Түүхий эд - Алт

Австралийн алтны үйлдвэрлэл шинэ рекорд тогтоов

Австрали улсын алтны үйлдвэрлэл өнгөрсөн 2018 онд 317 тонн болж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ. Өмнөх дээд рекорд нь 1997 оны 314.5 тонн байсан юм. Тус улс нь алт үйлдвэрлэлээр дэлхийд Хятадын дараа буюу хоёрдугаарт ордог. Мөн алт үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн зургаан жил дараалан өсөөд байна.

Өнгөрсөн оны Австралийн унц алтны дундаж үнэ 1711 австрали доллар байсан бөгөөд нийт үйлдвэрлэлийн дүн 17.3 тэрбум австрали доллараар үнэлэгджээ. Энэ нь австрали долларын ханшид нөлөөлж байгааг ч судалгааны компаниуд онцолж байна.

Өнгөрсөн онд олборлосон нийт алтны 30 хувийг таван том уурхайгаас олборлосон бөгөөд тэдгээр уурхайн үйлдвэрлэлийн нийлбэр нь 95.7 тонн хүрсэн аж. Newcrest Mining компанийн эзэмшил Cadia уурхайгаас 23.5 тонн алт олборлосон нь хамгийн өндөрт тооцогдож байна. Энэ нь Монгол Улсын бүтэн жилийн олборлосон алтнаас ч өндөр юм.

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн хагас жилд 10 орчим хувиар өсөж, унц нь 1315 орчим ам.доллараар арилжаалагдаж байна. Алтны үнэ харьцангуй тогтвортой байгаа нь ам.долларын эрсдэлтэй шууд холбоотой хэмээн шинжээчид дүгнэж буй.

Үнэ 1300 ам.доллараас дээш тогтвортой байна. Үүнд Төв банкуудын алт худалдан авах нь нэмэгдсэн, Хятад, Энэтхэгийн үнэт эдлэлийн зах зээлд алтны эрэлт өссөн зэрэг эрэлт талын хүчин зүйлс нөлөөлж байгаа. Үүнээс ч илүүтэйгээр улс төрийн тогтворгүй байдал, геополитикийн тодорхойгүй байдал болон ам.долларын ханшийн эрсдэл нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа ам.долларын ханш сулрах чиглэлд байгаа нь алтны ханшийг өсөх чиглэл рүү түлхэж байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хүлээлттэй байгаа ч яаравчлан өсгөхгүй гэдгээ мэдэгдсэн нь ам.доллар болон алтны ханшийг огцом савлахаас сэргийлж буй хэрэг.

Австралийн алт үйлдвэрлэгчид өртөг харьцангуй багатайд тооцогддог. Алтны үнэ тогтвортой байгаа нь компаниудад ихээхэн боломж олгож байна. Тэр хэрээр алтны үнэ өндөр, австрали долларын ханш сул үед харьцангуй их ашигтай ажиллаж байна хэмээн зарим шинжээч үзэж байгаа аж. Гэхдээ энэхүү ашгаа шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хайгуулын ажилд зарцуулах нь ойлгомжтой юм.

Австрали улс алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт 9500 тонн алтны нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн нийт нөөцийн 17 хувийг бүрдүүлдэг байна. Тэр дундаа Австралийн алтны нөөцийн 60 орчим хувь нь Баруун Австрали мужид тогтоогдсон байдаг.

Дэлхий нийтээр алтны эрэлт өсөж байгаа нь алт олборлогчдод гарцаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байна. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр сүүлийн 10 жилд дэлхий нийтээр алтны олборлолт 32 хувиар өсөөд байна. Энэ хугацаанд Мексик, Канад улсын алт олборлолт багадаа хоёр дахин өссөн бол Өмнөд Африк, Перу, Индонези улсын олборлолт ихээхэн буурчээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine