Үйл явдал - Эксперт

Уул уурхайд өрнөж буй өөрчлөлт, шилжилт

2020  |    October - November  |  033

Австралийн Викториа мужийн Засгийн газар, Austmine, AusIMM, Mines and Money хамтран санаачилсан IMARC (Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн конференц) арга хэмжээ 2020 оны 11-р сарын 24-27-ны өдөр долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. “Ковид-19” цар тахлын хөл хорионы улмаас онлайн хэлбэрээр явагдсан хэдий ч дэлхийн 126 орноос 6000 гаруй оролцогч холбогдон илтгэл, хэлэлцүүлгүүд сонсохын зэрэгцээ 100 гаруй компани, байгууллага хамтран дэлгэж буй виртуал үзэсгэлэн үзэж, онлайн уулзалтууд хийцгээв. Спонсорууд дотор “IBM”, “Accenture”, “Dassault Systèmes” зэрэг аваргууд цөөнгүй харагдаж байгааг уул уурхайн салбар дижитал технологи нийлүүлэгчдийн анхааралд нэгэнт өртсөний нотолгоо гэж харах ёстой болов уу. 2018 оны Канадын PDAC-ийн Country Sponsor Перу хаа байсан энд мөн л спонсороор орсон явахыг харахаар нэг талаас хайгуулын салбар дахь “моод” батарейн түүхий эд рүү ямар хүчтэй хэлбийж буйг, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын сонирхол Монголын уул уурхайгаас минь хэрхэн алсарч буйг харуулж буй мэт.

Хөрөнгө оруулалт “татах хүч”

Хайгуул, уул уурхайд хөрөнгө оруулалт татах өрсөлдөөн татвар хөнгөлөх, лиценз олголтыг хялбаршуулах төдийхнөөс хавьгүй өөр түвшинд очсон болох нь Австралийн парламентын гишүүн, Байгалийн нөөц, ус, хойд муж хариуцсан сайд Кейт Питтийн IMARC арга хэмжээг нээж хэлсэн үгнээс л тодорхой байлаа. Австралийн Засгийн газар 2016 онд 100 сая доллараар “Ирээдүйн төлөөх хайгуул” хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь нэн амжилттай болсон тул 2020 оны зургадугаар сард нэмж 125 сая доллар баталж, зөвхөн хойд мужид эхний шат нь хэрэгжсэн уг төслийг нийт улсын хэмжээнд болгон өргөжүүлсэн байна. 

Австралийн Үндэсний Их Сургууль, Харвард, Колумбиа их сургуулийн эрдэмтэд болох гурван геологич сууж байгаад аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хар тугалга, цайр, никель, зэс зэрэг металлын хайгуулд чиглэдэг асар их зардлыг (Экономист сэтгүүлд бичсэнээр 2017 онд 8.4 тэрбум ам.доллар) илүү оновчтой болгох, хэмнэх талаар зөвлөлдсөн яриа онол болон хувирч. Дэлхийн царцдасын тектоник хавтангуудын (ерөнхийдөө 50 км-300 км хооронд хэлбэлздэг бололтой) зузаан буюу 200 км-ээс дээш хэсэгт тунамал чулуулаг дахь полиметалл ордын ихэнх нь олдсон гэх таамгаа шалгатал яг үнэндээ царцдасын зузаан 170 км байгаа хэсэгт эдгээр ордуудын 85 хувь нь олдсон байж. Тус шинэхэн онолын дагуу Засгийн газрын 100 сая долларын дөрвөн саяыг нь зарцуулж, Австрали тивд тектоник хавтан нимгэрэн 170 км болж буй хилийг нарийвчлан тодорхойлжээ. Уг периметр дээр үнэхээр Австралийн том ордууд байгааг бататгасан төдийгүй уг периметрийн нэг км тутамд 340 сая долларын үнэ цэн байгааг, периметрийн 7900 км нь судлаг­даагүй байгааг тус тус олж тогтоосон байна. Үүнээс ирээдүй бүхий 3665 км хэсэгт нь хайгуул явуулж 1.24 их наяд долларын үнэ цэн бүхий ордууд олж илрүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна. Энэ онолд тулгуурлан АНУ-Канад улс хил залгаа нутгууддаа хамтарсан төсөл эхлүүлсэн бол энэтхэгчүүд Авст­ралиас туршлага судлаад эхэлсэн гэнэ.

“Ирээдүйн төлөөх хайгуул” хөтөлбөрийн хүрээнд сонирхол татаж буй, 25 сая ам.доллар зарцуулсан өөр нэг ажил бол 450 мянган хавтгай дөрвөлжин километр талбай дахь геологи, геохими, геофизик ажлуудын үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 28 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд төвлөрсөн нэмэлт судалгаа хийж, Теннант Крийкийн Зүүн бүсээс ордууд олдох өндөр магадлалтай болохыг тодорхойлон судалгааны тайланг нээлттэй танилцуулжээ. Уг бүсэд Хойд Австрали мужийн Засгийн газраас 2019 онд хайгуул хийх эрхийг нь нээсэн талбайн 77 хувь буюу 6300 км квадрат талбайд найман компани 20 хайгуулын лиценз аваад байгаагийн зэрэгцээ олон улсын аварга компани болох “Англо-Американ” ч тус бүсэд завсарлачихаад байсан хайгуулын үйл ажиллагаагаа тэр даруйд сэргээсэн байна. “Ирээдүйн төлөөх хайгуул” хөтөлбөр нь Австралийн Засгийн газарт 600 гаруй сая доллар, бизнесийнхэнд 2.5 хүртэлх тэрбум долларын ашиг авчрах, зардлаа 5-25 дахин нугалсан ашигтай хөрөнгө оруулалт болсон гэж хөндлөнгийн байгууллага дүгнэлт гаргасан байна.

IMARC-ийг Мельбурн хотдоо зохион байгуулагч Викториа муж алтны салбараа сурталчлан Ставелл/Бендиго/Мельбурн хэмээх бүсүүддээ хөрөнгө оруулагчдыг урьж байна. Монголчууд бид PDAC, IMARC зэрэг арга хэмжээнд оролцохдоо “Оюу Толгой”, “Занаду” зэрэг компаниудаа болон тэдний нээн илрүүлсэн ордуудаа сурталчилдаг бол австраличуудын хувьд алтны орд нээн илрүүлэх, хөрөнгө оруулах боломжтой том дүүргийг сурталчилж байгаа нь илүү үр дүнтэй байхаар харагдаж байна. Уг дүүргийн талаар мэргэжлийн геологич ч, хайгуул уул уурхайн компанийн захирлууд, хөрөнгө оруулалт санхүүгийн мэргэжилтнүүд ч ойлгоод авахаар түвшинд танилцуулж байна. Энэ бүсэд гурван том тектоник үйл явдал болсон, мөн асар том талбайд тархсан асар олон хагарлууд хоёр гол эх үүсвэрээс алтыг зөөж ордуудыг үүсгэсний дараагаар 400 гаруй сая жилд өөр том тектоник үйл явдал өрнөөгүй тул алтны ордууд тэр чигээрээ хадгалагдсан гэх мэргэжлийн танилцуулга толилуулав. Дэлхий нийтээр өнөөг хүртэл олборлоод буй 190 мянган тонн алтны 2500 гаруй тонныг Викториа мужаас олборлосон нь дэлхийн газар нутгийн 0.15 хувийг эзэлж буй газраас дэлхийн нийт алтны 1.5 хувийг олборлосон гэсэн үг юм. Викториа мужид хайгуулд зарцуулж буй зардал 30 орчим сая доллар байснаа сүүлийн гурван жил тасралтгүй өсөж 100 гаруй сая долларт хүрсэн, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компаниудын хувьцаа дунджаар 15 доллар байгаа бол Викториад хайгуул хийж буй компаниудынх 45 доллар буюу гурав дахин өндөр байна, Австралийн дунджаар олборлож буй алтны агуулга буурч байгаа бол Викториа мужийнх сүүлийн 20 жилд тасралтгүй өсөлттэй байна, Бендиго зэрэг бүсүүдэд дахин 33 ордод 66 сая унц алтны нөөц илрэх үнэлгээ хийгдсэн гэхчлэн маш бодитой фактыг дурдан рекламдана. Викториа мужид явуулсан судалгаагаар ард иргэдийн дунд уул уурхайн салбарыг хүлээн зөвшөөрөх байдал таван онооноос 3.5 буюу эерэг талдаа байдаг ажээ.

 Дижитал шилжилт

Хиймэл оюун ухаан, үүлэн технологи, их өгөгдлийн анализ зэрэг зүйлс уул уурхайд нэвтрэх үйл явц эрчимжиж байгаа нь нэг талаар яалч үгүй цаг нь ирж байгаагийнх бол нөгөө талаас “Ковид-19” зайлах боломжгүйгээр тулгаж байгаа бололтой. “Би Эйч Пи” компани “Делойт”-той түншлэн хиймэл оюун ухаан ашиглаж ханган нийлүүлэлтийн сүлжээндээ дүн шинжилгээ хийж, ханган нийлүүлэгчийн түвшинд асуудлыг харж чаддаг болсон талаар тус компанийн Худалдан авалт хариуцсан захирал Сандееп Сингх илтгэлдээ танилцуулсан нь бас л чих сортойлгоно. Үүний хүчинд цар тахлын үед 60 улс дамнан байрших 10 мянга гаруй түнштэйгээ харилцаж, 15.5 тэрбум (2020 он) ам.доллар зарцуулан 215 мянган нэр төрлийн бараа материалыг худалдан авах ажлыг сааталгүй гүйцэтгэж чадсан байна. Шаардлагатай тохиолдолд уг мэдээллээ ханган нийлүүлэгчидтэйгээ хуваалцах замаар зарим ханган нийлүүлэгчдэдээ тулгарах асуудлыг урьдчилан мэдэгдэж, хугацаандаа нийлүүлэлт хийх боломжоор нь хангасан буюу зөвхөн тендерийн түвшний харилцаанаас хальж, хамтран ажиллах (collaboration) түвшинд хүрсэн тохиолдлууд ч байгаа гэнэ. Тус компанийн, том утгаараа салбарын хэмжээнд шийдэл хүлээж буй зарим асуудал дээр мөн хамтын ажиллагааг ашиглах боломж байгааг өндөр түвшний дүн шинжилгээнээс давхар олж харснаа ажил хэрэг болгож байна. Ханган Нийлүүлэгчдийн Инновацийн Хөтөлбөр боловсруулж, уурхайн үйл ажиллагаан дахь амь нас эрсдэх түвшний аюулуудаас зайлсхийх шийдлүүд хайн зарласан Хакатон хэлбэрийн уралдаанд нь 700 гаруй санаа ирж, тэдгээрээс шалгарсан санааг гаргасан ханган нийлүүлэгчдэд тендергүйгээр санхүүжилт олгон, туршилтыг нь эхлүүлсэн байна.

IBM компанийн хувьд бусад салбаруудад дижитал шилжилт хийхэд оролцсон туршлага, боловсруулсан платформоо уул уурхайн салбарт нэвтрүүлэхээр ажиллаад эхэлсэн юм байна. IBM чипнүүд бидэнд тэр бүр анзаарагдахгүйгээр гэрт, оффист компьютерээр дамжаад ороод ирсэн шигээ IoT, блокчэйн, хиймэл оюун ухаан зэрэгт тулгуурласан шийдлүүд нь уул уурхайтай харилцдаг төрөл бүрийн салбаруудаар дамжаад түрүүчээсээ ороод ирсэн нь тус компанийн үйлчилгээ хариуцсан Дэд ерөнхийлөгч Марк Фостерийн илтгэлээс тодорхой байна. “IBM”-”Sandvik” хамтарсан “OptiMine” шийдэл “Sandvik”-ийн хэрэглэгчдэд тоног төхөөрөмжийн удирдлага, оношлогоо зэргийг уурхайн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулж анализ хийх боломж олгож байгаа, “IBM”-”RCS Global” хамтарсан Хариуцлагатай Эх Үүсвэрийн Блокчэйн Сүлжээ гар аргаар ашигт малтмал олборлогчдоос хүлээн авч буй металлын гарал үүслийг тодорхойлох боломж олгож буй зэрэг олон жишээ байна.

“Ковид-19”-ийн хөл хорионы улмаас төслийн талбай дээр ирж амжихгүй болсон нарийн мэргэжлийн ажилтнууд “Майкрософт”-ын аугментэд реалити ашиглан тоног төхөөрөмжийн угсралтыг алсаас зааварлаж удирдсан, дижитал баг томилон компани доторх зарим ажлыг дижитал хэлбэрээр гүйцэтгэх боломжуудыг тодорхойлсноор эмэгтэйчүүд гүйцэтгэх боломжтой ажлын байрны тоо нэмэгдэж, жендерийн тэнцвэртэй байдлаа сайжруулсан зэрэг жишээг дурдаж байна. Уул уурхайд дижитал шилжилт хийгдэж, бусад салбаруудын бахархал болсон технологиуд нэвтрэн, илүү орчин үежиж байгаа нь авьяаслаг, шинэ залуу үеийнхнийг энэ салбар уруу татаж эхэлж байгааг анзаарсан “толгойд нь буурал сууж” асан барууны уул уурхайнхан тун баяртай байцгаана.

 Ногоон шилжилт

Даян дэлхийн тогтвортой хөгжлийн тунхаглал 1987 онд гарсны дараах жилүүдэд уул уурхай тогтвортой хөгжлийн зарчмуудад нийцэхгүй байна, яаж нийцүүлэх ёстой юм бэ гэхчлэн асуултууд гарч, түүнд хариулах дорвитой хариултууд олдохгүй байгаа байдал анзаарагдаж байсан нь саяхан. Ногоон эдийн засаг руу шилжих шилжилтэд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг асар өндөр гэдгийг энэ хуралд оролцогсод бүгд нэгэн дуугаар хэлцгээж байна. “CO2”-ын ялгаралтыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч, батарейн үүрэг роль өндөр, түүнд шаардагдах ашигт малтмал, металлын хэрэгцээ өнөөгийн түвшингээс хоёр дахин их бөгөөд аж үйлдвэрийн хувьсгалаас хойших хамгийн том технологийн шилжилтийг амжилттай хийхэд шаардагдах түүхий эдийг олборлож, боловсруулах үүрэг уул уурхайн салбарын өмнө тулгараад байна. Нөгөө талаар уул уурхайн салбар өөрөө “СО2”-ын ялгаралтаа бууруулж, ногоон болох шаардлагатай.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хийгдэж буй ажлууд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээнд том өөрчлөлт оруулж, шинэ металлуудыг шаардаж байгаа.

Дэлхийн уул уурхайн олборлолтын 30 хувийг гүйцэтгэж буй компаниудыг эгнээндээ нэгтгэсэн Уул Уурхай, Металлургийн Олон Улсын Консул (ICMM) -иас оригинал тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтран эхлүүлсэн “Цэвэр, Аюулгүй Тээврийн Хэрэгсэл Бүтээхийн Төлөөх Инноваци” санаачилга 2040 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй ил уурхайн тээврийн машин бүтээх, дизель хөдөлгүүрийн ялгаруулдаг тоосонцрын нөлөөг 2025 онд багтаан үлэмж бууруулах, далд уурхайд гарч буй аваар, ослын голлох шалтгаан болж буй тээврийн хэрэгсэл мөргөлдөхөөс сэргийлэх технологийг 2025 онд багтаан үйлдвэрлэлд нэвтрүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Уг санаачилгад уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 19 компани одоогоор нэгдэн ороод байгаа юм байна. Уурхайн талбай дээрх хүлэмжийн хийн шууд ялгаралтын хэмжээ 68 сая тонн “CO2”-той дүйх ба үүний 30-50, зарим тохиолдолд 80 хүртэлх хувь нь өөрөө явагч болон тээврийн тоног төхөөрөмжөөс үүсэлтэй, дэлхий даяар 28000 гаруй том оврын автомашин уурхайн олборлолтод ашиглагдаж байгаа зэргийг харгалзан үзвэл “карбон-зеро” тээврийн хэрэгсэл бүтээх шаардлага гарцаагүй тавигдахаас аргагүй юм.

“Англо-Американ” компани 2040 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтаа тэглэнэ, хүдрийг арай том нунтаглан флотацид оруулах технологи нэвтрүүлэн 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ 30 хувь бууруулна, эрчим хүчний эх үүсвэрийнхээ 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангана гэж амлаж байна. ICMM-ийн гишүүн бусад компани 2050-2060 онд багтаан мөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилт тавьцгааснаа зарлаж байна. Уул уурхайн компаниуд болон санаачилгад нэгдсэн “Катерпиллар” зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд утаагүй автомашин үйлдвэрлэх технологи дээр нээлттэй хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн. Устөрөгчийн технологи дээр суурилж тун магадгүй байгаа уг техник бүтээгдтэл гар хумхин суухгүй, дизель шүүлтүүрүүдийг авч ашиглах замаар дизель хөдөлгүүрээс ялгарах тоосонцрыг бууруулж, үйлчилгээний машин тэргүүтнээ цахилгаан руу шилжүүлээд эхэлсэн зэрэг хийж буй ажлуудаа Чилийн төрийн өмчит “Коделько”-гоос эхлээд танилцуулга хийсэн бүх компани дурдаж байлаа.

 Industry-г бүтээхүй

IMARC-ийг үндэслэгчдийн нэг, Австралийн уул уурхайн салбарт тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ үзүүлэгч 600 гаруй компанийн төлөөлөл AustMine -ийн хувьд Австралийн нийгэмд METS (Mining Equipment, Technology and Services) хэмээх бие даасан салбарыг хүлээн зөвшөөрүүлэх, хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг бөгөөд энэ ажлаа ч хангалттай хийж буй нь IMARC-ийн маш олон илтгэгч METS хэмээх үгийг ашиглаж байгаагаас харагдаж байлаа. METS салбар 400 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж, дэлхийн 200 гаруй улсад экспорт хийж, жилд 90 тэрбум долларын орлого бүрдүүлдэг, Австрали дахь хамгийн өндөр өсөлттэй таван салбарын нэгд тооцогдож байна.

. Австралийн уул уурхайд дижитал автоматжуулалтын технологиуд нэвтэрснээр 2030 он гэхэд 80 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, улсын эдийн засагт 74 тэрбум долларын үнэ цэн нэмнэ

Дэлхий дахиныг хамарч буй их шилжилтийг даган уул уурхайн салбарт бий болох өөрчлөлтийн салхинд тэсэж үлдэх, тэргүүлэх байр суурийг хадгалах нь чухал. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын далбаан дор өрнөж буй дижитал, дата аналитик, автоматжуулалт, робот технологи болон уул уурхайн үйлдвэрийн хаягдал, уурхайн үйл ажиллагаанд өртсөн устай холбоотой инноваци бий болгоход чиглэсэн хамтын ажиллагааг дэмжсэн санхүүжилт бүхий METS Ignited хэмээх төслийг Засгийн газраас нь хэрэгжүүлж байгаа аж. Австралийн уул уурхайд дижитал автоматжуулалтын технологиуд нэвтэрснээр 2030 он гэхэд 80 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, улсын эдийн засагт 74 тэрбум долларын үнэ цэн нэмнэ гэж тооцож байна.   

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хийгдэж буй өргөн далайцтай ажлууд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээнд том өөрчлөлт оруулж, шинэ металлуудыг шаардаж байгаатай холбоотойгоор Австрали улс критикал минералын асуудлаа эргэн харж, стратегиа шинээр тодорхойлжээ. Критикал минералын нөөцийг судалж, нээн илрүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, баяжуулах боловсруулах шинэ технологи боловсруулах, нутаг дэвсгэртээ баяжуулах боловсруулах хүчин чадал, чадавх бий болгох ажлыг дэмжих, мөн хаягдлын далангаас критикал минерал олборлох чиглэлд ажиллахаар үндсэн чиглэлүүдээ тодорхойлжээ. Үүнд 200 гаруй сая долларын судалгааны санхүүжилт шийдвэрлэсэн байна. Литийн нөөцөөр дэлхийд 3-т, үйлдвэрлэлээр 1-т, газрын ховор элементийн нөөцөөр 6-д, үйлдвэрлэлээр 2-т жагсаж буй, мөн кобальт, манган, тантал, вольфрам, цирконы асар баялаг нөөц бүхий тус улс батарейн түүхий эдийн салбарт дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалах стратегийг улсын хэмжээнд, мөн Баруун Австрали муж улсын түвшинд боловсруулж, литийн үнэ цэнийн гинжин хэлхээн дэх олборлолтоос цааших хэд хэдэн шатанд ажиллах амбицтайгаар хөдөлж байна. Ерөнхийлөгч Трампын тушаалаар батлагдсан АНУ-ын Критикал минералын стратегийн хүрээнд хамтран ажиллахаар 2018 онд тохирсон бол Энэтхэг, БНСУ, Япон, Канад улстай мөн л энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Дээрх улсуудын критикал минералын талаарх бодлого, стратегийг манай улсын стратегийн ордын концепцтой харьцуулж үзэхэд зөвхөн нэг орд газраар хязгаарлагдахгүйгээр, тухайн эрдэс бодис, металлыг ашигладаг аж үйлдвэрийн салбарын гинжин хэлхээний түвшинд харж, ажиллах боломж олгож байгаа нь хамаагүй давуу талтай байна.

 “Ковид-19”-ийн дараах дэлхий ертөнц ба уул уурхай

Цаг үеийн онцлогоосоо шалтгаалан цар тахлын дараах дэлхий ертөнц, түүнд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүргийн талаарх үзэл бодол IMARC-д оролцогчдын анхаарлын төвд байгаа нь анзаарагдаж байлаа. “МакКензи” 2020 оны зургадугаар сард гаргасан тайландаа хямралын үед уул уурхайн салбар үнийн шок, эрэлтийн шок, эрэлт-нийлүүлэлтийн шинэ тэнцвэр, эрэлтийн “шинэ нормаль” гэсэн 4 мөчлөгийг туулдаг хэмээн онцолсон.

2025 оны орчим эрдэс бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл бий

Хөрөнгийн зах дээр хамгийн өндөр үнэлгээ бүхий топ 50 уул уурхайн компанийн зах зээлийн үнэлгээ 2020 оны нэгдүгээр сард 986 тэрбум ам.доллар байснаа нэгдүгээр улирлын төгсгөлд 704 тэрбум ам.доллар болж агшаад хоёрдугаар улирлын төгсгөлд буцан өсөж 957 тэрбум ам.доллар болсон бол гуравдугаар улиралд нэг их наяд ам.долларын босгыг давж “Ковид-19”-оос үүдэлтэй хямралд тун дажгүй хариу үйлдэл үзүүлээд байна. Үүнээс топ 10 компанийн харьяанд байдаг уурхайнуудын 20 хувь нь 2020 оны гурваас зургадугаар саруудад ажиллах хүчнээ хязгаарлаж байсан бол өдгөө зөвхөн дөрвөн хувь нь л ийм арга хэмжээ авч байгаагаас үзэхэд уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, туршлага цар тахлын үеийн сорилтуудыг даваад гарах бололтой. Харин EPCM компаниудын дунд дижитал шилжилт (Hatch компанийн хийсэн судалгааны тайланг үзээрэй - The Digital Drift: Unearthing innovative opportunities for Australia’s mining and mineral industry) хангалтгүй байгаа нь хөл хорионы үед бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд улс дамнан ажилладаг мэргэжилтнүүдтэй холбоотой хүндрэл үүсгэж байгаа, Ковидын дараах эдийн засгийн сэргэлт аажим явагдах үеийн болгоомжлол шинэ төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулах тул 2025 оны орчим эрдэс бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл бий гэх зэрэг таамаглал дэвшүүлэх хүмүүс байна.

Хямралын үед нийгмийн халамжийн зардлаа нэмээд Засгийн газруудын өр нэмэгдчихлээ, үүний улмаас хэдэн жилийн дараа татвар, роялти нэмэгдэх вий дээ гэх болгоомжлол ч сонсогдож байна. Америк хөрөнгө оруулагчдын хувьд харин ойрын үед хэрэглээнд нийлүүлэгдэх вакцин, улс орнуудын эдийн засгийн ирэх жилүүдийн өсөлт, Засгийн газруудаас дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалт, хамгийн гол нь “Тесла” компанийн литийн томоохон гэрээнүүд ба цахилгаан автомашины салбарт гарах өсөлт, түүнтэй холбоотой суурь металлын хэрэгцээг харгалзан металл олборлолтын салбарт лав ойрын үед тун “апетиттай” байх шиг. 

IMARC арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Монгол Улс дахь Австрали улсын Элчин сайдын яам, AusTrade байгууллагын ажилтан хатагтай Л.Одончимэгт талархаж байгаагаа илэрхийлье. 



Сэтгэгдэлүүд
  • Б.Бархасбодь
  • [66.181.161.18]
  • 2021-03-12 08:47

Уул уурхайн салбарын хувьсал өөрчлөлт, Covid-19-н нөлөөллийн талаарх тун ойлгомжтой, маш хэрэгтэй мэдээлэл бэлтгэн оруулсанд баярлалаа. Таалагдаж байна.

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine