Түүхий эд - Covid-19

Хил хаагдаж, түүхий эдийн экспорт зогслоо

Монгол Улсын орлогын гол хаалгууд хаагдаж, экспортын томоохон боомтуудын үйл ажиллагаа зогсоод хэд хонож байна. “Ковид-19” вирусээр халдварласан иргэдийн тоо манай улсад цойлохын хэрээр Монголын хилээр гарч буй түүхий эдийн экспорт газар шүргэж эхэллээ. 
 
Манай улсын худалдааны гол гүүр болох Замын-Үүд боомт хаалттай хэвээр байгааг Дорноговь аймгийн Онцгой Комиссын шуурхай штабаас мэдээлж байна. Мөн нүүрсний экспортын Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа гуравдугаар сарын 30-наас эхлэн бүрэн зогссон. Үүнээс өмнө буюу гуравдугаар сарын 3-наас эхлэн боомтын үйл ажиллагаа хэдийнэ доголдож эхэлсэн байжээ.
 
Үүнээс гадна Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын голыг нугалдаг Гашуунсухайт боомт бүрэн зогсчихоогүй ч нэвтрэлт нь эрс буурсныг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.  
 
Ийнхүү түүхий эдийн тээвэрлэлийн гол гарцууд түгжигдсэнээр экспорт буурч, төсвийн орлогоос эхлээд улсын эдийн засагт ноцтой эрсдэл үүслээ. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны мэдээллээс харахад гол түүхий эдүүдийн экспорт сүүлийн таван долоо хоногийн турш тасралтгүй буурсан байна.
 
 
Монгол Улсад коронавирусийн тархалт эрчтэй нэмэгдэж эхэлсэн гуравдугаар сараас БНХАУ-ын талаас хил гаалийн хяналт шалгалтаа чангатгаж эхэлсэн. Ялангуяа, Монгол Улсад “Ковид-19” вирусийн тохиолдол өдөрт 100-гаас дээш бүртгэгдэж хоёрдугаар сарын эцэс, гуравдугаар сарын эхэн үеэс нүүрсний экспорт буурсан байна.
Ингэснээр сүүлийн таван долоо хоногийн турш тасралтгүй багасжээ. Монгол Улс гуравдугаар сарын 28-ны байдлаар нийт 6.6 сая тонн нүүрс экспортлоод байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас мэдээллээ. 
Тэгвэл зэсийн экспорт мөн багассан. “Оюутолгой” компанид сэжигтэй тохиолдол илэрсэн гуравдугаар сарын дунд үеэс эхлэн улам буурчээ. Монгол Улс гуравдугаар сарын 21-ээс 28-ны хооронд 12.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь хоёр долоо хоногийн өмнөхөөс хоёр, 21 хоногийн өмнөхөөс гурав дахин буурсан дүн болов. Гуравдугаар сарын 28-ны байдлаар нийт 311 мянган тонн зэсийн баяжмал гадаад зах зээлд борлуулаад байна. 
 
Дотоодод коронавирусийн тархалт эрчимжиж, “эрүүл бүс” болгон тусгаарлаад байсан уул уурхайн томоохон ордууд болон түүний ойр орчимд халдвар бүртгэгдэж эхэлснээр БНХАУ-ын тал хилээ хязгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Манай улсад коронавирусээр халдварласан иргэдийн тоо дээш цоройхын хэрээр Монгол Улсын түүхий эдийн экспорт огцом буурсан урвуу бөгөөд урамгүй дүр зураг ажиглагдаж байна.  
 
 2020 онд эрдэс, түүхий эдийн экспорт Монгол Улсын нийт экспортын орлогын 92 хувийг дангаараа бүрдүүлсэн. Зөвхөн зэс болон нүүрсний экспорт гэхэд үүний тэн хагасыг эзэлсэн байдаг. Тэгвэл макро эдийн засаг, төсвийн орлогод дэндүү том нөлөө үзүүлдэг түүхий эдийн экспортын гарц хаагдаж, улсын орлогын үүд түгжигдэн, Монгол Улсын эдийн засагт ноцтой эрсдэл учирч эхэллээ.  
 
 
 


Сэтгэгдэлүүд
  • .мөнхэрдэнэ
  • [103.26.194.67]
  • 2021-04-04 10:34

ЗГ УОК -н бодлогын алдаа

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine