Түүхий эд - Нүүрс

Монголыг “харж үзсэн” Хятадын зах зээл

Хятадын хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны удаашрал Австралийн сайн чанарын нүүрсний худалдаанд нөлөөлж, улмаар тодорхойгүй байдал үргэлжилсээр байна. Коксжих нүүрсний ханш цаашид хэрхэх нь Хятадын дотоодын зах зээлээс шууд хамааралтай. Тиймээс ч Хятад улс энэхүү давуу талаа ашиглан коксжих нүүрсний нийлүүлэлтийн сувгаа олшруулах бодлого баримталж байгаа нь нэгэнт тодорхой болов. Австралиас импортынхоо бараг талыг хангадаг байдлаа өөрчилж, Монгол, ОХУ зэрэг шинэ нийлүүлэгчдийг дэмжих нь Хятадын хамгийн чухал эрх ашиг хэмээн үзэх судлаачид ч байна.

Хятадын коксжих нүүрсний зах зээл, түүний үндсэн хэрэглэгч гангийн үйлдвэрлэлийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх нь Монголын коксжих нүүрний салбарт чухал нөлөөтэй. Сүүлийн үеийн нөхцөл байдал нь Монголд илүү ашигтай болж байж ч магадгүй юм.

Хятадын хувьд гангийн томоохон үйлдвэрлэл нь далайн эрэг дагуу байрласан байдаг. Олон улсын худалдаанд оролцоход ойр тул томоохон боомтуудыг түшиглэсэн аж үйлдвэр хөгжиж, түүнийгээ даган хүн амын төвлөрөл бий болсон нь дараагийн асуудал буюу байгаль орчны бохирдлыг бий болгосон. Тиймээс томоохон хотууд дахь хүнд үйлдвэрүүдийг зогсоох, шилжүүлэх, нүүрсний хэрэглээг хязгаарлах төрийн бодлого нь энэ төрлийн таваарын үнэ ирээдүйд буурна гэсэн хүлээлт бий болгоод байгаа юм. Түүнчлэн тус улсын ган үйлдвэрлэлийн салбарт хаягдал төмрийг дахин боловсруулах технологийн шинэчлэлт ихээр хийгдэж байгаа тул төмрийн хүдэр болон коксжих нүүрсний эрэлт буурна гэж зарим судалгааны байгууллага дүгнэсэн.

Хятад-Австралийн үл ойлголцол нь төлөвлөж байгаагүй хүчин зүйл бөгөөд Монголын коксжих нүүрсний салбарыг “харж үзсэн” жил болж байна

Гэхдээ Хятадад гангийн эрэлт сайн хэвээр хадгалагдах төдийгүй зах зээл Монгол Улс руу улам ойртож байгааг Хятадын дотоодын зах зээлд хийсэн шинжилгээ харуулж байна. Тодорхой хэлбэл, энэ онд ханш тогтвортой буюу харьцангуй сайн байх таамаглалыг ихэнх шинжээчид дэвшүүлж байна. Fenwei Energy компанийн Дэд ерөнхийлөгч Сара Люгийн хэлснээр нэг тонн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 250 ам.доллар хүрэх аж. Гэхдээ өндөр үнэ удаан хадгалагдахгүй бөгөөд дараа жил 150 ам.доллар хүртэл уруудах магадлалтай байгааг олон шинжээч сануулж байна.

Ган боловсруулах зэрэг хүнд үйлдвэрүүдийг хаахын зэрэгцээ, хүн амын төвлөрөл том хотуудаас холдуулж нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг төрөөс авч байгаа юм. Тэгвэл тэрхүү “нүүдэл” нь баруун хойш чиглэлтэй байгаа аж. Үүнд хоёр гол зүйл нөлөөлж байгаа нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хойд бүс нутагт хийгдэх дэд бүтцийн маш том бүтээн байгуулалтууд, тухайлбал, төмөр зам, авто зам, хий болон нефть дамжуулах хоолой. 2019 онд орон нутгийн төсөв хөрөнгөөр хийх ажлын нийт өртөг гэхэд л 2.1 их наяд юаниар хэмжигдэж байна. Нөгөө талаас томоохон хот, суурингуудын нягтралыг дагаад тээвэрлэлтийн ачаалал хэт ихэссэн тул дараагийн боломжит нийлүүлэгчидтэйгээ ойртож буй нь энэ аж.

Австралитай үл ойлголцол удаан үргэлжлэх тусам хойд хөршүүдэд нь БНХАУ-ын нүүрсний импортын хэрэглээг сайн чанарын нүүрсээр хангах хүсэл эрмэлзэл хангалттай бий. ОХУ-ын нүүрс экспортлогчид БНХАУ-ын зах зээлд өөрсдийн орон зайгаа эзлэхээр хүч, хөрөнгө зарж байгаа нь “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулга уулзалтын үеэр улам тодорхой болов. Хилийн шалган нэвтрүүлэлтийн хүнд суртал хэрээс хэтэрч байгаа тухай австраличууд гомдоллож, заавал хятадуудыг харж хүлээх шаардлагагүй хэмээж байхад Хятадын тал “Бид Австралийн нүүрсээр дутахгүй” гэх утгатай үгсийг чуулганы үеэр унагацгаажээ. Энэ сиймхийг ОХУ-ын төрийн өмчит компаниудаас түрүүлээд хувийн хэвшил нь ашиглаж, илүү эрч хүчтэйгээр Хятад руу уралдаж эхэлсэн байна.

“Колмар” компани 4.6 сая тонн нүүрс Хятадын зах зээлд борлуулжээ. Ирэх жилүүдэд 12-24 сая тонныг олборлож, экспортолно гэсэн төлөвлөгөөтэй. Тус компани нь дэд бүтцэд хөрөнгө оруулж, далайгаар тээвэрлэхэд зориулан өөрийн терминалыг барьж буй аж. Мөн ОХУ-ын Засгийн газар, Тувагийн ордуудыг яг энэ зах зээлд зориулан ашиглахаар төлөвлөж байгаа. Энэ тухай “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Энэ улс олон эх үүсвэрээс түүхий эд авах сонирхолд нь Оросын нийлүүлэлт нийцэж байгаа. Далайгаар тээвэрлэж байгаа учраас эхний ээлжинд тэд Австралитай илүү өрсөлдөх нь. Тиймээс эхлээд Австрали, дараа нь Монголын экспортын хэмжээнээс хуваалцсанаар Хятадын коксжих нүүрсний зах зээл гурван гол нийлүүлэгчтэй болох нь гэсэн зураг харагдаж байна.” гэсэн юм.

БНХАУ өнгөрсөн онд 502 сая тонн коксжих нүүрс хэрэглэжээ. Үүнээс 64 сая тонныг импортоор хангасан бөгөөд нийт импортын 43 хувийг Австрали, 42 хувийг Монгол, үлдсэнийг нь бусад орноос импортолжээ. Харин Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь коксжих нүүрс байна гэж үзвэл Хятадын нийт импортын ойролцоогоор ⅔-ыг дангаараа хангана гэсэн үг. Нэгдүгээр улирлын байдлаар нүүрсний экспорт 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болсон. Энэ эрчээ хадгалвал зорилтод хүрэх боломжтой харагдаж буй. Гэвч Хятад улс аливаа төрлийн түүхий эдийн импортыг хэзээ ч нэг улсаас ийм өндөр хамааралтай байлгадаггүй тул энэ нь боломжгүй хэмээн Ж.Золжаргал байр сууриа илэрхийлсэн юм.

Нөгөөтэйгүүр, дээрх мэдээллээс үзэхэд Монгол Улс 2018 онд 27 сая тонн орчим коксжих нүүрс, 10 орчим сая тонн нь эрчим хүчний нүүрс экспортолсон болж таарч байна. 2019 оны төсвийг төлөвлөхдөө коксжих нүүрсний ханшийг нэлээд өөдрөгөөр төсөөлсөн хэмээн эдийн засагчид шүүмжилдэг. Хэдийгээр коксжих нүүрсний ханш энэ жил өсөлттэй байх таамаг их байгаа ч нүүрсний нийт экспорт дахь эрчим хүчний нүүрсний хувь хэмжээ ихсэх тусам төсвийн орлого үл биелэх эрсдэл харагдаж байна.

Юутай ч энэ жил өмнө нь таамаглаж байсантай харьцуулахад коксжих нүүрсний зах зээл харьцангуй өөдрөг байна. Мэдээж Хятад-Австралийн үл ойлголцол нь төлөвлөж байгаагүй хүчин зүйл бөгөөд Монголын коксжих нүүрсний салбарыг “харж үзсэн” жил болж байна. Магадгүй, Австралийн нүүрс хил дээр саатаж, Оросынх хараахан зах зээлээ эзэлж амжаагүй, үнэ таатай байгаагаараа 2019 он Монголын нүүрсэнд хамгийн их боломж олгосон жил байж мэдэх юм. Энэ боломжийг тултал ашиглаж, төлөвлөсөн 42 саян тонн нүүрсийг экспортлохыг, цаашдаа зах зээлээ баттай эзлэхийг хүсэж байгаа бол Засгийн газар төмөр замуудаа яаралтай барихаас эхлээд хийх ёстой ажлуудаа яаравчлах хэрэгтэй болж байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine