Компани

“Степпе гоулд” АТО алтны ордын нөөцийг хоёр дахин ихэсгэв

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Степпе гоулд лимитед” ХК өөрийн 100 хувь эзэмшдэг Алтан цагаан овоо алтны ордод хөндлөнгийн мэргэшсэн геологийн гүйцэтгэсэн шинэчилсэн нөөцийн тооцоо хийж дуусжээ. Энэхүү нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд нарийвчилсан ТЭЗҮ (BFS)-ийг шинэчлэн боловсруулна. 

Ингэснээр ордын алтны боломжит нөөц нь өмнөх тооцоолол болох 1.22 сая унцаас хоёр дахин өсөж 2.45 сая унц хүрч буй аж. Тус компанийн мэдээлснээр исэлдсэн хүдэр дэх алтны захын агуулга 0.15г/т, анхдагч хүдэрт 0,4 г/т захын агуулгаар баттай болон бодит геологийн нөөцийг 2.24 сая унцаар тооцжээ. 

Нөөц өссөн шалтгаан нь мөнгө илрэлийн урьдчилсан нөөцийг нэгтгэж оруулснаас гадна нэмэлт өрөмдлөгийн ажлаар Алтан Цагаан Овоо ордын Хоолой- 4 хүдрийн биетийн талбай нэмэгдсэнтэй холбоотой гэжээ.

Мөн геологийн нөөц тооцсон алтны дундаж агуулга 1.67 г/т болж өссөнөөр олборлолтын үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа Алтан Цагаан Овоо ордын “Хоолой-4” талбайд баттай болон бодит зэргээр 15.68 сая тонн хүдэрт 1.62 г/т дундаж агуулга бүхий 819 мянган унц алтны геологийн нөөцтэй хэмээн тооцоолсон байна.

Тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал Т.Батаа “Манай 100 хувь эзэмшилд байдаг Алтан Цагаан Овоо төслийн нөөцийн шинэчилсэн тооцоог тайлагнаж байгаадаа бид баяртай байна. 2018 оноос хойш гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын үр дүнгээр бидний анхны тооцоолсон төслийн нөөц бололцоо болон хэтийн төлвийг бататгаж өглөө” гэжээ. 
 Алтан Цагаан-Овоо төсөл нь 2020 оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine