Компани

Оюутолгой тойрсон хэрүүл биш хэлцлийн тухай

2020   |   November - December   |  034

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн ээлжит “маргаан” албан ёсоор эхэллээ. Уламжлал ёсоор “маргалдах” цаг нь ч болсон, тохироо нь ч бүрдсэн. Долоон жилийн өмнө талууд анх удаа хүчтэй маргасан. Ямар үр дүн гарсныг бүгд л мэдэж байгаа. Нурших нь илүүц биз. Энэ удаад маргаан гэхээсээ хэлэлцээнд орж байгаа. Гэхдээ шалтгаан нь анхны маргаантай дэндүү адилхан. Харин нөхцөл байдал болоод төлөөлөгчид нь нэлээд өөр. 

Оюутолгойг тойрсон “маргаан”-аас нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болов уу. Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлж буй асар том хувь нэмрийг хэн ч үгүйсгэх боломжгүй юм. Оюутолгойг зогсоох, Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг шууд цуцлахгүй гэдгээ Засгийн газрын төлөөлөл онцолсон нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм. “Рио Тинто” ч хэлэлцээ хийхэд бэлэн, талуудад харилцан ашигтай үр дүнд хүрэхийг зорих болно хэмээн мэдэгдсэн. 

Тиймээс ч хувь нийлүүлэгч талууд хэлэлцээний ширээний ард дахин сууж байна. Харин хэлэлцээ ямар агуулгын хүрээнд өрнөх нь хамгийн сонирхолтой сэдэв юм. 

Шалтгаан нь юу вэ?

Дахиад л гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, Монголын ногдол ашиг авах хугацаа хойшилж байгаа, зээлийн хүүнд төлөх төлбөр нэмэгдэж байгаатай холбоотой. Анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтыг 4.6 тэрбум ам.доллар гэж тооцсон байдаг. Үндсэндээ ийм хөрөнгө оруулалт дээр ашиг, орлогын үндсэн бүх тохироо хийгдсэн. 2013 онд анхны хөрөнгө оруулалт 4.6 тэрбумаас 6.2 тэрбум ам.доллар болж өссөн. Засгийн газар асуудал дэвшүүлсэн ч яалт ч үгүй гарсан зардлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. 2015 онд нэмээд гүний уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байна гэсэн. Одоо дахиад 1.4 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн тооцоог хэдхэн хоногийн өмнө “Рио Тинто”-гоос танилцуулжээ. Өөрөөр хэлбэл гүний уурхайн бүтээн байгуулалт 6.8 тэрбум орчим ам.доллар, анхны хөрөнгө оруулалттайгаа нийлээд 13 тэрбум ам.доллар болно гэсэн үг. Үүнээс үүдэн Монголын талын хүртэх өгөөж буурч магадгүй боллоо, ногдол ашиг авахгүй ч байж магадгүй нь гэсэн болгоомжлол Засгийн газарт төрсөн. Болгоомжлохгүй гээд яалтай, бодит байдал юм чинь. 

“Оюутолгой” компанид зээлийн санхүүжилтийн дарамт өндөр байгаа бөгөөд 2020 оны байдлаар 11 тэрбум ам.долларын зээлтэй.

ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоогийн хэлснээс харахад хэлэлцээний гол сэдэв зардлын өсөлт, талуудын хүртэж буй өгөөжийн талаар байх нь тодорхой байна. Учир нь “Рио Тинто”-гоос ирүүлсэн санхүүгийн тооцоон дээр суурилж, Монголын талын хүртэх өгөөж анх тохирсноосоо өөрчлөгдөх нь гэдэг ойлголтыг Засгийн газраас өглөө. 

Оюутолгойн ТЭЗҮ шинэчлэгдэх бүрдээ хөрөнгө оруулалтын зардал нь нэмэгдэж буй. Мөн “Оюутолгой” компанид зээлийн санхүүжилтийн дарамт өндөр байгаа бөгөөд 2020 оны байдлаар 11 тэрбум ам.долларын зээлтэй. Долоон тэрбум орчим нь хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанид төлөх зээл бол 4.4 тэрбум нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад төлөх зээл юм. Энэхүү өндөр зээлийн хүүд өдөрт 1.8 сая доллар төлж буйг Засгийн газар мэдээлсэн. 

Үүнээс гадна “Рио Тинто”-гийн авч буй менежментийн төлбөр өндөр байна гэдэг асуудлыг ч Засгийн газар тавьж байгаа аж. Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон “Дубайн гэрээ”-нд Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр хүртэлх хугацаанд Үндсэн хөрөнгийн зардал болон Үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 3 хувиар, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойших хугацаанд гарсан Үндсэн хөрөнгийн зардал болон Үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 6 хувиар, далд уурхайн хөрөнгө оруулалтын зардлын 6 хувь биш 3 хувиар бодож менежментийн төлбөр авч байгаа. “Рио Тинто” 2013-2020 онд менежментийн үйлчилгээний төлбөрт 759 сая ам.долларыг авчээ. Үүнд техникийн үйлчилгээний төлбөр зэрэг зарим төлбөрийг оруулаагүй байна. Дээрх бүх төлбөрийг оруулаад тооцоход 2019 онд гэхэд нийт 180 сая орчим ам.долларыг “Рио Тинто” авсан хэмээн ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоо мэдэгдсэн байдаг. 

Энэхүү төлбөр нь “Оюутолгой” компанийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс илүү байгаа нь зайлшгүй анхаарал татна. Дээрх хугацаанд төлсөн АМНАТ нь 526.4 сая ам.доллар болж байна. Эндээс “Рио Тинто”-гийн авдаг менежментийн төлбөр нь Монгол Улсад төлдөг роялтигаас илүү байгаа нь тодорхой харагдах бөгөөд энэ нь шударга хуваарилалт мөн үү гэдэг асуудал гарч байгаа юм. Үүнийг дагаад “Рио Тинто” Монголын Засгийн газар шиг ногдол ашигт ач холбогдол өгч байна уу гэдэг асуудал ч босно. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх, хугацаа хойшлох нь “Рио Тинто”-д ашигтай байгаа юм биш биз гэсэн эргэлзээ ч төрөх болно. Ийм эргэлзээ, үл итгэх хандлага 2013 онд Засгийн газарт төрж байсныг сануулах нь зөв байх. Тиймээс ч Засгийн газар үүнд хамгийн ихээр эмзэглэж байгаа болов уу. 

Анхны хөрөнгө оруулалт нэмэгдэж, 6.2 тэрбум доллар болоход Засгийн газар яг дээрх шалтгааны улмаас зөвшөөрөхгүй гэж гэдийсэн. 20 сар хэлэлцсэний дүнд хөрөнгө оруулалтыг зөвшөөрч “Дубайн гэрээ”-г зурсан байдаг. Одоо харин “Дубайн гэрээ”-г УИХ-ын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байгуулсан хэмээн шүүх үзэж, гарын үсэг зурсан захирлуудад хорих ял оноож, УИХ уг гэрээг хуулийн дагуу болгох тогтоол баталсан. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Тэд үүргээ биелүүлэхээр ажиллаж байна. 

Хэлэлцээ хийх цаг үе мөн үү?

Мэдээж мөн. Зах зээлийн нөхцөл байдал, Монголын улс төрийн нөхцөл байдал, “Рио Тинто” компанийн нөхцөл байдал гээд Засгийн газар хөрөнгө оруулагчтай ХөОГ-нд өөрчлөлт оруулах хэлэлцээрт орох таатай цаг үе нь мөн юм. Зэсийн үнэ 8000 ам.долларт хүрлээ. 2009 онд ХОГ байгуулагдаж байх үед зэсийн үнэ огцом уналтын дараа 3000 ам.доллараас дөнгөж сэргэж байсан бол 2015 онд “Дубайн гэрээ”-г байгуулах үед Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралыг даган уруудаж, 5000 ам.доллар руу тонгойж, ирээдүй нь бүрхэг байсан үе. “Рио Тинто”-той хэлэлцээрт орох бүрийд зэсийн ханш нам дор байдаг нь Оюутолгойн үнэ цэнийг доош дарахад нөлөөлж байсан гэсэн үг. 

Монголын улс төр харьцангүй тогтвортой, бодлогын залгамж халааг хадгалж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход эерэг оноо болох нь дамжиггүй. Хөрөнгө оруулагчтай хэлэлцээрт ороход улс төрийн тогтворгүй байдал хамгийн том сул тал байдаг. 2015 онд энэ нь маш тодорхой харагдсан. Ийм үед хэлэлцээр амар өрнөхгүй ч тохиролцоонд хүрч чадвал маш чухал үр дагаврыг дагуулах болно. 

“Рио Тинто” компанид бүтцийн томоохон өөрчлөлт болох нь тодорхой байна. Австралийн уугуул иргэдийг үл хүндэтгэсэн тус компанийн удирдлагын баг өөрчлөгдөж, шинэ удирдлагын баг нь том төслүүд хэрэгжүүлж байгаа улс орны олон нийт, Засгийн газартай итгэлцэл бий болгож, хамтран ажиллахыг зорихоо мэдэгдсэн. 

Үүнээс гадна Засгийн газар улс төржсөн шалтгаан гэхээсээ бодитой, үр дүнтэй хэлцэл хийхийг зорьж байна.  Засгийн газар “Рио Тинто”-г хүлээж байсан. Тус компаниас гүний уурхайн бүтээн байгуулалтын явц, нөөцийн үнэлгээ болон ТЭЗҮ-ийн шинэчилж танилцуулах байсан. Түүнээс өмнө яаран дуугараагүй. Жилийн өмнө УИХ-ын 92 дугаар тогтоол гарч, “Дубайн гэрээ”-г хуульд нийцүүлж өөрчлөхийг Засгийн газарт үүрэг болгосон. УИХ-ын сонгуулийн өмнө Оюутолгойгоор оролдож, популизм хийх нь гэсэн таамаг хүчтэй байсан ч Засгийн газар түрүүлж дуугараагүй зэрэг нь үүнийг нотолно. 

Харин Монголын эмзэг цэг бол эдийн засгийн хямрал. Хямралтай жилд хийсэн гэрээ болгон нь араасаа асуудал дагуулж, бурууддаг жишиг тогтсон нь энэ удаагийн хэлэлцээ амжилттай болох эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа юм.

Хэлэлцээрийн хамрах хүрээ юу вэ?

Засгийн газрын байр суурь маш ойлгомжтой тодорхой болсон байх. “Дубайн гэрээ”-г шинэчлэн байгуулах ёстой, үгүй бол цуцлъя гэв. Гэрээнд гарын үсэг зурсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг гэм буруутайд тооцож оноосон ял нь Засгийн газрын нэг шалтаг болно. Улмаар тохиролцоонд хүрвэл Хөрөнгө оруулалтын гэрээг ч өөрчлөх сонирхолтой байгаагаа эелдгээр илэрхийлээд байгаа. Учир нь ХОГ, Дубайн гэрээгээр зардлын өсөлт, талуудын хүртэх ногдол ашиг, өгөөжийг тодорхой зохицуулсан болохоор Оюутолгой төслөөс хүртэх өгөөж өөрчлөгдөж байгаа бол гэрээнд өөрчлөлт оруулах үндэслэл болно хэмээн Засгийн газар тооцоолж байгаа болов уу. Үндэслэлгүйгээр, зүгээр л бид хохироод байна гээд зүтгэвэл 2013 оных шиг нөхцөл байдал давтагдана гэдгийг шинэ Ажлын хэсгийн гишүүд мэдэж байгаа нь лавтай. 

Тиймээс ч анх тохирсон санхүүгийн тооцоолол өөрчлөгдөж байна, тийм бол Хөрөнгө оруулалтын гэрээг ч өөрчлөх эрх зүйн үндэслэл болно хэмээн Засгийн газар үзэж байна. Гэхдээ энэ бүхнийг баримттай хэлэлцэхийн тулд хөрөнгө оруулагчдад тодорхой саналууд тавьсан байна. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг тогтоож судлах хөндлөнгийн шинжээчдийн баг томилж, дүгнэлт гаргуулах, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилтийг дүгнэхийг санал болгосон. Засгийн газраас санал болгосны дагуу далд уурхайн зардал хэтэрсэн нөхцөл байдал, шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэгтэй тусгай хороог “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-өөс байгуулсан. Уг зөвлөлд Монгол болон “Туркойз Хилл”-ын талын тус бүр 2 ТУЗ-ийн гишүүн томилогдсон байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт энэ оны зургадугаар сарын эцсээр гарах хүлээлттэй байгааг Б.Солонгоо дарга мэдээлсэн. 

Үүнээс гадна гүний уурхайн хөрөнгө оруулалт 1.4 тэрбум доллараар зайлшгүй нэмэгдэхээр бол уг мөнгийг хаанаас яаж босгох вэ гэдэг асуудал ч яригдах нь ойлгомжтой. Уг асуудлаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” хоёрын дунд маргаан үүсэж Канадын Арбитрт хандаад байгаа. “Рио Тинто” нэмэлт хувьцаа гаргах замаар санхүүжүүлэхийг санал болгосон бол “Туркойз Хилл Ресурс” бонд гаргах, алтны урьдчилан борлуулах хэлцэл хийх замаар санхүүжилт татах боломжтой гэсэн. 

Засгийн газрын хувьд алт урьдчилан борлуулах замаар санхүүжилт босгох нь ашигтай байх боломжтой юм. Гэхдээ дээрх хувилбаруудын аль нь ашигтай вэ гэдгийг тооцож, болж өгвөл уг маргаанд хошуу дүрэхгүй байх нь зохимжтой болов уу.

Дүгнэлтийн оронд

Монголын Засгийн газрын тавьж байгаа асуудлуудын хамаг гол буруутан 34 хувийн эзэмшил болж, 34 хувийг хэрхэх асуудал ч хөндөгдөж болох юм. 34 хувь эзэмшсэнээр төслийн санхүүжилтийн 34 хувийг гаргах шаардлагатай болсон. Түүнийгээ “Туркойз Хилл”-ээс ногдол ашгаараа барьцаалан зээлсэн. Зардал нэмэгдэх тусам зээлийн хэмжээ, хүү нэмэгдэнэ, бас ногдол ашиг хойшилно, бүр авахгүй ч байж мэдэхээр байна. Магадгүй Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэлэлцээ эхэлбэл 34 хувьтай холбоотой асуудлын хүрээнд ч өрнөж болох юм. 

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хэлэлцээг бизнесийн зарчмаар нь, мэргэжлийн хүмүүс хийвэл аль аль талдаа ашигтай хувилбар дээр санал нэгдэх бүрэн боломжтой юм. “Рио Тинто”-гийн шинэ захирал ч хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин Монголд Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхийн хэрээр уламжлал ёсоор улс төрийн оноо авах том хөзөр болгон ашиглах нь ойлгомжтой юм. Тиймээс ч талуудын томилсон Ажлын хэсгийн дүгнэлт сонгуулийн дараа гарч, хэлэлцээ ч тэр үед нэг мөр шийдэгдэх биз ээ. 

Хувь нийлүүлэгч талуудад одоо хүртэл итгэлцэл тогтоогүй байна. Магадгүй Монголын төрийн эрх мэдэл солигдсонтой ч холбоотой байж болно. Хэрэв итгэлцэл бий болохгүй бол таван жил тутамд ийм маргаан гарсаар байх нь ойлгомжтой юм. Энэ удаад итгэлцэл үүсэх, Оюутолгой төслийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх боломж бүрэн дүүрэн бий. 



Сэтгэгдэлүүд
  • Зочин
  • [66.181.181.56]
  • 2021-03-30 13:26

Задаа энэ Мөнхсүх гэдэг хүн Дубай зуруулж Ганболд, Бямбасайханыг шоронгийн хаалга татуулсан одоо Түмэнцогт, Нямбаатар, Солонго нарын хойдохыг нь унших гэж ирсэн юм байлгүйдээ

  • Sudlaach irgen
  • [202.9.46.159]
  • 2021-03-30 13:50

OT mongold jildee 300 sae $ ogdog um baina..getel Tadjikstan ulsad gadaadad ajilladag irgedees ny 4 terbum $ irdeg gej baigaa..teheer ingej nutgaa uhaj tonhood olj baigaa ch ashig baga l baina..irged ee l sain humuujuulj hogjuulhed anhaarch horongo oruulah ny zov

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine