Үйл явдал

“Монгол Улсын олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг ирэх сараас ашиглаж эхэлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор хүлээн авчээ.

Цахим сан нь 100 гаруй судалгаа, тайлан, сургалтын материал 

Стратегийн орлогын менежменттэй холбоотой дотоодын болон олон улсын бодлого, зохицуулалт, сайн туршлага зэрэг 100 гаруй судалгаа, тайлан, сургалтын материал зэргийг агуулсан сургалтын цахим санг бий болгоод байгаа юм. Мөн тус порталд олборлох салбарын засаглал, эрх зүйн зохицуулалт, байгаль орчны менежмент, уурхайн хаалт, уул уурхайн кадастр, тус салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн мэдээлэл багтжээ. 

Цаашид ч салбарын хүрээнд бий болсон геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн чиглэлийн сургалт, судалгаа, бодлогын баримт бичгүүдээс гадна олборлох салбар дахь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, материалаар баяжих аж.

Уг порталыг олборлох салбарын олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтийн хэрэгцээнд ашиглах боломжтой юм. Түүнчлэн сургалт, судалгааны материалыг энэхүү порталд нэмж оруулах зэргээр салбарын үйл ажиллагааг дэмжиж, оюутан, судлаач, мэргэжилтнүүдийг хөгжүүлэх боломжийг хамтран бий болгохыг УУХҮЯ-аас салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор энэ оны 10 дугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine