Бодлого - Геологи

Хайгуулын салбар дахь төрийн унтаа бодлого

Зэс, нүүрс, алт гээд гол ашигт малтмалын бүтээгдэхүүний олборлолтын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа энэ үед дараагийн ашиглах нөөцийг нээн илрүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Монголын геологи, хайгуулын салбар тодорхойгүй байдалтайгаар хоёр дахь жилтэйгээ золгож байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгохоо зогсоосноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо сар бүр буурсаар, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс бага болов. Салбарын яамны зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийг идэвхтэй олгохоо ярьж хэлдэг ч Засгийн газраас бодитой шийдвэр гарахгүй байсаар. Геологичдын хувьд Засгийн газрын бодлого хэрхэн гарахыг хүлээсээр байна.

“Тусгай зөвшөөрөл олгочихоод араас нь хариуцлагаа хөөцөлдөөд явдаг тогтолцоонд реформ хийж хариуцлага нь тодорхой бөгөөд санхүүгээр баталгаажсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгодог реформыг хийнэ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үл итгэл, хардалт, тусгай зөвшөөрлийн хавтгайрсан наймаа зэрэг явдал цэгцрэх тул тусгай зөвшөөрөл олгох сонгодог тогтолцоонд эргэлзэх шаардлагагүй” хэмээн салбарын яам байр сууриа илэрхийлж байгаа. Гэхдээ хэзээ ажил хэрэг болох нь тодорхойгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргалаас журамд өөрчлөлт оруулах асуудлаар төрөөс ямар ажил хийж байгаа тухай тодруулахад “Тодорхой компаниудаас санал гарч байгаа. Судалгааны түвшинд явж байна. Цаашдаа илүү туршлагатай, чадвартай компанид олгодог болох чиглэл рүү явна. Одоогоор ямар нэг ажлын хэсэг гарсан, боловсруулсан төсөл байхгүй” гэлээ.

2017 оноос өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хоёр журам мөрдөгдөж байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард Төсвийн тухай хуулийг батлах үед орсон өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийн журам хүчингүй болсон юм. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хумьсан нь уул уурхайн салбарын ирээдүйг бүрхэг болгоод байгаа. Үүнд хамгийн их өртөж буй нь магад алт олборлогчид. Шороон ордын тогтоогдсон нөөц ердөө хоёрхон жил хүрэлцэхүйц үгүйтэй үлдсэн бөгөөд жилийн олборлолт 23 тонн хүрсэн өнөө үед нөөцийг жил бүр үүнтэй ижил хэмжээгээр нэмэгдүүлж байж салбар тогтвортой байх нөхцөл хангагдана.

Гэтэл 2018 оны байдлаар хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2016 оныхоос 30.5 хувиар буурчээ. Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш шинээр хайгуулын талбай авах хүсэлт 2015 оныхоос 16 дахин буурсан юм. Энэ нь Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журам хэт өндөр босготой байгаатай холбоотой хэмээн салбарынхан үзэж байна.

“Мөрдөгдөж байгаа журам нь болохгүй байгаа учраас л компаниуд шинээр хүсэлт гаргахгүй байгаа хэрэг” хэмээн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал С.Бадарч ярив. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь хөрөнгө, санхүүгийн чадвар сайтай гадаадын компаниудад илүү давуу тал олгосон гэж үзэж буй. “Уул уурхайн салбарын цалингийн зардал хамгийн өндөр бөгөөд олон тооны татвар, зээлийн дарамт дор ажилладаг үндэсний компаниудын өрсөлдөх боломжийг хязгаарласан журам” хэмээн одоогийн мөрдөгдөж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын талаар С.Бадарч байр сууриа илэрхийлэв.

Учир нь одоо мөрдөгдөж байгаа журмаар уул уурхайн чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байсан сонгон шалгаруулалтад оролцож тусгай зөвшөөрөл авах боломжтой. Түүгээр зогсохгүй авах ёстой 100 онооноос 45-ыг нь зөвхөн үнийн саналаар эрэмбэлэн олгодог. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр үнэ санал болгосон нь 45 оноог шууд л халаасаллаа гэсэн үг. Үлдэж буй онооны 25-ыг нь төслийн баримт бичгийн бүрдүүлэлтийг харгалзан өгснөөр хамгийн чухал зүйл болох мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, туршлага, техник тоног төхөөрөмжийн чадамж зэрэгт 30 оноог хувааж үнэлнэ.

Гэтэл ямар компанийг мэргэжлийн гэж үзэх вэ гэдэг асуудал бас чухал байна. “Ганц геологчтой гадаад худалдааны чиглэлээр 10 жил ажилласан компанийг мэргэжлийн боловсон хүчинтэй гэж үзэх үү, үгүй юү гэдгийг тодорхой болгох шаардлага байна” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Одончимэг хэлэв.

Салбарын туршлагагүй, мэргэжлийн боловсон хүчингүй, бизнесийн ямар ч үүх түүхгүй аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгосноос өнөөх лицензийн наймаа дэлгэрэх үндэс болж байна гэдэг асуудал салбарын хурал, чуулганы үеэр үргэлж хөндөгддөг. Үүгээр зогсохгүй иргэдийн дунд буруу, зөрүүтэй ойлголт түгэхэд ч энэ байдал нөлөөлж буйгаас аж ахуйн нэгжүүд орон нутагт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь элбэг. Тусгай зөвшөөрөл хүсэж буй хайгуулын компаниудын хувьд орон нутгийн удирдах байгууллагаар зөвшөөрүүлэх асуудал “толгойн өвчин” болдог. Иймд Монгол Улсын Засгийн газар ашигт малтмалын хайгуул, олборлолтын зохицуулалтыг бүрэн мэдэлдээ авах нь зохимжтой гэх санал хүчтэй сонстох болсон. Өөрөөр хэлбэл орон нутгийн удирдлагууд бус харин төрийн захиргааны байгууллагад эрх мэдлийг нь өгөх ёстой аж.

Монголд хайгуулын салбар уналтаас гарах аргаа олж ядан байгаа энэ хугацаанд дэлхий нийтээр хайгуулын ажил эрчимжиж байна. Өнгөрсөн 2018 онд дэлхий даяар хайгуулын ажилд 10.1 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 20 хувиар өссөнийг илтгэнэ. Энэхүү зардлын 50 хувийг алт, 22 хувийг зэс, долоон хувийг цайрын хайгуулд төсөвлөсөн байв. Үүнээс үзэхэд Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх томоохон боломжоо алдаж, эдийн засгаа уналтаас гаргах дэмжлэг үзүүлэх нэг салбарыг үл тоож иржээ гэж дүгнэж болох юм.

Уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байгаа зурвасхан үед л компаниуд хайгуулдаа ахиу хөрөнгө зарах боломжтой байдаг. Тиймээс улс орнууд үүнийг ашиглан аль болох хөрөнгө оруулалт татахыг хичээж, лиценз олголтоо илүү нээлттэй, хөнгөвчлөх бодлого баримталдаг. Канадын хувьд таатай цаг үеийг ашиглан хайгуулын салбартаа 34 хувийн өсөлт авчирч чаджээ. Ингэснээр тус улсын хайгуулын зардал 3.52 тэрбум ам.доллар хүрчээ.

Таваарын ханш цаашид өндөр түвшиндээ тийм ч удаан хадгалагдахгүй бололтой. Металлуудын үнэ харьцангуй тогтвортой байхаар төсөөлөгдөж байгаа ч нүүрсний хувьд энэ жил 14 хувиар сулрах таамаг гараад буй. Гэхдээ л энэ жил дэлхийн хайгуулын төсөв 10 хүртэлх хувиар өсөх урьдчилсан төлөв бий. Тиймээс үлдэж буй бага хугацаанд энэ өсөлтөөс Монгол Улс ахиу үр шим хүртье гэж хүсэж байвал хайгуулын тусгай зөвшөөрлийг чөлөөтэй олгож, энэ салбарт хөрөнгө оруулалт татахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Хайгуул хийж байж олборлож, экспортлох ашигт малтмалын нөөц бий болдог гэдгийг төр хэдий чинээ хурдан ойлгоно төдий чинээ ашигтай юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine