Үйл явдал

Ипотекийн зээлд энэ онд 700 тэрбум төгрөг зарцуулна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийллээ. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй төв банк тус хөтөлбөрийг дэмжиж оролцох бөгөөд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог цаашид сайжруулахад гол анхаарлаа хандуулах аж. 

Ажлын байрыг хадгалах, эдийн засгийн уналтыг зогсоох 10 их наяд хөтөлбөр нь зургаан хэсгээс бүрдэж буй. Тухайлбал, ипотекийн зээлийн санхүүжилтэд гурван их наяд, репо санхүүжилтэд хоёр их наяд, стратегийн томоохон төслүүдийг дэмжихэд хоёр их наяд, ажлын байр хадгалахад зориулж хоёр их наяд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэмжих зээлд 500 тэрбум төгрөг, залуус, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлд мөн адил 500 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар байна.

Төв банк урт хугацаат репо арилжаа зохион байгуулж, 230 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкуудад олгожээ. 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрсэн. Харин төлбөрийн тэнцэл 780 сая ам.долларын ашигтай гарчээ.

Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь төгрөгийн ханш тогтвортой байх, валютын нөөц нэмэгдэх нааштай нөхцөл юм. Энэ онд төлбөрийн тэнцэл 500-600 сая ам.долларын ашигтай байх төсөөллийг төв банкны зүгээс мэдээллээ. 

Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгааг төв банкны ерөнхийлөгч онцоллоо. Энэ онд санхүүжилт нь 700 тэрбум төгрөг болж өсөхөөр байна. Ипотекийн нийт зээлийн хэмжээ оны эхний сард 4.9 их наяд төгрөг болж, зээлдэгчийн тоо 100 мянгыг давжээ. Үүний 3.7 их наяд нь хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл байна.

Манай улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний сард 181 сая ам.долларын ашигтай гарсан нь төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

 

 

                    



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine