Бодлого - PDAC 2019

Эрсдэл, хариуцлага, хүртээмжтэй өгөөж

Торонтод уул уурхайн салбарын хамгийн том чуулган болж өнгөрөв. Байгалийн баялгаар баян, уул уурхайн орон гэгддэг дэлхийн бүх л улс энэхүү арга хэмжээнд идэвхийлэн оролцож, хөрөнгө оруулалт, шинэ технологи, тогтвортой хамтрагч хайдаг бөгөөд Монгол Улс ч тэднээс хоцрохгүйг хичээдэг. PDAC-т оролцоод ирсэн гэхээр таарсан цөөнгүй хүний царайнд эд одоо яг яах гэж ч явдаг юм гэсэн бодол илрэх шиг санагддаг. За тэгээд олон хөрөнгө оруулагч дагуулаад ирэв үү гэх шоглонгуй асуулт ч сонсогдох нь бий. Иймэрхүү хандлагатай хоёр дахь жилдээ таарч байна, миний хувьд. PDAC бидний хувьд болон дэлхийн уул уурхайн салбарын хувьд юу юм бэ гэдгийг өөрийн харж, мэдэрсэн өнцгөөс тайлбарлахыг хичээе. Нэгэнт уул уурхай Монгол Улсыг олон жил тэжээх нь үнэн хойно бид ертөнцийн өнгө будаг, бусдын чиг хандлагыг таньж мэдэхийн тулд жил бүр л PDAC-ийг зорих нь ойлгомжтой биз.

Онгоц буух зурвас харласныг эс тооцвол дөнгөж орсон нимгэн цасанд дарагдсан Торонто хот биднийг дуу шуугиантай угтсан. SNC Lavalin гэх инженерийн компанитай холбоотой хэл амны улмаас жендерийн мэдрэмжтэй улстөрч гэгдэх Жастин Трудогийн танхимыг хоёр ч эмэгтэй сайд нь орхисон халуухан улстөртэй, Бразил улсад хаягдлын далан задарч олон хүний амь эрсдээд байхад VALE компанийг PDAC-ийн гол ивээн тэтгэгчээр орууллаа гэж иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэн жагссан жагсаал яалт ч үгүй сонирхол татна. Бусдаар бол PDAC-д ирдэг оролцогчдын тоо 26000 дөхөж, 130 орныг хамарсан үзүүлэлттэй, Торонто Конвейншн Центр болон ойр орчмын буудлууд хайгуул, уул уурхайнхнаар хахсан уур амьсгал урьдын адил мэдрэгдэж байлаа.

Эрдэс баялаг хайх, уул уурхайн олборлох салбарынхан дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй, геополитикийн тодорхойгүй байдалтай холбоотой сорилтуудыг даван гарч чадна шүү, энэ салбар сэргэн мандана шүү гэдгийг дэлхий дахинд харуулахыг хүссэн, өөрсдөө ч дотроо тэр итгэлээ бататгах гэсэн цугларалт шиг надад санагддаг. Хөрөнгө оруулалт татахын тулд бусад салбаруудтай хийж буй өрсөлдөн жил ирэх бүр чангарч буй нөхцөлд уул уурхайн талаарх олон нийтийн дунд тогтсон, зарим талаар бүр бугшсан ойлголтуудыг задлахад энэ арга хэмжээ улам бүр чухал болж хувирч байна.

Улс төр, бизнесийн хүчирхэг лидерүүдийн хандлагаас энэ жилийн PDAC-аар ирэх жилүүдэд тулгарах эрсдэлийг даван туулах арга зам нь хариуцлага, хүртээмжтэй өгөөжийг бий болгох гэдгийг томъёоллоо

Энэ жилийн хувьд арга хэмжээний эхний өдөр Канад улсын Ерөнхий сайд Жастин Трудо зочилж, PDAC-ийн Ерөнхийлөгч Гленн Муллантай ил галын дэргэд суугаад хууч хөөрч буй хэлбэрээр зочид болон хэвлэлийнхний өмнө шууд ярилцлага хийсэн нь гэнэтийн үйл явдал болов. Жилдээ 90 гаруй тэрбум долларын борлуулалт хийж Канадын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөв орчим хувийг бүрдүүлдэг, 630 гаруй мянган канад хүнийг ажлын байраар хангадаг уул уурхайн салбартаа Засгийн газраасаа өгч буй ач холбогдлоо харуулах, нөгөө талаар дэлхийн уул уурхайн өнгийг тодорхойлолцож явдаг улсын хувьд байр сууриа илэрхийлж буй хэлбэр нь энэ. 18 жилийн турш жил бүр сунгаж ирсэн Mineral Exploration Tax Credit -ийг Трудогийн Засгийн газар энэ жилээс анх удаа таван жилээр сунгажээ. Үүнийгээ уул уурхайн бизнест хөрөнгө оруулалт хийх орчныг урт хугацаанд тогтворжуулж өгч байгаа хэмээн тайлбарлаж эхэлсэн ярилцлага Засгийн газрын тэргүүний зүгээс Канадын хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, дэлхийн гол улс орнуудын ихэнхтэй Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан тул хөрөнгө оруулагчдад ашигтай гэдгийг тодотгон үргэлжилсэн. Ерөнхий сайдын хувьд Канадын алс хязгаарлагдмал Хойд бүс нутагт дэд бүтэц, ажлын байр бий болгож буйд нь хөрөнгө оруулагчдад талархахаа үл мартана. Үүний зэрэгцээ Канадын уул уурхайн салбарт бүтээж буй инноваци ирээдүйн дэлхийд ашиглагдана гэдгийг цахилгаан машинд ердийн машинаас илүү их зэс хэрэглэгдэх, сэргээгдэх эрчим хүчинд илүү олон төрлийн эрдэс бодис хэрэглэхтэй холбон ярьж, улс төрийн хувьд, газарзүйн хувьд, нийгэм, эдийн засаг, төсвийн хувьд тогтвортой Канад улсын уул уурхайд хөрөнгө оруулах нь сайн хөрөнгө оруулалт болно гэдгийг тодотгож байлаа. 

Ерөнхий сайд Трудо ингэж өндөр түвшинд уул уурхайг сурталчилж, уул уурхай бол “ногоон технологи”, “ногоон автомашин”, “ногоон эрчим хүч”-ний салшгүй нэг хэсэг шүү гэдгийг бататгаж, танхимын гишүүдтэйгээ уг арга хэмжээнд идэвхтэй оролцох нь сонирхолтой. Канадын Гадаад харилцаа, олон улсын худалдаа хариуцсан сайд Жим Карр, Байгалийн баялгийн сайд Амаржит Сохи нар хамтран Канадын арга хэмжээгээ удирдаж, Канадын Эрдэс баялаг, Уул уурхайн Төлөвлөгөө хэмээх шинэ санаачилгыг танилцуулсан. Тэдний тайлбарлаж байгаагаар хэдэн үе дамжин хэрэгжих энэ санаачилга нь канад хүн бүрт эрдэс баялаг, уул уурхайн салбар хэчнээн чухал болохыг мэдрүүлж, Канад улсыг дэлхийн эдийн засгийг илүү “цэвэр” эрдэс металлаар хангагч улс болгон байршуулахад чиглэх аж. Эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадвар; нутгийн уугуул иргэдийн оролцоо; байгаль орчин; шинжлэх ухаан, технологи, инноваци; олон нийт; олон улсын тавцанд тэргүүлэх гэсэн зургаан үндсэн хэсгээс уг санаачилга бүрджээ.

PDAC энэ жил Дэлхийн Эдийн засгийн форумтай хамтран дэлхийн 24 орноос хүрэлцэн ирсэн уул уурхайн сайд нарын хүрээнд эрдэс бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээг хариуцлагатай болгох асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Де Каприогийн тоглосон “Цуст Алмааз” кинонд тод томруун дүрслэгддэг асуудлаас эхлээд уурхайн олборлолт, ханган нийлүүлэлтийн бүх шатан дахь хөдөлмөрийн мөлжлөг, хүний эрхийн зөрчил, мөнгө угаалтын асуудлууд, орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэл ба эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн худалдан авалт, хэрэглэсэн хуванцар материалыг байгальд хаяхгүй байх асуудал зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, салбарын зүгээс төрийн зохицуулалтаар болон компаниудын сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлсон. Удахгүй өргөн далайцтай ажлууд хийгдээд эхлэх төлөв ажиглагдана лээ. Товчхондоо бол улс төр, бизнесийн хүчирхэг лидерүүдийн хандлагаас энэ жилийн PDAC-аар ирэх жилүүдэд тулгарах эрсдэлийг даван туулах арга зам нь хариуцлага, хүртээмжтэй өгөөжийг бий болгох гэж томъёоллоо гэж ойлгосон. 

Монгол Улс PDAC-т ямар мессеж өгөхийг зорив?

Монголчууд PDAC -д хэзээнээс хэрхэн оролцож ирсэн талаарх бүрэн мэдээлэл надад байхгүй. 2004 онд геологич Д.Гарамжав агсан “Айвенхоу Майнз”-ын геологич Дуглас Ирвин, Чарлес Форстер нарын хамтаар Оюу толгой ордыг нээн илрүүлсний төлөө PDAC-ийн олон улсын хэмжээний шагналыг хүртэж байсныг санаж байна. Манай улсын “Монголчууд PDAC дээр” буюу Mongolia@PDAC арга хэмжээ сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулахад оролцсоны хувьд түүний талаар харин надад хуваалцах сонин бий. Нэгэнт дэлхийн хамгийн идэвхтэй ажиллаж байгаа компаниуд, хөрөнгө оруулагчдын дунд очсоных бусдаас дутахгүйгээр Монголоо сурталчлахыг зорьдог. 2016 онд сайд Ц.Дашдорж асны удирдаж зохион байгуулсан арга хэмжээ хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг буцаан сэргээхийг зорьсон байдаг. Тухайн үед Монгол Канад улсуудын хооронд Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах хэлэлцээр байгуулахаар ажиллаж байсан талаар, “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэн нийт газар нутгийн 9.6 хувийг хамраад буй хайгуулын лиценз олголтыг 20.9 хувьд хүргэхээр зорьж байгаа талаар, том төслүүдийг хөдөлгөхөөр ажиллаж байгаа талаарх сэдвүүдийн хүрээнд гол мессэжүүдээ бэлдсэн байдаг.

2018 оны PDAC-д оролцохоор бэлтгэл ханган ажиллаж эхлэхэд нөхцөл байдал тийм ч таатай байгаагүй. Ц.Дашдорж сайдын амлаж байсан тогтвортой байдал, лиценз олголтыг нэмэгдүүлэх, том төслүүдийг хөдөлгөх зэрэг ажлууд бүгд ямар нэг байдлаар биелээгүй, тодорхойгүй байдалд орсны зэрэгцээ Төсвийн тухай хуулийг батлахдаа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохоо больсон, эрх шилжүүлэхтэй холбоотой татварыг нэмсэн асуудал салбарынхны анхаарлын төвд халуун сэдэв болчихсон байлаа. Энэ үед бидний өгөх мессэж Ашигт малтмалын тухай хуульд маш ойрхон давтамжтайгаар өөрчлөлт ордог байдлын суурь шалтгаанд хийсэн дүн шинжилгээ, түүнд тулгуурлан цаашид эрх зүйн орчныг тогтворжуулахын тулд хийхээр зэхэж буй алхмууд дээр голлон төвлөрч, Монгол орны эрдэс түүхий эдийн потенциал, хайгуул хийгдэж буй төслүүдийн явцын талаарх мэдээллүүдээр “чимэхийг” зорьсон юм.

2018 оны PDAC батарейн түүхий эдээр амьсгалж байх шиг санагдсан. Хайгуулын талбайтай ганц нэг монголчууд арга хэмжээг сонирхож очсонтой мөн таарсан. Миний хувьд бусад улс PDAC дээр улс орноо ямар хэлбэрээр сурталчилдаг талаар ихэд сонирхож байсан тул Чили, Аргентин улсуудын арга хэмжээнд оролцож, энэ талаараа Популизмын үнс нурам дороос өндийж буй Аргентин гэсэн нийтлэл бичсэн удаатай.

Энэ жилийн PDAC-д бид төр, хувийн хэвшил, бусад талууд бүгд хамтран Монгол Улсыг сурталчилсан гол хэдэн мессэж дээр төвлөрснөөрөө өмнөх жилүүдээс илүү дэвшилттэй арга хэмжээ зохион байгуулсан гэж үзэж байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн үйл явцыг задлан шинжилсний үндсэн дээр дэлхийн уул уурхайн 200 жилд туулсан ихэнх зам, тохиолдсон алдаа оноог Монголын уул уурхай энэ 20 жилд амжаад туулаад, тусах ёстой “ханиадаа” тусаад, хийлгэх ёстой “вакцинаа” хийлгээд, дархлаажаад гараад ирсэн байна гэдэг мессэж бидний барьсан гол мессэж байлаа. Д.Сумъяабазар сайд илтгэлдээ үүнийг товойлгон хэлж, араас нь “Оюу толгой” компанийн захирал Армандо Торресийн илтгэлээр Оюу толгой төсөл Монголын уул уурхайн мэргэжилтнүүдийн чадавх, менежмент, аюулгүй ажиллагаа, ханган нийлүүлэлтийн сүлжээг 10 жилийн дотор дэлхийн түвшинд ойртуулсан болохыг тодорхой жишээтэйгээр харуулсан. “Эрдэнэс Тавантолгой”-н илтгэлээр металлургийн нүүрсний салбар Монголын уул уурхайн дэд бүтэц, ложистикийн хөгжил сул байдлыг шийдвэрлэх тухай, “Эрдэнэс Монгол”-ын илтгэлээр баялгийн засаглалын холбоотой “цоорхойнууд” нөхөгдөж байгааг, “Эрдэнэ Ресурс”-ын Петр Акерли захирлаар Монголын алтны потенциалыг, “Занаду Майнз”-ын Эндьрю Стюарт захирлаар зэсийн потенциалыг, “Степпе Гоулд”-ын Ц.Батаа захирлаар богино хугацаанд зөвшөөрлүүдээ аван уул уурхайн бүтээн байгуулалтаа хийж байгаа талаар нь яриулсан. Амжилттай хэрэгжиж буй жижиг хайгуулын төслөөсөө эхлээд дэлхийд тэргүүлж байгаа том төслүүдийнхээ явцаар Монголын уул уурхайн салбарыг нөхцөл байдлыг багцалж харуулахыг хичээсэн хэрэг. Цаашид Монгол Улс гол ашигт малтмалууд болох зэс, алт, батарейн түүхий эд, нүүрс, газрын ховор элемент тус бүр дээр бодлогоо илүү нарийвчилж, хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой болгох ажлыг хийж байгаагаа ч салбарын яам танилцуулсан. Гоёж гоодоогүй, Монголын уул уурхайн орчны бодит боломжууд, эрсдэлүүдийг тодорхой танилцуулсан арга хэмжээ болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил оролцож байсан Монголын цөөн хэдэн компани энэ жил илүү олон болж, дараа жилээс илүү идэвхтэй оролцох хэлбэрүүдийг сонирхож, саналаа солилцож байсан нь ирэх жил илүү өндөр зохион байгуулалттай, ач холбогдолтой оролцох эхлэл боллоо гэж бодогдсон.

Ашигт малтмалын салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татахыг зорьсон олон улс PDAC-т өөрийн улсаа сурталчилсан. Хөрөнгө оруулалт татах тал дээр гэлтгүй манай улсын хүчтэй өрсөлдөгчид, ялангуяа Өмнөд Америкийн улсууд энэ жил ч идэвхтэй ажиллаж, олны сонирхлыг татах олон арга хэмжээ зохион байгуулж байв. Олон уулзалтын хажуугаар бага ч гэсэн цаг гарган хэд хэдэн улсын хуралд суув. Бидний өрсөлдөгч гэж хэлж болохуйц улсууд хөрөнгө оруулагчдад юу ярьж, ямар амлалт өгдгийг харах нь бидэнд л хэрэгтэй.

Перу улс энэ жилийн PDAC-н спонсор улсаар ажиллаж, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан дизайн бүхий рекламууд нь хаа сайгүй нүдэнд тусна. Перугийн өдрийн арга хэмжээнд PDAC-ийн Ерөнхийлөгч нээлтийн үг хэлж, Перугийн зах зээлийг канадууд хэрхэн харж байгаа талаар Торонтогийн Хөрөнгийн бирж танилцуулга хийсэн. Перугийн ДНБ-ий 10 хувь уул уурхайгаас бүрддэг, “Фрэйзэр” институтын Хөрөнгө оруулалт татах индексээр 14 дүгээрт жагсаж байгаа улс. Дэлхийн гигантууд бүгд шахуу тус улсад ажилладаг бөгөөд алт, зэсийн салбарт асар их потенциалтай улсын нэг юм. Перуд үйл ажиллагаа явуулж буй “Англо Американ” группийн илтгэлээс Перугийн Засгийн газар хөрөнгө оруулагчтай гэрээгээ нэлээд чанга тохирдог, гэрээний биелэлтээ нэлээд хатуу шахдаг аж. Нийгмийн асуудал нь нэлээд хүнд тул хөрөнгө оруулагч тал Засагтай хамтарч байж орон нутгийн асуудлуудын ард гардаг гэх зэрэг зүйлс сонсогдохын зэрэгцээ нийт ажиллагсдын 40 хувийг орон нутгийн болон дотоодын ажилчдаас бүрдүүлснээ ихэд бахархалтай дахин давтан ярихаас үзвэл перучуудын боловсрол, мэргэжлийн түвшин биднээс хавьгүй хойно явдаг бололтой. MinSur хэмээх Перугийн үндэсний гол бизнесүүдээ базсан групп мөн уул уурхай руугаа орсон, зэс цайрын хэд хэдэн уурхай, хайлах үйлдвэртэй, боломжийн менежменттэй байхаар танилцуулга хийж байна. Хурлын гол мессэж нь Перуд уул уурхайн бизнес бодитоор явагдаж байгаа шүү гэдэг дээр төвлөрсөн санагдсан. Перугийн хурал дээр манай Оюу толгойд хөрөнгө оруулсан Канадын EDC-ийн эрсдэл хариуцсан ахлах менежер ирж Перу ба олон улсын түвшин дэх авлигын нөхцөл байдал, түүнийг хэрхэн даван туулах талын илтгэл танилцуулсан нь соргог байлаа.

Бразилын хурал дээр тус улсад саяхан хаягдлын далан задарч гамшиг болсонтой холбоотой зохицуулалтуудаа чангаруулж байгаа талын мэдээллийг эс тооцвол үйлчилгээ үзүүлэгч компаниуд хүртэл өөрсдийгөө сурталчилсан илтгэл танилцуулсан, ерөнхийдөө хайнга арга хэмжээ мэт санагдав. Нигери улсын арга хэмжээгээр орж заалны гуравны нэг хүрэхгүй дүүргэлттэй, түүний бараг 95 хувь нь нигеричүүд өөрсдөө суугаад хуралдаж байхтай таарав.

Бизнесийн зөвлөх компаниудын арга хэмжээнээс “Маккензи”-гийн баяжуулах үйлдвэрт хиймэл оюун ухаан нэвтрүүлж буй туршлага, “Виттл консалтинг”-ийн уул уурхайн бизнесийн стратеги төлөвлөлтийн концепцийг сонсож, хуулийн “МкКарти Тетраулт” фирмийн уул уурхайн салбарт тулгараад буй хууль эрхзүйн талын сорилтууд панель хэлэлцүүлгүүдийг хальтхан сонсож амжсан. Хиймэл оюун ухааны туршилтууд маш сайн үр дүнтэй гарч байгаа нь ойрмогхон ашигт малтмалын салбарт хүчтэй нэвтрэх бололцоог нь олгож байна. Мэдээж эргэлзсэн, тээнэгэлзсэн зүйл их ч эцсийн дүндээ үр ашигтай байвал томоохон компаниуд хиймэл оюун ухааныг ашиглаж эхлэх нь ойлгомжтой юм.

Томилолтын хугацаа дуусаж, нутгийн зүг хүлгийн жолоог залах цаг ч туллаа. Ирэх жилүүдэд Монголын уул уурхайн салбарт тулгарч болох эрсдэлүүдийг хэрхэн шийдэх арга зам, бусдын туршлагыг тунгаахын зэрэгцээ ирэх жил PDAC-ийг зоривол хийх ажлын олон санаагаар толгойгоо, аа бас оюутнууддаа хичээл заахаас эхлээд энд тэндэхийн хурал, сургалтад, зарим шийдвэр гаргагчдад ч хэрэг болохуйц гэж санаад худалдаж авсан цөөнгүй ном товхимлоор цүнхээ дүүргээд Торонтогоос мордсон болой.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine