Түүхий эд

Зэсийн ханш бүх цаг үеийн дээд түвшинд ойртоод байна

Хөрөнгө оруулагчид “Ковид-19” цар тахлын улмаас нийлүүлэлт хумигдана гэсэн хүлээлтийн улмаас зэсийн ханш даваа гарагт гайхалтай өсөлт үзүүлж 2011 онд хүрсэн бүх цагийн үеийн дээд түвшинд тун ойртоод байна. 

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш зэсийн үнэ бараг хоёр дахин өсөөд байна. 

Зэсийн фьючерс (гуравдугаар сарын) ханш нэг хувиар өсөж Нью-Йоркийн цагаар 11:45 цагт тонн нь 9,073.13 ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн дүн юм. 

Засгийн газрууд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины салбарыг дэмжсэн урьд өмнө байгаагүй урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн, үүнд асар их хэмжээний зэс шаардагдах тул хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж буй юм. 

“Зэсийн үнэ өсөхөд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тоочиход хэтэрхий урт байна”гэж “Citigroup”-ийн шинжээч Макс Лэйтон цохон тэмдэглээд “Өсөлтийг дэмжих хамгийн том хүчин зүйлс ирэх саруудад гарч ирнэ. Тиймээс удахгүй 10 мянган ам.доллар хүрнэ гэж бодож байна” гэжээ. 

Сүүлийн үед зэсийн нийлүүлэлт бага байгаа нь Хятадын зэс хайлуулагчдын ашгийн түвшинг ихээхэн бууруулаад байна. Блумбергийн судалснаар, зэс хайлуулах ашиг тонн тутамд 45.5 ам.доллар байгаа нь 2012 оноос хойшхи хамгийн доод түвшин аж. 

Харин нөгөө талд үнийн огцом өсөлт нь уул уурхайн компаниуддын хувьцааны үнийг өсгөж, хувьцаа эзэмшигчдэд илүү их ашиг өгөх боломжийг нэмэгдүүлж байна. Сүүлийн нэг сард зарим топ хувьцаа хоёр оронтой тоогоор өсөөд байна.

Тухайлбал,  Хятадын топ олборлогч “Jiangxi Copper”-ийн Хонг Конгийн зах зээл дээрх хувьцаа 20 хувиар өссөн нь 2012 оноос хойш хамгийн дээд түвшинд  бол АНУ-ын олборлогч “Freeport-McMoRan”-ий хувьцаа өнгөрсөн долоо хоногт 2014 оноос хойшхи дээд түвшинд хүрч хаажээ. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine