Түүхий эд - Төмрийн хүдэр

Давагдашгүй хүчин зүйлс төмрийн хүдрийн ханшийг таатай болгов

Баруун Австралийн орчимд тохиосон Вероника шуурганы улмаас “Рио Тинто” 2019 оны ажлын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон. Шуурганаас хохирол амссанаас олборлолт түр зогссон тул Пилбара боомт дахь хөлөг онгоцуудад төмрийн хүдрийн ачилт түр саатахад хүрсэн юм. Тус улсын хэвлэлүүдэд шуургыг сүүлийн 10 жилд тохиогүй хүчтэй байгаль цаг уурын үзэгдэл хэмээн бичиж байв. Ингэснээр төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд хоёрдугаарт ордог тус компанийн Пилбарагаас нийлүүлдэг төмрийн хүдрийн экспортын хэмжээ өмнө төлөвлөж байсан 338-350 сая тонноос буурахаар байна.

Өнгөрсөн онд “Рио Тинто” энэ бүс нутгаас 338.2 сая тонн төмрийн хүдэр далайгаар тээвэрлэсэн юм. Шуурганы учруулсан хохирол нь боомтод өнгөрсөн нэгдүгээр сард гарсан гал түймрийн осолтой хавсран энэ онд төмрийн хүдрийн нийлүүлэлтийг 14 саян тонноор бууруулахаар байна гэж компани албан ёсны вебсайтаараа мэдэгдсэн.

“Рио Тинто” нь нэгдүгээр сард Австралийн Кэйп Ламберт-ийн экспортын терминал дээр гал түймрийн улмаас зарим хэрэглэгчдэд “давагдашгүй хүчин зүйл” тулгарч нийлүүлэлтэд тасалдал бий болж буйг мэдэгдсэн юм. Кэйп Ламберт А нь 85 сая тонн илүү бүтээгдэхүүн ачих хүчин чадалтай төмрийн хүдэр ачих терминал юм. 2018 онд “Рио Тинто” тус боомтоос хоёр том ордын (Hamersley Iron Yandicoogina болон Robe River) тус бүр 57.4 сая болон 32 сая тонн төмрийн хүдэр олборлож, далайгаар тээвэрлэжээ.

35%
Төмрийн хүдрийн зах зээлд агуулга багатай хүдрийн үнэ илүү өсөлттэй байна.

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Жан Себьястиан Жак “Энэ оны эхээр манай төмрийн хүдрийн бизнес хэд хэдэн хүнд даваатай, ялангуяа далайн шуургатай нүүр туллаа. Үр дүнд нь 2019 онд Пилбарагаас тээвэрлэх бүтээгдэхүүний таамгийг 333-343 сая тонн болгон бууруулж (өмнөх таамаг 338-350 сая тонн байв), далайн шуурга болон бусад бэрхшээлээс үүдэлтэй хохирлын хэмжээг тооцох ажил үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Төмрийн хүдрийн нийлүүлэлтээр гуравдугаарт ордог “Вале”-гийн Бразилийн Брумажин дахь Фийжао уурхайн хаягдлын далан задарч осол гарсны дараагаар төмрийн хүдрийн спот үнэ 75 ам.доллараас долоо хоногийн дотор 95 ам.доллар хүрч өссөн. Сүүлийн үед ханш 85 ам.доллар орчимд тогтвортой байсан боловч Вероника хуй салхины улмаас Австралийн экспорт буурсан тул Бразилиас эхтэй нийлүүлэлтийн дутагдалд нэрмээс болж үнэ эргээд 95 ам.доллар хүрч өсөөд байна.

Үүнээс гадна, сайн чанарын хүдрийн болон чанар муу хүдрийн үнийн зөрүү Брумажины ослоос хойш буурч байна. Тухайлбал, агуулга өндөртэй хүдрийн үнэ оны эхнээс 23 хувиар өссөн байхад, агуулга багатай хүдрийнх 35 хувиар өсжээ.

Бразилийн далайн тээвэрт “Вале”-гийн эзлэх хэмжээ 90 хувиас буурч 50 хувь болсныг Macquarie группийн дэлхийн зах зээлийн судалгаанд дурдсан байна. “Эхэндээ нийлүүлэлтийн дутагдлыг хуримтлагдсан нөөцийн борлуулалтаар нөхөж байсан бол сүүлийн огцом бууралт нь нийлүүлэлтийн тасалдал ихэссэнийг харуулж байна.” гэжээ.

Энэ байдал нь Австралийн төмрийн хүдэр олборлогчдод ашигтай нөхцөл байдал юм. “Үнийн энэ түвшинд Австралийн төмрийн хүдрийн бүх олборлогч энэ жил нэгж хувьцаанд ногдох орлого нь нэлээд өсөхөөр байгааг олж харж байгаа” хэмээн Macquarie группийн тайланд өгүүлжээ. Онцолбол, Fortescue Metals Group болон Mt. Gibson Iron нарын энэ хуанлийн жилийн спот таамаглал нэгж хувьцаанд ногдох орлого тус бүр 60 болон 120 хувь өссөн бол “Би Эйч Пи”, “Рио Тинто”, “Минерал Ресурс” нарын хувьд тус бүр 30 хувиар өсөөд байна.

Цаашид төмрийн хүдрийн ханш үргэлжлэн өсөх хүлээлттэй байна. Учир нь нийлүүлэлт талаас ихээхэн дутагдал бий болохоор байна. “Рио Тинто” таамгаа бууруулсны дараагаар төмрийн хүдрийн экспортоор дэлхийд тэргүүлдэг Fortescue Metals, “Би Эйч Пи” нар жилийн нийлүүлэлтийн таамгаа бага хэмжээгээр буурууллаа. Fortescue Metals-ын хувьд зургадугаар сард жилийн экспортоо 173 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байсан бол шинэ таамгаар 165-170 тонн болгон бууруулсан байна. Үүнд мөн далайн шуурга нөлөөлсөн болохыг тайлбарлажээ. Тэгвэл “Би Эйч Пи” энэ оны таамгаа бууруулж, 265-270 сая тонныг олборлоно гэжээ. Энэ нь өмнөх таамгийг 10 гаруй сая тонноор бууруулсан дүн юм.

Эдгээрээс гадна эрэлт сэргэж байгаа нь үнийн өсөлт үргэлжлэх бас нэгэн хүчин зүйл болж байна. “Хятадад ган боловсруулах үйлдвэрүүдийн ашиг нэмэгдэж байгаа нь төмрийн хүдрийн ханш 100 ам.доллар орчимд тогтвортой байх нөхцөл бүрдээд байна” хэмээн Австралийн Common Wealth Bank үзэж байгаа юм.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine