Компани

ШУТИС, "Рио Тинто" хамтарч геотехникийн мэргэжилтэн бэлтгэнэ

Монгол Улсад геотехникийн мэргэжилтэн бэлтгэхэд "Рио Тинто", "Оюутолгой" компанийн 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

"Оюутолгой" ХХК болон Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-тай “Уул уурхайн геотехникийн мэргэжил олгох, олон улсын судалгааны төв байгуулах” хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Гарын үсэг зурах ёслолд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто” группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар оролцсон юм. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ёслолд оролцох үеэр "Энэ бол хувийн хэвшил боловсролын салбарт хөгжил авчрах хөрөнгө оруулалт хийж байгаа сайн жишиг болж байна" гэдгийг цохон тэмдэглэсэн юм. 

2025 он хүртэл хэрэгжих энэ төслийн хүрээнд уул уурхай, тэр дундаа гүний уурхайн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжилтнүүдийн ур чадварын хомсдол, үйлдвэрлэлд тулгараад байгаа бэрхшээлийг хамтран шийдвэрлэх юм. 

"Оюутолгой"-н далд уурхайд геотехникийн нарийвчилсан тооцоолол хийх шаардлага үүссэний улмаас далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшлоод байгаа билээ. Энэ нь хөрөнгө оруулагч талуудын хооронд үл ойлголцол үүсэх нэг шалтгаан болсон юм. 

Гэтэл өнөөдөр далд уурхайд үүссэн шиг нөхцөлд ажиллах ур чадвартай, нарийн мэргэшсэн хүний нөөц Монгол Улсад дутмаг байгаа учир уг ажлыг гаднын мэргэжилтнүүд ажиллаж байгааг "Оюутолгой" ХХК-ийн төлөөлөгчид онцоллоо. 

“Судалгааны төвд хөтөлбөрийн оюутнууд практик туршилт хийхээс гадна мэргэжлээрээ ажиллаж буй инженерүүдийг ур чадварыг дээшлүүлэх сургалт орно. ШУТИС өнгөрсөн хугацаанд 90 мянга гаруй инженер бэлтгэсэн нь Монгол Улсад дийлэнх ашиглагдаж байгаа ил уурхайн бүтээн технологид суурилж ирсэн бол энэ хөтөлбөрөөр далд уурхайн технологид суурилсан мэргэжилтнүүд төрөн гарах юм” хэмээн  ШУТИС-ын захирал Б.Очирбат ярьсан юм. 

Уг төсөл хэрэгжиснээр геотехникийн олон улсад магадлан итгэмжлэгдсэн бакалавр болон магистрын сургалтын хөтөлбөрийг Монгол улсад бий болгож, судалгаанд суурилсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлнэ. Үүний үр дүнд: 

- ШУТИС олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн хөтөлбөртэй болно. 
- Ажлын байранд өрсөлдөхүйц өндөр чадамжтай төгсөгчдийг бэлтгэнэ. 
- Уул уурхайн үйлдвэрлэлийн судалгааны гарц нэмэгдэнэ.
- Уул уурхайн геотехникийн сүүлийн үеийн лабораторитой болно. 
- Олон улстай хамтарсан судалгаа хийх боломж нэмэгдэнэ. 
- Багш нарын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлснээр, чадварлаг багш нарын төвлөрлийг бий болгоно.
- Монгол улсын хэмжээнд тулгамдаад буй дээд боловсролын шинэчлэл, хөгжилд түүчээлсэн жишиг хөтөлбөр болох юм.

“Рио Тинто" групп, “Оюутолгой” ХХК уг төсөлд нийт 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine