймээс ч УИХ тогтоол баталбал энэ асуудлуудыг “Рио Тинто”-той зөвшилцөж хэлэлцээр хийхийг даалгах нь лавтай.

“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш унасан шалтгаан

  • Бүтээн байгуулалтын зардал $1.9 тэрбум хүртэл өсөж болзошгүй
  • ​​Хувьцаа эзэмшигчид төслийн ирээдүйд итгэлгүй байна.

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш огцом унаж, 45 цент болов. Цагтаа 30 орчим тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан компани өдгөө 880 сая ам.долларын үнэлгээтэй байна. Ингэснээр “Оюутолгой” ХХК-ийн зах зээлийн үнэлгээ 1.3 тэрбум ам.доллар болсон гэсэн үг. Өнгөрсөн жилийн борлуулалтын орлого 1.2 тэрбум орчим ам.доллар, нийт оруулсан хөрөнгө оруулалттай харьцуулахад зах зээлийн үнэлгээ нь маш бага байгаа нь “Туркойз Хилл Ресурс”-ын хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид төслийн ирээдүйд итгэлгүй байгаагийн илрэл юм.

“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш жилийн дотор 80 хувиар унасан нь үндсэн гурван шалтгаантай. Юун түрүүнд Хятад-АНУ-ын Худалдааны дайны сөрөг нөлөө, түүнийг даган зэсийн ханш буурч буй нь гадаад зах зээлээс ирж буй том дарамт болж байна. Хоёрдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц нөлөөлж байгаа бол Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Дубайн гэрээ”-г шалгахаар болсон УИХ, Засгийн газрын шийдвэр гурав дахь хүчин зүйл нь болж байна.

Худалдааны дайныг тойрсон элдэв мэдэгдлүүд ганц компанийн хувьцааны ханш гэлтгүй дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүдийн уналтад нөлөөлж байна. Зэсийн ханш өнгөрсөн нэг жилд 20 хувиар буурсан бол үйл ажиллагааны орлогын голлох хэсгийг зэс бүрдүүлдэг Southern Copper, Glencore, First Quantum Minerals зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш 24-31 хувиар доошилжээ.

Зэсийн үнэ, ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад компаниудтай харьцуулахад “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш хамаагүй ихээр буурсан гэдгийг графикаас төвөггүй харж болно. Энэхүү зөрүүг төслийн менежментийн баг болон хувьцаа эзэмшигч Засгийн газартай холбоотой хэмээн тайлбарлаж болох юм.

Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто”-гийн тайланд дурдсанаар урьдчилсан дүгнэлтээр далд уурхайн ашиглалтад орох хугацаа анхны төлөвлөгөө болох 2021 оны нэгдүгээр улирлаас 16-30 сараар хойшлохоор байгаа. 5.3 тэрбум ам.доллараар тооцож байсан төслийн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум хүртэл ам.доллараар өсөж болзошгүй аж. Одоогоор ирэх оныг дуустал бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хангалттай хөрөнгө байгаа ч цаашдаа нэмэлт санхүүжилт шаардлагатай гэдгээ мэдэгдсэн. Мөн уурхайг дэмжих Тавантолгойн цахилгаан станц болон холбогдох дэд бүтцийн санхүүжилт ч хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа юм. Энэхүү мэдэгдлийн дараа “Туркойз Хилл”-ын хувьцааны ханш 1.1 ам.доллараас 0.6 ам.доллар хүртлээ 50 орчим хувиар огцом унасан юм. Түүнээс хойш эргэж өсөлгүй өдгөө 0.45 ам.доллар орчимд худалдаалагдаж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар тухайн өдөр дунджаас 10 дахин их буюу 50 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь хувьцаа эзэмшигч жижиг сангууд хувьцаагаа зарсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм.

Татварын Ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д акт тавьсныг зарлах үед хувьцааны ханш 3.3 ам.доллараас 2.7 ам.доллар болтол, өнгөрсөн дөрөв, тавдугаар сард УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт олонд танилцуулагдаж, “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай хэмээн мэдэгдэх үед хувьцааны ханш 1.6 ам.доллараас 1.3 болтлоо тус тус буурч байсан юм.

Эндээс “Рио Тинто” болон Засгийн газрын мэдэгдлүүд Оюутолгой төслийн үнэ цэнийг хэрхэн унагаж байгааг тодорхой харуулж буй биз ээ.

Нэгэнт хувьцааны ханш нь ийн унаж байгаа болохоор жижиг хувьцаа эзэмшигчид “Туркойз Хилл”-ийн хувьцаагаа заран гарч байна. Бидний сайн мэдэх Сингапурын “Темасек” тус компанийн 8.5 хувийг эзэмшиж байсан. Эзэмшлээ бага багаар бууруулж байсан тэд энэ оны нэгдүгээр улиралд үлдэгдэл бүх хувьцаагаа заржээ. Тайланд нь дурдсанаар нэгж хувьцааг дунджаар 1.68 ам.доллараар зарсан байна. Сонирхолтой нь, “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааг зарсан цаг нь томоохон асуудалд орооцолдоод байсан “Бойнг” компанийн эзэмшиж байсан хувьцаагаа зарсан үетэй давхцаж байгаа юм. Дэлхийд алдартай, Сингапурын “Темасек” Монголын Оюутолгой төслөөс ихээхэн алдагдал хүлээгээд, цаашдаа ч ирээдүйгүй хэмээн үзээд хувьцаагаа зарсан нь Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдэд итгэлгүй байгаагийн шинж юм.

“Темасек”-аас хувьцаагаа зарсан бол SailingStone Capital Partners сангийнхан хэрүүл хийж эхэлсэн. Тэд “Рио Тинто”-гийн дараа орох том хувьцаа эзэмшигч нь. “Туркойз Хилл Ресурс”-ын 10.3 хувийг эзэмшдэг. Оруулсан хөрөнгө нь 100 хүрэхгүй сая ам.доллар болж, монголчуудын хэлдгээр “утаа гартал шатаж” байгаа тэдний хувьд “Рио Тинто”-г Оюутолгой төслийн менежментийг хийж чадахгүй байна, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байна хэмээн илтэд буруушааж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Нью-Йоркийн нэгэн хуулийн фирм “Трукойз Хилл”-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шалгалт хийх болсноо зарласан. Энэ бүхэн ч компанийн хувьцааны ханшид нөлөөлсөн гэдгийг тодотгох нь зүйтэй.


Гэрэл зургийг: Asia Mining Magazine ©

“Рио Тинто”-гийн сонирхол юу вэ?

  • Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 30 сараар хойшилж магадгүй.
  • Зардлын өсөлтийг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй даваа.

Ямартаа ч жижиг хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй Оюутолгойд зээл олгосон томоохон банкууд хоёр зүйлийг анхааралтай ажиглаж байна. Юун түрүүнд тэд зардал хэрхэн өсөж, тогтвортой үйлдвэрлэл хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаад бухимдаж байна. Мэдээж, Монголын Засгийн газар, УИХ ямар шийдвэр гаргахыг хүлээж байгаа нь ойлгомжтой. АХБ, ЕСБХБ-ны удирдлага Монголд ирээд УИХ-ын дарга тэргүүтэй өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Оюутолгойг яах гэж байгааг битүүхэндээ тандаад явсан. Тэд 100, 100 сая ам.долларын санхүүжилт нь салхинд хийсэх вий гэдгээс ихээхэн болгоомжилж байна.

Харин “Рио Тинто”-д яарсан, сандарсан зүйл огт ажиглагдахгүй байгаа юм. Магадгүй тэд цаг үе, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадах юм бол урт хугацааны тогтвортой байдлаа хангаж болох юм гэсэн бодолтой ч байж болно. Гүйцэтгэх Захирал Жан Себястьян Жак нь Оюутолгой бол ирээдүйтэй төсөл, төслийн үнэлгээнд санаа зовохгүй байна гэдээ мэдэгдээд байгаа.

Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж, зардал дахин 1.9 тэрбум хүртэлх ам.доллараар нэмэгдэж магадгүй байгаа. УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэхээр болсны дараа хөрөнгө оруулагчид хугацаа хойшилж, зардал нэмэгдэх урьдчилсан тооцоогоо танилцуулсан нь зүгээр л цаг хугацааны хувьд давхацсан байх. Мөн 2020 оны хоёрдугаарт хагаст нарийвчилсан тооцоог танилцуулна гэсэн нь УИХ-ын сонгуулийн дараа шинэ УИХ, шинэ Засгийн газар байгуулагдах цаг хугацаатай бас л санамсаргүй давхцаж байгаа байх.

“Рио Тинто” Монголын түншүүдээрээ зардлын өсөлтийг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй даваа. Зургаан жилийн өмнө бас л ийм нөхцөл байдалтай тулж, хоёр тал ойлголцож чадаагүйгээр гүний уурхайн бүтээн байгуулалт зогсож байв. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын хөрөнгө санхүүгийн чадамж сайн байсан болохоор “Рио”-той хатуухан ярьсан удаатай. Харин эдийн засаг гүнзгий хямралд орж, дараагийн Засгийн газар “Рио Тинто”-той эвлэрч, гүний уурхайн санхүүжилтыг зөвшөөрсөн байдаг. Өнөөдөр дээрх нөхцөл байдал давтагдаж болзошгүй гэдгийг уул уурхайн салбарынхан нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байгаа.

43 тэрбум ам.доллараар хэмжигддэг “Рио Тинто”-гийн орлогод Оюутолгойн нэг тэрбум ам.доллар дусал төдий юм. Тиймээс ч тэдэнд цаг хугацаа, ногдол ашгаас илүү олон жилийн тогтвортой үйл ажиллагаа чухал гэдэг нь ойлгомжтой. Харин Засгийн газрын хувьд Оюутолгойн өндөр зардал, менежментийн болоод санхүүжилтийн өртгийг бууруулах нь чухал. Энэ Засгийн газар “Рио”-той ойлголцож чадахгүй бол дараагийн Засгийн газарт үүсээд байгаа асуудлыг үлдээх нь зөв ч байж болно. Хэрэв “Рио”-той хэлэлцээрийн ширээний ард сууж, амжилттай хэлэлцээ хийе гэж хүсвэл “Туркойз Хилл”-ын жижиг хувьцаа эзэмшигчид, санхүүжилт олгосон томоохон банкуудтай эхэлж ойлголцож чадвал илүү үр дүнтэй ч байж болох юм. Магадгүй энэ нь “Рио Тинто” болон Засгийн газрын аль альных нь сонирхолд нийцэх цэг болно.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine