Зах зээл

Зах зээл дагасан уул уурхайн шинэ төслүүд

Нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг Монголоос экспортолж байгаа эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш 2019 онд тогтвортой байх төлөвтэй байна. Заримынх нь ханш өсөж байгаа бол нөгөө хэсэг нь буурахгүй нь лавтай гэж салбарынхан дүгнэлээ. Тэгвэл үүнийг дагаад 2019 онд Монгол Улсад ямар уул уурхайн ордууд олборлолтоо эхлэх төлөвлөгөөтэй байгааг тоймлоё.

“Нүүрсний зах зээл тогтвортой байгаатай холбоотойгоор нүүрсний шинэ төслүүд нэмэгдэж байна” гэж Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэсэн байдаг. Тус зөвлөлийн хоёрдугаар сарын ээлжит хуралдаанаар нүүрсний гурван төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцжээ.

TerraCom компани Баруун ноён уул-1 хойд нүүрсний ордын баруун хэсгийг ил аргаар ашиглах ТЭЗҮ боловсруулжээ. Нийт 2.5 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй энэ ордыг таван жил ашиглах аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TerraCom компани Монголоос олборлож, экспортолж байгаа нүүрснийхээ хэмжээг жилийн гурван сая тонн болгохоор зорьж байна.

Нүүрсний салбар дахь ашиглалтын лицензийн тоо нь улсын хэмжээнд хүчин төгөлдөр байгаа ашиглалтын лицензийн 19 хувь нь юм

Үүнээс гадна Сүхбаатар аймгийн нутагт орших “Бадмаараг хаш” компанийн Сайн хөөвөр, Говь-Алтай аймаг дахь “Арголд” компанийн Хар толгой чулуун нүүрсний ордын ТЭЗҮ-ийг нэмэлт засвар хийх шаардлага тавьж хүлээн авснаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл мэдээллээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс харахад 2019 онд олборлолтоо эхлэхээр ТЭЗҮ- дээ тусгасан нийт 15-460 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалттай нүүрсний найман төсөл байна. Эдгээрийн хагас нь чулуун нүүрс, хагас нь хүрэн нүүрс юм. Хүрэн нүүрсний ордуудын дотроос хамгийн том нь жилийн 10 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 460 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Ерөөлтийн орд. Харин чулуун нүүрсний ордуудын дотроос хамгийн том хөрөнгө оруулалттай нь “Дадын хар толгой - 2” орд байна. Дорноговь аймгийн нутагт байгаа тус ордод 21.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд уурхай жилд нэг сая тонн хүртэлх нүүрс олборлох хүчин чадалтай.

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортохоор төлөвлөж байгаа зэргийг тооцож үзвэл нүүрсний салбар цаашид өргөжих төлөв харагдаж байна. Нүүрсний салбар дахь ашиглалтын лиценз нь улсын хэмжээнд хүчин төгөлдөр байгаа ашиглалтын лицензийн 19 хувь нь юм.

Экспортын бас нэгэн гол эрдэс бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр. 2018 онд энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт 1.2 сая тонноор өссөн. Бразилд Vale компанийн төмрийн хүдрийн уурхайн далан нурж, эмгэнэлтэй том осол гарсны дараа төмрийн хүдрийн ханш огцом өссөн. Цаашид энэ нөлөө зах зээлд энэ түүхий эдийг нийлүүлэгч орнуудын экспортын мөнгөн дүнд ч мэдрэгдэж эхлэх бололтой.

Өнгөрсөн жил Монголын төмрийн хүдрийн 13 уурхай бүтээгдэхүүнээ экспортолжээ. Энэ жил мөн хоёр төсөл ашиглалтад орохоор ТЭЗҮ-ээ батлуулаад байна. Түүний нэг нь Дорноговь аймгийн нутагт байрлах Дарцагтын ордын зүүн хойд хэсэг. Энэ хэсэгт “Зэт Ди Эл” компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 18.42 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Мөн Хэнтий аймгийн нутагт байрлах Майхан толгой ордод “Цахир цагаан гол” ХХК 9.25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ онд олборлолтоо эхлэхээр төлөвлөжээ.

Харин хууль эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас эрх баригчдад гомдолтой байгаа нэг салбар нь алтныхан. Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгож хөнгөлсөн хуулийн хүчинтэй хугацаа 2018 онтой хамт дуусгавар болсон. Энэ хөнгөлөлтийг ахин сунгах тухай агуулга бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталж амжаагүй л байна.

Гэсэн хэдий ч 2019 онд олборлолтоо эхлэх гэж байгаа алтны 21 төсөл бий. Үүнээс ес нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Мөн хамгийн их хөрөнгө оруулалттай төсөл нь Өмнөговь аймгийн нутагт байрлах “Макс Импекс” ХХК-ийн Хоримт худаг, Улаан хяр алтны үндсэн орд. ТЭЗҮ-д тусгаснаар 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа аж.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ч алтны төслөө эхлүүлэх сонирхолтой байна. Тухайлбал, Steppe Gold 2019 оны эхний хагаст багтаан Дорнод аймаг дахь Алтан цагаан овоо ордын олборлолтоо эхлэхээр бэлтгэж байна. Erdene Resource Development компани Алтан нар, Баянхөндий ордын олборлолтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаад буй. Xanadu Mines Хармагтай ордын олборлолтыг энэ онд эхлэхээр тодотгосон ТЭЗҮ-дээ тусгажээ.

2018 оны экспортын бүтцийг харвал жонш өндөр өсөлттэй бүтээгдэхүүний нэг байна. Энэ онд жоншны салбарт олборлолтоо эхлүүлэхээр ТЭЗҮ батлуулсан таван төсөл бий. Үүний хоёр нь Дорноговь, үлдсэн нь Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байгаа юм. Эдгээрээс хамгийн том нь Сүхбаатар аймаг дахь Баян- Өргөн орд бөгөөд нийт 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах аж.

Монголын жоншны экспортын гол зах зээл нь Хятад, Орос. Гэхдээ энэ салбарт төрөлжсөн судалгаа дутуу, дэд бүтцийн бэрхшээл тулгардаг гэдгийг салбарынхан анхааруулсаар ирсэн юм.

Харин экспортын зах зээлээс төдийлөн хамаарахгүй ч дотоод эрэлтдээ тулгуурлан хөгжиж байгаа нэг салбар бол шохойн чулуу. Цементийн үйлвэрийн гол түүхий эд болдог шохойн чулууны долоон орд газрыг энэ жил ашиглаж эхлэх гэж байна. АМГТГ-ын мэдээлэлд дурдсанаар энэ долоон төслийн хүрээнд 189 ажлын байр бий болох боломжтой.

Томоос нь дурдвал Төв аймгийн нутагт байрлах Цагаан шохойны орд. Нийт хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум төгрөг байх юм. Уурхайн хүчин чадал нь жилд 500 мянган тонн хүдэр хэмээн ТЭЗҮ-д нь тусгаж өгсөн байдаг. Мөн л энэ онд олборлолтоо эхлэхээр ТЭЗҮ батлуулсан Дорноговь аймгийн нутагт байрлах Цагаан шохойны орд 1.13 тэрбум, Ховд аймаг дахь Мянгадын орд 2.45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай.

Эрсдэлийн тухайд, энэ жилийн гол эрсдэл улс төржилт байх магадлалтай. УИХ-ын сонгуулийн өмнөх жил учир ард түмэнд таалагдах гэсэн улс төрчид ямар ч гэнэтийн мэдэгдэл хийж, нэн ялангуяа уул уурхайн салбар руу давшилж, яаж ч бужигнуулж магадгүй. Гэхдээ зах зээл таатай байна. Үүнийг илтгэх зүйл нь 2018 онд ДНБ 6.9 хувь өссөний 1.1 пунктийг нь буюу нэлээд том хувь хэмжээг нь уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байдаг. Тиймээс дотоодын аливаа эрсдэлийг үл харгалзан шинэ төслүүд ийнхүү ашиглалтад орохоор төлөвлөгөөгөө хэдийнэ гаргажээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine