Зах зээл

Хайгуулын төсөв 10 тэрбум ам.доллар болов

Дэлхий нийтээр өнгөт металлын хайгуулын зардал өнгөрсөн онд 19 хувиар өсөж, 10.1 тэрбум ам.доллар болсон талаар S&P Global Market Intelligence өнгөрсөн 11 дүгээр сард мэдээлэв. Эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өссөнийг дагаад хайгуулын төсөв хоёр дахь жилдээ өсөж байгааг тус судалгааны байгууллага онцолсон. Өнгөт металлын түүхий эдүүдээс батарейн түүхий эд болох лити, кобальтын хайгуулын төсөв өмнөх оноос 82 хувиар огцом өссөн нь онцлох үйл явдал хэмээн судлаачид үзэж байна.

Харин Монгол Улсад хайгуулын зардлын хэмжээ 2017 оны эцсийн байдлаар 160 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 64 сая ам.доллар байгаа талаар Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурджээ. 2018 оны дүн эцэслэн гараагүй байгаа ч өссөн дүнтэй гарах таамагтай байгааг тус агентлаг мэдээлсэн.

S&P Global Market Intelligence энэхүү судалгаанд төмрийн хүдэр, нүүрс, хөнгөн цагаан болон газрын тос, байгалийн хийн салбар хамрагдаагүй аж. Идэвхтэй хайгуулын компаниудын тоо 1651-т хүрч найман хувийн өсөлт үзүүлжээ. 2012 онд хайгуулын зардлын хэмжээ 21 тэрбум ам.доллар давж байснаас хойш анх удаа хайгуулын жижиг компаниудын сонирхол болон төсөв огцом өсөж байгаа нь энэ аж.

Батарейн түүхий эд лити кобальтын хайгуулын зардал өмнөх оноосоо 82 хувиар өсөөд байгаа бөгөөд 2015 онтой харьцуулахад 5 дахин өссөн

2016 оны хоёрдугаар хагасаас эхэлсэн эрдэс түүхий эдийн үнийн өсөлт салбарыг бүхэлд нь сэргээснээс гадна өсөлт тогтвортой хадгалагдаж байгаа нь хайгуулын зардал өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна хөрөнгийн зах зээл чамгүй эерэг нөлөө үзүүлснийг судалгааны тайлангууд харуулж байна. Компанийн хайгуулын стратеги /CES/ байгууллагын судалгаагаар жижиг хайгуулын компаниуд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, санхүүжилт татах нь нэмэгдсэн гэжээ.

Харин нийт зарцуулсан зардлын хэмжээгээр Канад, Австрали, АНУ тэргүүлж байна. Канадын төсөв 31 хувиар өсөж 1.44 тэрбум ам.доллар болсон. Австралийнх 23 хувиар өсөж 1.33 тэрбум ам.доллар болжээ. Дээрх хоёр улсын нийт зардлын 55 хувийг алтны хайгуул эзэлж байгаа юм.

Нийт хайгуулын төсвийн бараг талыг нь алтны хайгуул эзэлж байгаа бөгөөд 4.85 тэрбум ам.доллар болж 18 хувиар өсжээ. Энэ нь нийт 958 компанийн мэдээллийг нэгтгэсэн дүн юм. Нийт зардлын 52 хувийг топ 25 компани бүрдүүлж байна. Томоохон олборлогч компаниуд ч хайгуулын зардлаараа тэргүүлж буй. Newmont Mining компанийн хайгуулын зардал 26 хувиар өсөж, 222 сая ам.долларт хүрснээр алтны компаниудыг тэргүүлж байна. Хайгуулын төсвөөрөө тэргүүлж буй 20 компаниас ердөө хоёр компанийн төсөв буурсан дүнтэй байгаа нь томоохон компаниуд хайгуулын ажилд, шинэ нөөц нээн илрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө зарцуулж байгааг тодорхой харж болно. Нэг компанийн зарцуулж буй зардал дунджаар 5.1 сая ам.доллар байгаа нь өмнөх оноосоо 0.6 сая доллараар өссөн үзүүлэлт юм. Мөн 2012 оноос хойшхи хамгийн өндөр дүн болж байна.

Алтны хайгуул уламжлал ёсоороо Канад, Австрали, АНУ-д түлхүү төвлөрч байна. Дээрх гурван улс нийлээд нийт төсвийн 45 хувийг зарцуулжээ. Тэдний араас Мексик, Перу тэргүүтэй Өмнөд Америкийн таван улс жагсаж байгаа аж.

Батарейн түүхий эд лити кобальтын хайгуулын зардал өмнөх оноосоо 82 хувиар өсөөд байгаа бөгөөд 2015 онтой харьцуулахад 5 дахин өссөн гэсэн үг юм. Гэхдээ уламжлалт суурь металл болон өнгөт металлын хайгуулын зардалтай харьцуулахад бага хэвээр байгааг S&P онцолжээ.

Тэгвэл Африк тивийн хайгуулын төсөв 14.1 хувиар өсөж, 1.28 тэрбум ам.доллар болсон байна. Үүний тал хувь нь алтны салбарт хамаарагдаж байна. Зөвхөн Burkina Faso улсын хувьд 148.9 сая ам.долларыг алтны хайгуулд зарцуулснаараа тивдээ тэргүүлж байна. Харин нийт өнгөт металлын хайгуулын салбарт зарцуулсан зардлаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс /DRC/ 269.5 сая ам.долларын төсвөөр тивдээ тэргүүлж байна. Тус улсын хувьд өндөр роялти, татвар тогтоосон уул уурхайн шинэ хуультай болсон ч хайгуулын зардал нь 54 хувиар өссөн нь сонирхол татахуйц дүн юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine