Компани

“Рио Тинто”-той хийх Засгийн газрын хэлэлцээний сэдэв тодорхой болов

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан олон улсад анхаарал татаж буйтай холбогдуулан Монголын Засгийн газрыг төлөөлөн “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтэй холбоотой асуудлаар АНУ болон Их Британийн холбогдох байгууллагууд ажиллаж эхэлсэн. Эдгээр байгууллагатай Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгааг онцоллоо.

Олон улсын санхүү, бизнесийн The Australian Financial Review, Financial Times, Mining.com зэрэг томоохон хэвлэлүүд өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд Нью-Йоркийн шүүхэд өрнөж буй “Рио Тинто” компани болон “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргааны талаар мэдээлсэн. “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал хэтрэх мэдээллийг бодит байдлаас зөрүүтэй, санаатайгаар цаг хугацаа алдаж мэдүүлсэн хэмээн буруутган, 158 хуудас бүхий нэхэмжлэлийг АНУ-ын шүүхэд гаргасан байна. Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор өнгөрсөн оны аравдугаар сард “Оюутолгой” компанид ажиллаж байсан Ричард Боулигаас мэдүүлэг авсан юм. Тэгвэл мэдүүлэг авах үйл ажиллагааг өргөтгөж, “Оюутолгой” төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 хүнээс нэмж мэдүүлэг авчээ. 
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар зарим ажилчин “Рио Тинто” компани төслийн бодит байдлыг нуун дарагдуулсан гэж мэдүүлсэн бөгөөд 2012 оноос хойш “Рио Тинто” нь “Оюутолгой” төслийн геологи, гео техникийн нөхцөл байдлыг мэдэж байсан хэмээн хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал хэтрэх нь 2012 онд тодорхой байсан ч хувьцааны ханшид нөлөөлж мэдэх энэ мэдээллийг цаг тухайд өгөлгүй, нуун дарагдуулж, хугацаа алдсанаар “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш огцом унаж, жижиг хувьцаа эзэмшигчид хохирол амссан хэмээн “Рио Тинто”-г буруутгаж буй.

Энэхүү маргаан нь Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд болох хэлэлцээнд чухал нөлөө үзүүлэх нь тодорхой болж байна. 

“Монгол Улсад хүрэлцэн ирээд буй “Рио Тинто” группийн төлөөлөлтэй, УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг ирэх долоо хоногт хэлэлцээ эхлүүлэх гэж байгаа. Энэ үйл явдалтай зэрэгцэн АНУ-ын шүүхэд “Оюутолгой” төслийн зардлын хэтрэлттэй холбоотой асуудал нэлээд өндрөө авч байна. Ирэх зургадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарна. АНУ, Их Британи улсын санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт давхар явж байгаа. Манай Засгийн газарт нааштай шийдвэрийг гаргахуйц түвшинд эхний мэдээллүүд гарч байна. “Оюутолгой”-н далд уурхайн зардал хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн алдаатай үйл ажиллагааны улмаас өссөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хариуцлагын асуудлаар дараагийн шатны хэлэлцээ хийх асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихээд байгаа” хэмээн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд мэдэгдсэн юм. 

“Рио Тинто”-гийн төлөөлөлтэй, УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн хэлэлцээг гурван үе шаттай явуулахаар эхний байдлаар удирдамжийн төсөлдөө оруулжээ. Нэгдүгээр үе шатанд, Дубайн хэлэлцээр буюу Далд уурхайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах асуудлыг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, татварын маргаантай асуудлаар “Рио Тинто” групп Монголын Засгийн газрыг Лондоны шүүхэд хариуцагчаар татсан. Энэ асуудлыг хөндөхийн сацуу цаашид татвар ногдуулах талаар хоёр талын эргэлзээтэй байдал, ойлголтын зөрүүг арилгахаар ажиллана.Гуравдугаарт, 2009 онд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хоёр тал нийт  15 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Эдгээр хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцэнэ гэж төлөвлөж байгаа хэмээн Х.Нямбаатар сайд онцоллоо. 

Гэхдээ үүнийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах бөгөөд ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдуулах саналаа Ерөнхий сайдад танилцуулах юм байна. 
 
 
 
 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine