Түүхий эд - Ган

Гангийн зах зээлд нөлөөлсөн гамшгууд

Ган үйлдвэрлэлийн салбар энэ жилийг түгшүүрийн дохиотой эхлүүллээ. Энэ дохио харин уул уурхайн салбарын хувьд заримд нь том асуудал, бусдад нь боломж гэсэн өөр, өөр утга илэрхийлж байв.

Бразилын Брумажин дахь төмрийн хүдрийн уурхайн хаягдлын далан нурж үлэмж гарз хохирол учирсан талаар Vale групп нэгдүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор мэдэгдэв. Тухайн өдрийн үд дунд тус группийн эзэмшдэг “Córrego de Feijão” гэх уурхайд энэ осол тохиолджээ. Уурхайн Гүйцэтгэх захирал Fabio Schvartsman болсон явдлын талаар мэдэгдэхдээ “Энэ амьдралдаа үзэхийг хэзээ ч хүсэж байгаагүй зүйл тохиолдлоо” гэсэн юм.

Vale нь төмрийн хүдрийн дэлхий дээрх хамгийн том олборлогч. Харин энэ удаагийн ослын улмаас далан орчмын уурхайн үйл ажиллагаа зогссоноор Vale-ийн жилийн гарц 40 сая тонноор буюу 10 орчим хувиар буурч байгаа юм. Үүнээс гадна Бразилын хуулийн байгууллага Vale-ийн өөр нэгэн уурхай болох Brucutu-ийн хаягдлын далангийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар жилийн гарц нь ахин 30 сая тонноор багасах тооцоолол гараад буй.

“Рио Тинто” гарцаа 10 сая тонноор нэмэгдүүлэх боломжтойгоо мэдэгдсэн.

Давагдашгүй хүчин зүйлийн улмаас худалдан авагчдадаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж чадахгүй болсноо Vale мэдэгдсэн. Ингэснээр дэлхийн бусад олборлогчид гарцаа нэмэгдүүлэх уралдаанд ороод байна. Үүний зэрэгцээ том тоглогчдын хувьцааны ханшид ихээхэн өөрчлөлт гарч, Vale болон түүний гол өрсөлдөгчдийн хувьцааны ханш эсрэг чиглэлд хөдөлгөөн харуулсан. Тухайлбал, Австралид төвтэй дэлхийн дөрөв дэх том үйлдвэрлэгч Fortescue metals-ийн хувьцааны үнэ энэ хугацаанд 20 гаруй хувиар чангараад байгаа бол, Vale-ийн үнэлгээ 24 хувиар суларсан. BHP болон “Рио Тинто” группийн хувьцааны үнэ тус тус 10 гаруй хувиар өссөн байна.

Гэхдээ Бразилын хаагдсан уурхайнуудын жилийн гарцыг дэлхийн нийт үйлдвэрлэлд харьцуулбал ойролцоогоор 0.03 хувь орчим бөгөөд энэ хэмжээний дутагдлыг зөвхөн “Рио Тинто” ганцаараа нөхөх чадамжтай хэмээн Goldman банкны шинжээчид үзэж буй. Түүнчлэн олон шинжээч таваарын зах дээр өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлтийг “хөөс” хэмээн тодорхойлж байсан нь ч үнэн болох нь батлагдаж байна. Ослоос хойшхи хоёр долоо хоногийн хугацаанд Сингапурын бирж дээр 62 хувийн агууламжтай төмрийн хүдрийн ханш 25.2 хувиар өссөн бол гурав дахь долоо хоногтоо 10 орчим хувиар суларсан.

Үүнд мөн эрэлтийн шалтгаан нөлөөлж буй юм. Худалдааны дайны улмаас ган үйлдвэрлэгчид татварын дарамтад ороод байгаагийн дээр илүү өндөр үнээр хүдэр худалдан авах нь салбарыг алдагдалд хүргэнэ гэдгийг Блумбергийн шинжээчид хэлж байсан юм. АНУ, БНХАУ-ын удирдагч нарын хэлцэл амжилттай болж, худалдааны дайн эцэслэхийг тэд хүсэн хүлээж байгаа. Хэлэлцээр амжилттай болсноор төмрийн хүдрийн эрэлт сэргэх орон зай үүсэж болох юм.

Нэгдүгээр сарын сүүлийн өдрүүдэд бөмбөрцгийн нөгөө хагасаас өөр нэгэн дарамт ган үйлдвэрлэгчид дээр буух магадлал өндөр болж ирэв. Коксжих нүүрсний хамгийн том экспортлогч Австралийн Квийнсланд мужид тохиосон ширүүн бороо, үерийн гамшиг хүрээгээ тэлж нүүрсний нийлүүлэлтэд саад болж магадгүй нөхцөл байдал үүссэн юм. Хойд Квийнсландын нийслэл гэгддэг Товнсвиллэ хотод дэлхийд хамгийн том цайр боловсруулах үйлдвэр болон зэс, никель зэрэг металл боловсруулах үйлдвэрүүд төвлөрсөн, Австралийн аж үйлдвэрийн нэгэн том төв юм. Товнсвиллийн боомт нь дэлхийн хамгийн том зорчигч тээврийн зогсоол гэдгээрээ алдартай төдийгүй Азиас ирдэг тээврийн хөлөг онгоцуудыг хүлээн авдаг томоохон боомт. Сүүлийн жилүүдэд Хятад зэрэг Азийн улсуудтай худалдаа хийх чухал зангилаа болон хөгжиж буй.

 Хойд Квийнсландад орсон ширүүн бороо Glencore-ийн хоёр ч нүүрсний уурхайг дайран өнгөрсөн байна

Хоёр жилийн өмнөх Дебби болон 2011 оны Яаси нэрт хар салхи металлургийн нүүрсний зах зээлд маш том савалгаа үүсгэж, Квийнсландын нүүрсний салбарынханд мартагдашгүй сургамж үлдээсэн билээ. Хэдийгээр Квийнсландын нүүрсний гол уурхайнууд аюулаас хол байсан ч Квийнсландын Засгийн газраас ширүүн бороо өмнөдийг чиглэж, Бовен бүлэг ордод хүрч болзошгүйг сэрэмжлүүлж байв. Бовен бүлэг орд нь Квийнсландын төв хэсэгт нийт 60 мянган ам километр талбайг хамардаг Австралийн нүүрсний хамгийн том нөөц. BHP Billiton, Peabody Energy, Vale, Glencore зэрэг томоохон нийлүүлэгчид тус ордод олборлолт хийдэг юм.

Сэрэмжилж байсанчлан борооны үүл нутгийн төв хэсгийг дайран өнгөрсөн. Өмнөх хоёр хар шуургатай харьцуулахад хор хохирол харьцангуй бага учруулсан гэж болно. Нүүрсний салбарын хувьд шүү дээ. Гэвч нүүрсний экспортын гол боомтуудын нэг Abbot point энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үйл ажиллагаагаа ес хоногийн турш зогсооход хүрсэн юм. Мөн Хойд Квийнсландад орсон ширүүн бороо Glencore-ийн хоёр ч нүүрсний уурхайг дайран өнгөрсөн байна. “Колинсвилл болон Ньюландс-т орсон ширүүн бороо манай нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаанд түр зуурын нөлөө үзүүлсэн” гэж тус компанийн төлөөлөгч Reuters агентлагт мэдээлжээ. Харин олон улсын нүүрсний зах зээл дээр цаг агаар тогтуун байлаа. Өмнөх жилүүдийнх шиг үнийн огцом савлагаа болсонгүй.

Нүүрс, төмрийн хүдрийн салбарт учирсан дээрх гамшгууд нь тус түүхий эдийн үйлдвэрлэгч олон орон, компанид боломж мэт харагдаж байна. Хэрэв Квийнсландын үер нүүрсний уурхайнуудад ихээхэн хохирол үзүүлсэн бол ОХУ, Монгол тэргүүтэй Хятадыг чиглэсэн экспортлогч улсуудад боломж болох байв. Харин Vale-гийн осол нь түүний өрсөлдөгч томоохон компаниудад төмрийн хүдрийн гарцаа нэмэгдүүлэх боломж хэдийнэ олгоод байна. “Рио Тинто” гарцаа 10 сая тонноор нэмэгдүүлэх боломжтойгоо мэдэгдсэн.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine