Түүхий эд - Зэс

Зах зээлийн сэргэлтээс хиймэл оюун ухааны бизнес их ашиг хүртэнэ

Дижитал шилжилтэд уул уурхай компаниуд бэлэн үү гэдэг асуултад салбарынхан саяхныг болтол нэгдсэн байр суурьтай байж чадаагүй. Ихэнх нь аваргууд ямар алхам хийхийг харж, юу юугүй автоматажсан машинаар сольё гэж яарахгүй байв. Том тоглогчдын дотроос “Рио Тинто” дижитал шилжилтийг нээлттэй хүлээн авч, дэлхий даяарх уурхайнуудынхаа бизнес загварыг өөрчилж байгаагаа мэдэгдэж ирсэн. Гэвч түүнээс гадна том тоглогчид хэдийнэ дижитал шилжилтийн нэг хэсэг болчихоод байна. Зэсийн ханш тогтвортой байгаа энэ үед олон жилийн настай томоохон уурхайнууд хиймэл оюун ухаан ашиглаж, зардлаа бууруулах талаар идэвхитэй ажиллах болов.

Энэ зуурт дэлхийд үйлдвэрлэгдэж буй зэсийн тэн хагасыг хэрэглэдэг Хятад улсын импорт өсөлт үзүүлж байна. Гуравдугаар сард таваарын ханш тийм ч сайнгүй байгаа ч Хятадын цэвэршүүлсэн зэсийн импорт дахин сэргэхийн зэрэгцээ баяжмалын тээвэрлэлт нэмэгдсээр байв. Гуравдугаар сарын зэсийн баяжмалын импорт нь жилийн өмнөхөөс 26.5 хувь өсжээ. Энэ хэвээр идэвхтэй импортолбол энэ онд 22 сая тонн хүрч өнгөрсөн оны 19.7 сая тонны амжилтыг эвдэхээр байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д шинээр баригдсан хайлуулах болон боловсруулах үйлдвэрүүд нь зэсийн баяжмалын эрэлт, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын боловсруулах үйлдвэрүүд хүдрийн дутагдалд орсон хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

Зэсийн аварга маань Мэдээллийн технологи хариуцсан Дэд ерөнхийлөгчийг томилж дижитал шилжилтийн сорилттой нүүр тулахаар болсон юм

Гэтэл зэс үйлдвэрлэлийн хамгийн том тоглогч, Чилийн төрийн өмчит компани “Коделко” нь зардлын өсөлтөд ихээхэн ашгаа алдаад байна. Тус компанийн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд бага зэрэг буурсан. Олон жил ашигласан ордуудын хүдрийн агууламж буурч, зардал нь өсөж байгаа юм. Гүйцэтгэх захирал Nelson Pizarro хэлэхдээ тус компани өнгөрсөн жил 1.678 сая тонн зэс үйдвэрлэсэн нь өмнөх жилийн 1.806 сая тоннын үйлдвэрлэлээс 3.3 хувь буурсныг илтгэж байна.

Дэлхийн хамгийн том зэс олборлогч нь 2018 онд татварын өмнөх ашиг нь хоёр тэрбум ам.доллар байна. Өмнөх жил энэ дүн 2.9 тэрбум ам.доллар байсан. Энэ нь олборлолтын зардал 2017 оныхоос хоёр хувиар өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Татварын өмнөх ашиг нь 44.3 хувиар буурснаар “Коделко”-гийн нийт хөрөнгө 400 сая орчим ам.доллараар багасжээ.

Энэ нөхцөл байдлыг засаж залруулах гарц нь хиймэл оюун ухаан гэж тэд харжээ. Тус компани уурхайнууддаа ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүдийн ажлын бэлэн байдалд хяналт тавих, олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ашиглах тохиролцоог энэ гуравдугаар сард хийсэн юм. Төрийн өмчит компанийн хувьд зуун жилийн настай уурхайнуудаа идэвхжүүлэх зорилгоор сүүлийн үеийн шинэлэг технологиудыг нэвтрүүлэхийг зорьж байгаа нь энэ.

Ирэх 10 жилд “Коделко” өөрсдийн тээврийн хөлөг онгоцуудын ажиллагааг болон боловсруулах үйлдвэрлэлээ автоматжуулахын тулд үр ашгийг нэмэгдүүлэхэд ашиглагдах шаардлагатай бүх өгөгдлийг цуглуулахаар төлөвлөж буй аж. Энэ чиглэлээр Uptake компанитай хамтран ажиллах болсоноо саяхан зарлав.

“Хиймэл оюун ухаан хэрэглэснээр “Коделко” нь өөрийн олборлолтын өгөгдлөө хамгийн зөвөөр ашиглаж, бүтээмжийг эрс өсгөх зорилгодоо хүрэх боломжтой болно. Uptake компанийн “Хөрөнгийн ашиглалтын удирдлагын програм”-ын урьдчилан таамаглах чадвар нь машин техникийн аюулгүй ашиглалтыг уртасгаж, зардлыг багасгасна.” хэмээн тус компанийн Андина уурхайн ерөнхий менежер Jaime Rivera онцолж байна.

Харин Uptake-ийн үйлдвэрлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч “Өөрсдийн олборлолт төдийгүй үйлдвэрлэлээ хурдасгахын тулд ирээдүйг харсан алхам хийж байгаа “Коделко”-той хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна” хэмээв. Гэрээний хүрээнд Калама дахь Ministro Hales уурхайн олборлох болон боловсруулах төхөөрөмжүүд багтаж байгаа юм. Тус компани нь “Коделко”-гийн ашиглаж буй бүх уурхайд “Хөрөнгийн ашиглалтын удирдлага” нэвтрүүлэх, тэдгээрийн ашиглаж буй бутлах, нунтаглах тээрэм, хөрс хуулах, шахуурга, ачааны машин гээд бүх төрлийн машиныг цогц удирдлагатай болгох зорилготой юм.

Энэ нь “Коделко”-гийн үйл ажиллагаагаа шинэчлэх олон алхмуудын ердөө нэг нь юм. Энэ сарын эхээр зэсийн аварга маань Мэдээллийн технологи хариуцсан Дэд ерөнхийлөгчийг томилж Дижитал шилжилтийн сорилттой нүүр тулахаар болсон юм.

Дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 10 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг “Коделко” нь Чүкүйкамата уурхайдаа тэрбум доллараар тоологдох хөрөнгө оруулж байна. Энэ нь ил уурхайгаас далд уурхай руу шилжиж буй хоёр дахь том уурхайд тооцогдоно. Төсөл 76 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд 10 жилийн турш хийгдэх 39 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гол цөм нь юм. Ингэснээр хүдрийн агууламжийн бууралтын эсрэг гарцаа тогтвортой байлгана гэж уурхайчид үзэж байгаа.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine