Компани - Эрдэнэс Тавантолгой ХК

ЭТТ бондын захиалга 80 хувьтай байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гаргаж буй бондын захиалга 80 хувьтай явж байгаа талаар “Би Ди Сек” ҮЦК-иас мэдээллээ. 

ЭТТ бонд хэмээн нэрлэсэн уг компанийн үнэт цаасны захиалга гуравдугаар сарын 30-нд эхэлсэн бөгөөд дуусахад гурав хоног дутуу байна. 

“Би Ди Сек” ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын албаны менежер Ш.Шинэбаяр “ЭТТ бондын үндсэн андеррайтераар 2 компани борлуулалтын андеррайтераар 6 компани ажиллаж байгаа. Эдгээр компанид ирсэн захиалгыг нэгтгэвэл өнөөдрийн байдлаар татан төвлөрүүлэх хөрөнгийн дүнгийн 80 хувьд хүрээд байна” хэмээсэн юм. 

Монголын Хөрөнгийн биржийн албан ёсны сайтад мэдээлснээр нийт 2.17 тэрбум төгрөгийн 167 захиалга, 4,27 сая ам.долларын 188 захиалга ирээд байгаа нь төгрөгийн бондын захиалга 6.2 хувь, ам.долларынх 14.2 хувийн гүйцэтгэлтэй байгааг илтгэж байна. Гэхдээ энэхүү мэдээлэлд “дуудлага худалдаанд оролцох хэлцлийн дүн багтаагүй бөгөөд банк гэх мэт том дүнгээр худалдан авагчдад нэг өдрийн хүү ч байдаг тул сүүлийн өдөр л мөнгөө татаж байршуулахаар тооцож андеррайтертай тохирсон байдаг.” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээллээ. 

Түүнчлэн дээрх захиалгын тоо нь “Зах зээл дээрх жижиг хөрөнгө оруулагчдын эрэлтийг харуулж байгаа бөгөөд томоохон худалдан авагчид дөрөвдүгээр сарын 9-ний өдөр буюу үндсэн арилжааны өдөр нэлээд их хэмжээгээр оролцоно гэж бид төлөвлөж байна” хэмээн “Би Ди Сек” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн ярилаа.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine