Бодлого - Үзэл бодол

Баялагтай улсын гуйлгачин улстөрчид

Улаанбаатар хот ашгүй нэг цэвэрлэх байгууламжаа шинэчлэх нь. Удахгүй Дархан чиглэлийн авто замыг шинэчилж барих юм байна. Налайх чиглэлийн замыг ч өргөтгөж шинээр барина. Бас газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил ч чамгүй амжилттай өрнөж байна. Харамсалтай нь бүгдийнх нь санхүүжилт гадаадын буцалтгүй тусламж, зээл. Цэвэрлэх байгууламжийг Хятадын буцалтгүй тусламжаар, Дарханы замыг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, Налайхын замыг санхүүжүүлэхийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас зээл гуйж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр барина. Яахав, дээрх төслүүд амжилттай хэрэгжвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэрийн хуудас болох нь дамжиггүй. Олон жил яриад хийж чадаагүй ажлыг би хийлээ гээд сурталчилна биз. Түүний үед эхэлж байгаа юм чинь ярих нь зүй ёсны хэрэг. 

2011 оноос хойшхи уул уурхайн бус орлого 39.9 их наяд төгрөг байгаа бол уул уурхайн орлого нь 11.6 их наяд төгрөг байна.

Социализмын үед Монголын удирдагчид ямар нэг бүтээн байгуулалт хийх, том үйлдвэр барихдаа хойд хөршөөсөө царайчилдаг байсан гэдэг. Байнга гуйгаад байж чадахгүй учир их удирдагчдын ой, коммунист намын ой гэх мэт баяр ёслолын үеэр бараалхахдаа орон сууцны хороолол бариад өг, газрын тос боловсруулах үйлдвэр бариад өгөөч гэх мэтээр ганц нэгээр нь шивнэн учирладаг байсан гэдэг юм билээ. Ардчилсан чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш ч энэ зангаа тавиагүй. Аль наашаа гэсэн болгон руу гүйж очиж, тав арван сая долларын тусламж гуйсаар л яваа. Адаглаад л Япон улс гэхэд нэг тэрбум хол давсан ам.долларын буцалтгүй тусламж, түүнээс дутахааргүй хөнгөлөлттэй зээл өгсөн байдаг. Нөгөө шинэ нисэх онгоцны буудал бас л Японы хөнгөлөлттэй зээлийн үр дүн.

Гуйлгачин сэтгэхүйтэй улс төрчдийн араншин үүгээр зогсохгүй. Өнгөрсөн жилээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх талаар хүчтэй ярьж эхлэв. Хаа нэг улс төрчдийн амны зугаа маягтай яригддаг байсан сэдэв ийн жил гаруйн турш улс орныг талцуулан хуваах хэмжээнд хүчтэй өрнөж байна. ШХАБ-т элсэх үндсэн шалтгааны нэг нь ердөө л гурван улсын хооронд төсөл хэрэгжүүлэх юм. Нөгөө Путин Ерөнхийлөгчийн амласан УБТЗ-ыг хос шугамтай болгох, Орос-Хятадын хооронд татах байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах гэх мэт олон жил яриад бүтэхгүй байгаа төслүүд ШХАБ-т элсвэл бүтчих юм шиг манай дарга нар бодож байгаа бололтой. Улс орон хөгжихгүй байгаагийн буруу нь ШХАБ-т элсээгүй, бас олигархиуд нь түмний хамаг баялгийг эзэмшиж байгаатай холбоотой хэмээн үзэж байгаа аж. Албан ёсоор бол ҮАБЗ-ийн хуралдааны шийдвэр, албан бусаар бол Ерөнхийлөгч болоод Засгийн газрын сайд нарын ярьж хэлсэн үгнээс ингэж ойлгохоор байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн жил мөн л ШХАБ-т элсэх нь зүйтэй хэмээн ярьж байсан. “Гадаад харилцааны яамнаас ШХАБ-д элсье гэдэг асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүллээ. Ерөнхийлөгч Засгийн газартай санал нэг байгаа. “ШХАБ-д элсэх нь зөв юм байна. Бүс нутгийнхаа интеграцад орж, манайхыг тойроод байгаа дэд бүтцийг өөрийнхөө нутгаар явуулах нь зүйтэй. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэж үзэж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлсэн. Манай улсын эдийн засаг, аюулгүй байдал, хамаг зүйл энэ хоёр улсаас хамгийн их хамааралтай” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “ШХАБ-т элсээд улс орноо хөгжүүлмээр байна, хоёр хөрштэйгээ хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлмээр байна” хэмээн ярьсан. Уул уурхайн сайд юунд үндэслэж, Монгол Улс хөгжихгүй байна гэж хэлснийг мэдэхгүй юм. Угтаа бол Монгол Улсыг хөгжүүлэх хөрөнгө мөнгөний хамгийн том суваг түүний гарт байгаа юмсан. Хэрэв улс төрчид хумсалж идэхээ, хурааж гацаахаа больчихвол Монгол Улсад хөгжих хөрөнгө санхүүгийн бүрэн боломж бий.

2009 онд ДНБ зургаан их наяд төгрөг дөнгөж давж байв. Харин өдгөө 32 их наяд төгрөг болж тав дахин өсөөд байна. Монгол Улсын төсвийн орлого 2010 онд 2.6 их наяд төгрөг байсан бол 2018 онд 10 их наяд төгрөг давж, найман жилд дөрөв дахин нэмэгдэв. Улсын төсвийн орлого нэмэгдэхэд хамгийн гол нөлөөг уул уурхайн салбар үзүүлсэн нь ойлгомжтой. 2009 онд 500 гаруй тэрбум төгрөгийн орлого уул уурхайн салбараас төвлөрч байсан бол өнгөрсөн онд 2.4 их наяд болж, бараг тав дахин өсжээ. Есөн жилийн өмнө уул уурхайн орлогод Эрдэнэтээс гадна нүүрс, алт, жоншны багахан орлого л хамаардаг байв. Харин 2010 оноос Оюу толгой, Ухаа худаг, Нарийн сухайт гээд нүүрсний экспортын томоохон төслүүд идэвхтэй ажиллаж эхэлсэн. Аль ч оноос авч үзсэн уул уурхайн салбарын орлого Засгийн газрын нийт орлогын ойролцоогоор гурван төгрөг тутмын нэгийг нь бүрдүүлж байна. Сангийн яамны мэдээллээр 2011 оноос хойшхи уул уурхайн бус орлого 39.9 их наяд төгрөг байгаа бол уул уурхайн орлого нь 11.6 их наяд төгрөг байна. Харин энэ их мөнгө хаашаа орсон, юунд зарцуулагдсан бэ гэдэг нь улстөрчдийн хариуцлагын асуудал юм.

Хэрэв улс төрчид хумсалж идэхээ больчихвол Монгол Улсад хөгжих хөрөнгө санхүүгийн бүрэн боломж бий

2008-2012 он. Уул уурхайн орлого бодитойгоор өсөн нэмэгдсэн жилүүд. Хямралын хүнд хэцүү жил байсан ч бодлогын хувьд олон буруу шийдвэрийн эхлэл болсон жил. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 2009 оны хямралыг даван гарахын тулд эдийн засаг руу 1.5 их наяд төгрөг хийнэ гэж төлөвлөсөн ч тийм мөнгө Засагт байсангүй. Өмнөх жилүүдэд нь зардлаа өсгөж, хураасан хэдэн төгрөгөө шавхсан болохоор хямрал руу нүдээ аниад орсон хэрэг. 2008-2009 хямралын дараачаас уул уурхайгаас цутгасан асар их мөнгөний урсгалыг сурсан зангаараа зүгээр л үр дүнгүй үрж орхисон байдаг. Байгалийн баялгаасаа ард түмэндээ хувь хүртээнэ гэсэн үндсэн популизм энэ жилүүдэд хүчтэй байж, улс төрчдийн нүд мөнгөөр эргэлдэж байв.

2012-2016 он. Өмнөх популизмын пянг даалгүй дампуурсан жилүүд. 2014-2015 онд түүхий эдийн үнийн уналт хүчтэй хямрал руу чирсэн. 2010-2012 онд орж ирсэн орлогын асар их мөнгийг эх орны хувь хишиг хэмээн тарааж, хүрэхгүй болохоор нь зээл хүртэл авч байгаад мөнгө тараасан байдаг. Ганц бэлэн мөнгө тарааснаас гадна урсгал зардлаа ч огцом нэмсэн байдаг. Шинэ байшин барилга, буйдан, машин, гадаад томилолт гээд дарга нарын зардал бүгд л өссөн. Эдийн засагчдын нэгэн судалгаанд 2012-2016 оны хугацаанд УИХ-аас анхлан баталсан Төсөв биеллээ олсон бол, төсвийн алдагдлын хуримтлал 2.63 их наяд төгрөг болох байсан. Харин, төсвийн бодит алдагдлын хуримтлал 7.06 их наяд төгрөг болж Засгийн газрын өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл улс төрчид өр тавьж, идэж уусаар өнгөрсөн гэсэн үг. Энэ хугацаанд шинээр хэрэгжсэн томоохон төсөл байсан эсэхийг бодоод үзэхэд гэмгүй.

2016-2020 он. Уул уурхайн орлогын урсгал “үерлэж” байгаа жилүүд. 2012-2015 онд уул уурхайн орлого нийтдээ 4.9 их наяд төгрөг байсан бол 2016-2018 онд 5.2 их наяд төгрөг болжээ. Энэ жил гурван их наядын орлого олно гэвэл энэ дөрвөн жилийн цикл өмнөх циклээс хоёр дахин их орлого уул уурхайгаас олохоор байна. Харин шинэ хэрэгжиж байгаа томоохон төслүүд нь дан гадаадын зээл, буцалтгүй тусламжаар.

Улс оронд хөгжих хөрөнгө мөнгөний боломж хэр байсан талаар тоймлон дурдахад ийм байна. Ялангуяа 2009 оны хямралын дараачаас Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Таван толгойн олборлолт эхэлж, Ухаа худагийн бүтээн байгуулалт өрнөсөн, ашигт малтмалын хайгуулын салбар эрчимжсэн жилээс тооцож үзэхэд шүү дээ. Дунд нь Гацууртын ордын ашиглалт, Цагаан суваргын бүтээн байгуулалт, төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол үүнээс бүр өөр байх байсан гэдэг нь ойлгомжтой. Дээрх төслүүд гацсанд ганцхан субьект буруутай бөгөөд тэр нь улс төрчид.

Ийм атал манай улстөрчид, тэр дундаа том төслүүдийг гацаахад манлайлан оролцож явсан нөхдүүд улс орон хөгжихгүй байна, ШХАБ-т элсэж, Орос Хятадын том төслүүдийг хэрэгжүүлж улсаа хөгжүүлье гэж ярьж байгаа нь өөрсдийгөө, улс орноо доромжилж байгаагаас ялгаагүй юм. Тэгсэн хэрнээ зохих ёсоор нь, хууль журмынх нь дагуу төрд төлбөрийг нь төлөөд ашиглах эрх авсан ордуудыг буцаан хурааж авна гээд бүр хадуурах нь харамсалтай. Төрд хурааж авахын шалтгаан нь ердөө л их мөнгөний урсгалаас хувьдаа завших гэсэн амин хувийн эрх ашиг гэдэг нь гарцаагүй юм. “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” хоёрын ашигт ажиллагааны тайлан, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшил очсон сүүлийн хоёр жилийн тайлангаас ашигт малтмалын ордыг хэн ашигласан илүү ард түмэнд ашигтай байна гэдэг тодорхой харагдана.

Улс оронд хөрөнгө мөнгө байна. Хувийн хэвшлийнхэн татвараа төлж байна. Популизмаа хойш тавиад жинхэнэ хөгжлийг хүсвэл бүрэн боломж байсаар л байна. Харин улсын олсон мөнгийг, уул уурхайн төлсөн татварыг ЖДҮ-ийн зээл, концессийн зээл зэргээр өөрсдөө хувааж идэцгээчихээд, болоогүй идэш нь багадсан гэлтэй хувийн хэвшлийн өмчийг хурааж авахгүй бол улс орон хөгжихгүй байна гэж ярих нь зэвүү хүргэмээр. Мөнгө байхад хөгжүүлж чадаагүй бол улстөрчдийн, ард түмнээс мандат олгосон эрх мэдэлтнүүдийн өөрсдийнх нь асуудал. Хөгжүүлж чадахгүй бол тэгээд явцгаа, бууцгааж болно.
 


Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine